"Говь руу ус татах ажлыг Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтааж чадсан"

"Говь руу ус татах ажлыг Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтааж чадсан"

"Говь руу ус татах ажлыг Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтааж чадсан"

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган завсарлаад удаагүй байна. Энэ чуулганы үр дүнг хүмүүс олон янзаар үнэлж дүгнэж байгаа. Таны хувьд энэ удаагийн чуулган ямар үр дүнтэй болж өндөрлөв?

-Гишүүд багагүй ачаалалтай ажиллаж, тэр хэрээрээ нэлээд ажил амжуулж, чухал чухал шийдвэрүүд, хуулийн төслүүдийг УИХ баталлаа.  Нийтдээ 81 өдөр чуулж, 32 удаагийн нэгдсэн хуралдаан, байнгын хороо, дэд хороо 150 гаруй удаа хуралдсан байна. Эндээс 52 хууль, УИХ-ын 57 тогтоол хэлэлцэн баталсан. Монгол Улсын парламент түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болж,  олон ургальч үзлийг дээдэлж, шийдлийг олон талаас нь харж ярилцаж, эрүүл мэтгэлцээнээр асуудлуудаа шийдэж байгаа нь сайшаалтай. Парламент үйл ажиллагааны үндсэн чиглэл, стратеги төлөвлөгөөгөө баталж, хүний эрх, эрх чөлөөг хууль тогтоох бодлогынхоо төвд байлгана гэдгээ зарлалаа.

Хамгийн гол үр дүн нь улс орны эдийн засгийн хөгжилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой шийдвэрүүдийг парламентаас цаг алдалгүй гаргалаа.

Засгийн газраа хамтран байгуулсаны үр дүн энэ л дээ. Нийгмийн хөгжлийн томоохон төслүүд дээр улс орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавих, улстөржилт, зөрчил тэмцлийг урьтал болгохгүй байх нь ард иргэдэд илүү өгөөжтэй, улс орны хөгжилд ч нэмэртэй.   Тухайлбал, Төмөр замын хил холболтын асуудал шийдэгдсэнээр экспортын орлого, ачаа болон зорчигч тээврийн нэвтрэх чадвар эрс нэмэгдэж эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн болон эрчим хүчний томоохон төслүүд, уран үйлдвэрлэлийн чиглэлээр ч түүхэн гэж хэлж болохуйц чухал шийдвэрүүд гаргалаа. Томоохон төсөл хөтөлбөрүүд улс орны хөгжилд, манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд ч ач холбогдлоо өгөх нь тодорхой.  Тэгэхээр намрын чуулганыг бүхэлд нь, том зургаар  авч үзвэл үр дүнтэй чуулган боллоо. Чуулганы хугацаанд 2025 оны Төсвийн хууль  батлахтай холбоотой асуудал их анхаарал татахуйц, дуулиантай байсан гэж хэлж болно.

-Төсөв батлахад та их тодорхой байр суурь илэрхийлж, үүрэгтэй ажиллах шиг болсон?

-2025 оны Төсвийн хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан нь парламентын түүхэнд анх удаа болсон процесс. Улсын төсвийн үргүй зардал их байгааг, зарим шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг танах шаардлагатай талаар гишүүд болон олон нийтийн зүгээс  санал бодлоо илэрхийлж, хүчтэй шүүмжилсэн.  Угтаа бол төсөв гэдэг ард түмний мөнгө. Хамгийн үр ашигтайгаар төлөвлөх, зарцуулах ёстой.  Ерөнхийлөгчийн хоригийн агуулга ч үүнд чиглэсэн.  Ингээд УИХ хориг хүлээж авснаар 36 их наяд орчим төгрөгийн төсвийг танаж, 33 орчим их наяд болгон, алдагдалгүй төсөв батлах шаардлага үүссэн л дээ.

Төсөв хэлэлцэгдэх явцад зарим оновчгүй зардлууд дээр миний хувьд шүүмжлэлтэй хандаж, байр сууриа илэрхийлж байсан. Засгийн газрын зарим гишүүд төсөв дээр жаахан мэдрэмжтэй хандаад, онцын шаардлагагүй зарим нэг хөрөнгө оруулалтаа буцаагаад татчихсан бол асуудал тэгж томрохгүй.

