Улирал бүр солигдох загварын чиг хандлагыг дагах хэцүү байдаг. Тиймдээ ч 2025 оны загварын салбарт ямар хувцас, гоёл чимэглэл, өнгө зонхилох талаар мэргэжилтнүүд загварын шоу, цахим сүлжээ болон дэлгүүрээр зочилж буй хүмүүсийн сонголтоос шинжилж, тодорхойлжээ. Энэ удаагийн "FASHION" буландаа энэ онд ямар загварт хөрөнгө оруулалт хийвэл трендээ алдахгүй болохыг онцолж байна.
Энэ онд тод өнгө, чимэглэл агуулсан болон энгийн хээнцэр загварыг сонговол өөртөө хийсэн хамгийн зөв хөрөнгө оруулалт болно. Баяр наадмын хүрээнд ч уг төрлийн хувцсаа хослуулж, загварчилж өмсвөл хэзээ ч хуучрахгүй гэжээ. Тухайлбал, өнгөрсөн гурван жилд нарийн жийнс моданаас гараад байв. Харин гэнэтийн ч гэмээр энэ жилийн хамгийн анхны загварын шоунуудад нарийн өмд, жийнс зонхилж байлаа. Мөн унтлагын хувцсыг ч гадуур, дотуур өмсөх боломжтой болж байна. Учир нь орчин цагт хүмүүс биед тухтай, хөнгөн хувцаслахыг илүүд үздэг болсонтой холбоотой аж. Гэхдээ тансаг, загварлаг, хаанаас ч харсан нямбай хийцтэйг сонгохыг загварын мэргэжилтнүүд онцолжээ. Мөн тод өнгө эргэн моданд орж байна. Хэрэв өнгөрсөн жилийн хавар намрын загварын коллекцуудыг харах юм бол хүрэн улаан, интоорын өнгө зонхилж буйг анзаарна. Мөн зөөлөн бус тод хөх, шар, нил ягаан зэрэг өнгө гайхалтай харагдах боломжтойг мэднэ. Хамгийн сүүлд нь орчин үеийн технологи, байгальд ээлтэй байдлыг хувцас, гоёл загвартаа ч шингээж өгөхийг уриалж байна. Нано технологи гэгддэг шиг нано материалтай, агаар нэвтрэлт сайтай, хэрэв өмсөхөө больж, хаялаа гэхэд байгальд амархан задардаг материал сонгох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзжээ.
ТӨГС УНТЛАГЫН ХУВЦАС
Унтлагын хослолоо өмсөөд орондоо ордог үе 2024 онд хоцорсон гэлтэй. Хэрэглэгчийн чиг хандлагыг урьдчилан таамагладаг "WGSN" компани нь аяллын хувцас, далайн эргийн нөмрөг гэх мэт гоёмсог унтлагын хувцас 2025 онд тренд болно гэж тооцоолжээ. Учир нь амралт,аялал зугаалгын үед унтлагын хослолын эрэлт хэрэгцээ хамгийн их нэмэгддэг байна. "WGSN"-ийн эмэгтэйчүүдийн хувцас хариуцсан дарга Сара Маггиони "CNN"-д хэлэхдээ "Бид амралтын үеэр орондоо хэвтэж илүү цагийг өнгөрөөдөгт учир оршоогүй. Энэ нь үндсэндээ хаана ч явсан биед тухтай, олон талын содон зан чанартай. Тиймдээ