Ингээд УИХ-ын гишүүн  Г.Тэмүүлэнгээр ахлуулсан 26 гишүүнтэй Ажлын хэсэг богино хугацаанд төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөрүүдийг хянах, нягтлах чиг үүрэгтэй хэд хэдэн дэд хэсэгт хуваагдаж ажилласан.  Миний хувьд урсгал зардлыг хянах дэд хэсэгт орж ажиллалаа. Төсөв хэмнэнэ, танана гэхээр шинээр хийгдэх хөрөнгө оруулалтаа хасахаас өөр аргагүй л болох юм билээ. Уг нь манай говийн бүсийн автозамын салбарт хөрөнгө оруулалт хийгдэхээр батлагдсан байсан. Говьсүмбэрээс Мандалговь хүртэл шинээр 50 км автозам, Даланзадгадаас Гурвантэс рүү 80 км зам хийхээр байсан ч харамсалтай нь хасагдсан. Энэ автозамын төслүүд дараа дараагийн төсөвт орж, хийх л ёстой чухал ажил. Говийн бүсээс сонгогдсон гишүүд энэ тал дээр нэгдмэл байр суурьтай байгаа. Төсөв батлагдах явц ихээхэн ээдрээтэй, дээр нь олон тооны төсөл арга хэмжээнүүд аргагүйн эрхэнд хасагдах нөхцөл байдалтай байгааг нь мэдсээр байж улайран зүтгээд байх аргагүй юм билээ.

-Та өмнө нь Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж асуудлыг нэг аймгийн хэмжээнд шийдэж байсан. Харин одоо парламентын бүрэлдэхүүнд багтаж, бодлого тодорхойлж байна. Хэр их ялгаа мэдрэгдэж байна вэ?          

– Ялгаа байна аа. Аймгийн Засаг даргад орон нутгийнхаа аливаа асуудалд оролцохгүй зүйл гэж бараг байдаггүй. Олон салбарын асуудалд оролцож шийдэлцэх шаардлага үүснэ. Аж ахуйн шинжтэй асуудлууд ч их гарна. Салхи шуурга, зуд турхан,  шагнал урамшуулал, хөрөнгө мөнгө, эдийн засгийн асуудлууд ч гарна. Дээр нь  хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг гээд ер нь иргэдтэйгээ тулж ажиллах, тэднийгээ ойлгох, мэдрэх шаардлага гардаг. Аль болох л бүхий л шаардлагатай газар хүрч ажиллахыг зорьдог гэсэн үг. Энэ нь ч утгаараа маш олон талын мэдлэг туршлага хуримтлуулдаг сайхан ажил. Сэтгэлээ шингээж, ухаан бодлоо чилээж, багийнхаа нөхдийн хамтаар зүтгэсэн он жилүүд байсан.

Харин ард олны итгэл хүлээн парламентын гишүүнээр сонгогдоод бодлогын түвшинд асуудалд хандах цаг үе ирсэн байна. Илүү их унших, судлах шаардлагатай. Улс орны бодлогын томоохон асуудлуудад оролцож, асуудлыг илүү том зургаар нь харах шаардлага тулгарч байна.

Ард олны захиас, итгэл, хүлээлтийг ч мэдэрч, нээлттэй санал солилцох ч бас шийдвэр гаргалтад их чухал байдаг. Бүгдийг нэг талаас нь харахгүйгээр, уян хатан байж, олон хувилбараас хамгийн оновчтойг нь сонгоход судалгаа хэрэгтэй. Зарим талаар илүү хүлээцтэй, тэвчээртэй байх шаардлага ч гарч байгаа.

-Та парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа гишүүдийн нэг.  Ер нь та бүхэн сөрөг хүчний дуу хоолойг хэр хүргэж ажиллаж байна вэ?

– Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван намын төлөөлөл багтан ажиллаж байгаагийн ач холбогдол, үр дүн эхнээсээ гарч байна.  Удаан хугацаанд гацсан, улс төрийн байнгын сэдэв болдог байсан төслүүд хөдөлж, гараанаас гарлаа. Улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд бодитой нөлөөлнө гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр ч утгаараа дэмжиж байна.  МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлсэн бол нэг ч төсөл урагшилж чадахгүй байхыг үгүйсгэхгүй.  Улстөржилт хэтэрвэл урагшлахад саадтай.

Одоо шүүмжилж, үгүйсгэх шиг амархан юм алга байна шүү дээ. Ийм хандлага ч их байгаа хаа сайгүй.   Хамтарсан Засаг байгуулагдсанаар сөрөг хүчний дуу хоолой бүдгэрдэг тал байна. Гэхдээ огт сөрөг хүчингүй боллоо, сөрөг хүчний үүргээ цөөнх гүйцэтгэхгүй байна гэдэгтэй санал нийлэхгүй.

Тодорхой асуудлаар гишүүд зарчмын байр сууриа илэрхийлж, шүүмжлэхдээ шүүмжилж л байна. Ямар нэгэн  асуудал дэвшүүлсэн, эсрэг санал илэрхийлсэн гишүүдийн амыг барих, дуугүй байлгах сонирхол, хандлага эрх баригчдад, эрх мэдэлтнүүдэд байна. Үүнийгээ  ч олон янзын хэлбэрээр гүйцэтгэж, гүйцэлдүүлж байх шиг. Хүний хувийн нууц руу  халдаж байна.  Цахим орчинд олон нийтийн сүлжээгээр харлуулж, гутааж, доромжилж, хэн нэгнээр сүрдүүлж байх шиг. Олон л юм болж байна. Энэ бол маш буруу. Эрүүл, ажил хэрэгч шүүмжлэлд мэдрэг хандаж, хүлээн авч, алдаа байвал засаж сайжруулаад явах хэрэгтэй. Үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амин сүнс гэж болно. Иргэдийн мэдэх эрхэд халтай бодлого үйл ажиллагаа эрх зүйт нийгэмд байх ёсгүй. Би хүний эрх эрх чөлөөг баталгаатай хангасан, хувийн өмчийг дээдэлсэн, бизнесийн эрүүл орчныг хангасан нийгмийн төлөө байдаг. Үүний төлөө байр сууриа илэрхийлж, дуу хоолойгоо хүргэсээр байх болно.

-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан захирамж гаргаж, 50 гаруй ажлын хэсэг байгуулсан. Та ямар ажлын хэсэгт багтаж, ямар асуудалд голлон анхаарч байна вэ?

-УИХ-ын даргын захирамжаар 50 гаруй чиглэлээр хууль тогтоомжийг шинэчлэх, боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Би Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх, Хууль тогтоомжийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх процессийг дахин инженерчлэх зэрэг хуулийг шинэчлэх сайжруулахтай холбоотой гээд нийт таван ажлын хэсэгт орсон. Аймгийн удирдлагаар ажиллаж байсан туршлага минь маш их хэрэг болж байна.

Анхан дунд шатанд тулгардаг асуудлуудыг яаж шийдэх, орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа иргэд маань юу хүсдэг талаар нэлээд ойлголттой байдгийн хувьд дээрх хуулиудын төслүүдэд санаа оноогоо тусгаж байгаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүнийхээ хувьд энэ чиглэлийн хууль тогтоомжууд дээр илүүтэй төвлөрөх шаардлагууд гарч байна. Ялангуяа хөдөөгийн хөгжил, байгаль орчинд чиглэсэн бодлого асуудлууд дээр илүү төвлөрч байна.  Энэ чиглэлийн хууль эрхзүйн шинэчлэлүүд ч хийгдэнэ. Ер нь аль ч хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах зэрэгт олон талын хэлэлцүүлэг, судалгаа их хэрэгтэй. Бүх талуудын эрх ашгийг тал бүрээс нь харгалзан үзэж, хууль батлагдан гарснаар ямар үр нөлөө авчрахыг урьдчилан тооцож, судалж байж батлан гаргах ёстой.  Парламент дэргэдээ Судалгаа хөгжлийн хүрээлэнтэй болсон нь хууль чанартай, үр нөлөөтэй, хүний эрхийг хангасан байх шалгуур талаасаа тун сайн гэж үзэж байгаа.

-Парламент богино хугацаанд ч гэлээ улс орны хөгжлийн гацааг арилгах хэд хэдэн хуулийг баталж чадсан гэж та хэлсэн. Төсвийн хуулиас гадна Цөмийн энергийн тухай хууль, Уран ашиглахтай холбоотой хууль эрх зүйн орчин, хил холболтын асуудал гээд… Цаашид хуулийн хэрэгжилт дээр хэрхэн анхаарах вэ. Хэрэгжилт үр дүн маш чухал гэж хардаг, олон нийт ч баталсан хуулиудаас үр дүнг хүлээдэг шүү дээ?      

-Тийм ээ. Монголын хууль гурав хоног гэдэг үг байдаг. Зүгээр нэг гарчихаагүй л үг байх. Үндсэн хуулиараа хууль хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар хүлээдэг.  Харин хяналтын механизм нь баталсан субъектдээ буюу УИХ-д хадгалагддаг.  Парламент хууль тогтоох чиг үүргийн хамт хяналтын механизмаа сайн ажиллуулах хэрэгтэй. Сонсгол зохион байгуулах зэрэг нь хяналт хэрэгжүүлж байгаа хэлбэр ч сүүлдээ үр дүнгүй болоод байна уу гэж харагдах боллоо. Аливаа хуулийн хэрэгжилт эрх тэгш биш байна, ялгаатай үйлчлээд байна гэсэн шүүмжлэл бий.  Ер нь цаашид хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарах ёстой. Нэгэнт л төрөөс цалин аваад ажлыг нь хийж байгаа л бол чин шударгаар ажиллаж ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай бөгөөд чанартай хүргэх ёстой.

Төрийн албаны зарим хууль тогтоомж орон нутагт өөрөөр үйлчилдэг тал бий шүү. Тэр нь ихэвчлэн улс төрийн шинж чанартай. Хуулийн хэрэгжилтийг доголдол, чанаргүй хүний нөөц улстөржилттэй шууд холбогдоод байдаг. Ялангуяа МАН-ынхан бүх дээд шатандаа найман  жил дараалан засаглалаа шүү дээ.

Өөрсдийн хүмүүсээ байршуулж аваад л 2019 онд Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулаад хуулиар хамгаалчилсан. Тэдэн дунд ажил хийж чаддаг ч хүмүүс байна чадахгүй нь ч бас байна. Манай намын хүн, манай намыг дэмжигч, тэр даргын хүн гэх мэтчилэн сөрөг дархлаа тогтоож,  алдаа дутагдлыг нь хаацайлах, хамгаалах зэрэг асуудал гарч л байсан. “Энэ хүнээ солиод өгөөч ээ” гэхээр улстөржөөд, хамгаалаад үлдээдэг. Үүнээс болж төр, иргэдийн ашиг сонирхол хохирдог. Гэхдээ ард түмэн чинь нүдтэй чихтэй. Хэсэг хугацааны дараа ус тосоороо ялгараад ирдэг. Үнэн юм хэзээд үнэн л байдаг нь сайхан юм даа.

-Парламент ирэх жилүүдэд чиглэл болгон ажиллах стратеги төлөвлөгөөгөө баталсан. Ингэхдээ хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй шийдвэр гаргалт дээр анхаарна гэжээ. Ер нь хүний эрхийн асуудал манай улсад ямар түвшинд байна вэ. Энэ асуудал онцгойлон анхаарах шаардлагатай гэж үзсэн шалтгаан нөхцөл нь юу байна гэж Та анзаарсан бэ?

-Парламентын шийдвэр гаргахдаа хүний эрх хангагдсан эсэх, зөрчихгүй байх баталгаа байгаа эсэхийг хамгийн түрүүнд авч үзэх бодлоготой байна гэдэг сайн хэрэг. Тунхаг төдий зүйл битгий байгаасай. Бодит ажил хэрэг болоосой гэж бодож байна. Хүний эрхийн зөрчил манай улсад арилахгүй байна. Тэр дундаа итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах гээд олон эрхийн зөрчлүүд өдөр тутамд яригдсаар, даамжирсаар л байна.

Хүн хөгжсөнөөр, хүний эрх хангагдсанаар нийгмийн хөгжил баталгаажна. Улс орныг хэр ардчилсан бэ гэдэг хэмжүүр нь хүний эрх хэр баталгаатай хангагдсан бэ гэдгээр тодорхойлогддог шүү дээ.

-Гишүүдийн ёс зүйн асуудал дээр онцгой анхаарч ажиллана гэдгээ зарласан. Нэн тэргүүнд парламентын гишүүдийн ирцийг нээлттэй мэдээлдэг боллоо. Ер нь гишүүдэд ёс зүйн манлайллыг хэрхэн үзүүлж, үлгэрлэж ажиллах вэ?

-Парламентын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн ман­лай­лал их чухал. Гишүүдийн ирцийг олон нийтэд нээлттэй мэдээлдэг болсон. Гол нь ард түмний элчийн хувьд төлөөлөх чиг үүргийнхээ хүрээнд хууль тогтооход оролцох, байр суурь илэрхийлэх нь гишүүдийн гол үүрэг. Би зайлшгүй томилолттойгоос бусад цагт чуулгандаа тасралтгүй оролцож байгаа.

– Сүүлийн үед парламентыг Засгийн газрын даалгавар биелүүлдэг газар, тасаг шиг болчихлоо гэдэг шүүмжлэлийг сөрөг хүчний зарим гишүүн илэрхийлж байна. Та энэ асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юу. Ер нь парламентын эрх мэдлийн хэм хэмжээг ямар түвшинд байна гэж та дүгнэдэг вэ?

-Намрын чуулганаар томоохон төсөл хөтөлбөрүүдтэй холбоотойгоор баталсан хууль, тогтоолуудтай холбоотойгоор тэгж яригдаж байгаа бол би яавч санал нийлэхгүй. Улс орны нийтлэг эрх ашиг, эдийн засгийн өсөлт хөгжил, ард түмний амжиргаатай холбоотой чухал асуудлууд дээр улстөржилтөө урдаа тавихгүй байх ёстой. Засгийн газартаа хяналтаа тавьж, зөвийг нь дэмжиж, бурууг нь залруулж, чиглүүлэх үүрэгтэй байгууллага бол парламент. Улсын Их хурал Үндсэн хуулиар ямар чиг үүрэг хүлээсэн, тэр л ажлаа өөрийн эрх хэмжээ, бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж яваа гэж үзэж байгаа шүү.

-Та Говийн бүсээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мэдээж тойргийн ард иргэддээ амласан амлалт олон бий байх. Хагас жилийн хугацаанд ямар зүйл амжуулж, цаашид ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

– Би ард олноос сонгогдсоны хувьд нэг аймгийн асуудал ярих биш говийн бүсийн дөрвөн аймгийн иргэдийн эрх ашгийн төлөө, говьчуудынхаа төлөө дуугарах, ажиллах, цаашлаад улсын нийтлэг эрх ашгийн төлөө үүрэг хүлээсэн хүн. Манай говийн бүсэд олон асуудлууд, тэр дундаа мөрийн хөтөлбөрт тусгагдсан чухал асуудлууд бий.

Хамгийн том асуудал бол говийн бүс нутаг руу гадаргын усыг чиглүүлэх, 20 гаруй жил яригдсан, зайлшгүй шийдэх амин чухал  асуудал байна. Зүүн талаараа Хэрлэн-Тоонот төсөл, баруун талаараа Орхон-Онги төсөл хэрэгжинэ. Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв хийгдсэн, зарим хэсгийг нь шинэчилж байна.

Ер нь говийн бүсээс сонгогдсон гишүүд усны асуудлаар нэгдмэл байр суурьтай байгаа. Тийм ч учраас Засгийн газраас нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай 14 мега төсөлд оруулсан байгаа. Гэхдээ энэ төслийг хөдөлгөхийн тулд хоёр хөрштэйгөө маш сайн ойлголцох шаардлагатай юм билээ. Геополитикийн асуудал давхар яригддаг, адармаатай төсөл гэдгийг ойлгоод байгаа. Гадагшаа урсаад гарч байгаа гол мөрнүүдийн тэр их усыг хэрэгцээтэй газар руугаа татаж ашигласнаар маш олон талын ач холбогдолтой. Уул уурхайдаа ашиглана, байгаль орчиндоо болон хөдөө аж ахуйн салбартаа хэрэглэнэ. Олон улс орнууд гол мөрний урсацаа өөрчилж эдгээр салбарууддаа ашиглан хөгжиж байгаа олон жишээ байгаа.

-Говийн чиглэлийн автозамыг маш их эвдрэлтэй байгааг иргэд шүүмжилдэг шүү дээ.  Энэ асуудалд анхаарч байгаа юу?

-Автозамын дэд бүтцийг бий болгохтой холбоотойгоор Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн автозамын их засвар, шинэчлэлийг дөрвөн жилд бүрэн хийж дуусгах, цаашлаад хоёр урсгалтай дөрвөн эгнээ замтай болохоор зорин ажиллаж байна. Мөн Говьсүмбэр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хөндлөн тэнхлэгийн автозамыг барьж дуусгах ажил байгаа. Баруун талдаа Даланзадгадаас Мандал-Овоо-Сайхан-Овоо-Хархорин чиглэлийн аялал жуулчлалын автозамын асуудлыг эхлүүлэх гээд автозамын салбарт хийгдэх ажлууд нэлээд байна.

Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханы хувьд ч энэ чиглэлийн ажлуудыг сайн ойлгож, дэмжиж байгаа нь бидэнд энэ ажлыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болох болов уу.  Дээр нь нэмээд хэлэхэд манай говьчуудын алдаж болохгүй нэг боломж бол бүс нутагтаа сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх явдал.

Эрчим хүчний хэрэгцээ өдөр бүр өсөн нэмэгдэж, хомсдол үүсэж байгаа энэ үед орчин үеийн дэвшилтэт технологи бүхий гадаад дотоодын компаниудын сонирхлыг татаж, хамтран ажилласнаар манай бүс нутаг нар, салхиа зарж мөнгө олох, бүс нутгийн эрчим хүчний хэрэгцээг хангах, цаашлаад гадаадад эрчим хүч экспортлох боломжтой л доо. Хамгийн чухал нь эдгээр том төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд мөн орон нутагтаа шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг татахын тулд УИХ-ын гишүүд болон орон нутгийн удирдлагуудын хоорондын ойлголцол, уялдаа холбоо, хамтын ажиллагаа маш чухал байдаг юм. Орон нутгийн удирдлагууд санаачлагагүй, гишүүдтэйгээ ойлголцож чадахгүй бол мянган гоё юм яриад ажил хэрэг болж чаддаггүй.

-Таны хувьд өнгөрсөн хугацаанд орон нутгийн удирдлагад байхдаа гишүүдтэйгээ хэр хамтран ажиллаж чадсан бол?

Өнгөрсөн дөрвөн жил аймгийн Засаг даргаар ажиллахдаа УИХ-ын гишүүдтэйгээ сайхан хамтран ажилласан гэж боддог. Тэр хэрээрээ их зүйл амжуулсан.  Саяхан аймгийн төв Сайнцагаан сумандаа 960, 640 хүүхдийн хоёр сургууль ашиглалтад орлоо. Энэ бидний хамтын ажиллагааны хамгийн тод жишээ юм. Говийн тойргоос сонгогдсон долоон гишүүн танай манай нам гэхгүйгээр сайхан ойлголцож ажиллаж байгаа.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж гишүүн маань аймгийн даргаар ажиллаж байсан хүн болохоор орон нутгийн асуудалд их анхаарал хандуулж санаачилга гарган ажиллаж байгаа. Өмнөговь аймгийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг хэт өндөр тавьж орон нутагт нь юу ч үлдээхгүй Сангийн яам бүгдийг нь авч байгаад сэтгэл дундуур байгаа.

Орлого их төвлөрүүлж байгаа аймагтаа буцаагаад хөрөнгө оруулалт хийх, нийгмийн дэд бүтэц байгуулах, тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн хөгжилд зориулж төсөв хөрөнгө хангалттай хуваарилах хэрэгтэй.  Ингэж байж бүсчилсэн хөгжил гэдэг зүйл утгаараа хөгжинө, хариуцлагатай уул уурхай болон үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжих юм. Түүнээс та нар мөнгийг нь ол, бид үрэхийг нь үрье гэдэг байдлаар асуудалд хандвал шударга бус.  Цаашид энэ шударга бус байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, байр сууриа тухай бүр хатуу илэрхийлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 59.153.115.160

йэд хэзээ ч жх орон ард түмэнд хэоэгьэй юм хийхгүй. Өөрсдийнх нь ашиг л байгаа

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 10 цагийн өмнө 103.212.118.178

За даа, энэ ч харин дэмий дээ. Манай гольд хөрсөн дээр ус тогтон байх аргагүй нь Оршихуйн зохироо байх аа. Хичнээн ч их ус урсгаж аваачаад хөрсөн дээр тогтохгүй, хатаж ширгэнэ. Уршиг нь өнөөх усны эх ундрага голоо нэмэж ширгээнэ. Байгалиас ухаантай хүн өдгөө хэр дэлхийд төрсөгүй л байна. Ийм бүтэшгүй юмыг дэмжих арга байхгүй.

Avatar

Нэргүй 2025-02-19 202.179.26.36

лалрууд сндаа биш эх орнооухах гэж ус татаж бга шдэ

Avatar

Зүй 2025-02-19 86.85.55.114

"Монголын гол мөрнүүд эх оронч биш" гэдэг үг социализмын үед байдаг байсан, бүгд уулын усаа аваад гадагшаа урсдаг. Зогсоож станц, усан суваг канал барих мөрөөдөл олон жилийнх. Усан тээвэр хийх канал хийх хэрэгтэй. Голландад маш олон каналаар дотоод тээврээ хийдэг. Тийм хэцүү ажил биш. Их олон сайхан зүйл хийж байгаа гишүүн байна. Нэрийг нь тогтоож авлаа.

Avatar

Нэргүй 2025-02-19 139.5.216.212

Хятад орос яагаад энэ төслийн эсрэг вэ, гэхээр монголын говь ногоороод өшөө олон мал хуйтай болоод хөгжчих гээд бгаа юм. Иймд үерийн усыг тогтоох хөв ,цөөрөм олонг байгуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-02-19 86.85.55.114

Усан тээвэр хийх канал хийх хэрэгтэй. Голландад маш олон каналаар дотоод тээврээ хийдэг. Тийм хэцүү ажил биш.

Avatar

Нэргүй 2025-02-19 59.153.112.140

Aad tusul chin yavahgui durakaa

Avatar

Иргэн 2025-02-19 66.181.186.230

усны ажлаа ажил болгоосой. Охосууд л их саад учруулах Бүх сумдад хөв байгуулна гэдэг бол буруу шүү Хөрөнгө тарамдана. Зүгээр л борооны ус тосох хувийг боломжтой газруудад байгуулж нэгдсэн усны систем байгуулах ёстой Эдгээр нь мэдээж Хангай Хэнтийн гол мөрний ус цуглуулах талбайг түшиглэж хийгдэх ёстой .

Avatar

Зочин 2025-02-19 139.5.217.198

Ус татхад юуун геополитикийн асуудал вэ? Бусад бүх орон гол нуураасаа ус татаж байгаа шүү дээ

Avatar

Нэргүй 2025-02-19 202.9.41.77

Солиотой пздануудыг зайл2лаач юу вэ п***а.

Avatar

зочин 2025-02-19 66.181.185.111

Өөрөө жинхэнэ галзуу байна даа

Avatar

Нэргүй 2025-02-19 202.131.234.123

Онги голоо сэргээж үз дээ. эрэлийн эрдэнэбат л ширгээж сөнөөсөн.

Avatar

Нэргүй 2025-02-19 45.117.35.25

сэргээх боломжгүй

Avatar

Нэргүй 2025-02-19 45.117.35.25

Тос даасан буянтай хүн шүү Урт наслах болтугай

Avatar

Нэргүй 2025-02-19 202.126.89.72

Баянхонгор, Говьлтай, Ховдын урд тал руу бас ус татах хэрэгтэй.Байгаль цаг уурын маш хүнд, эрсдэлтэй нөхцөлтэй газар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж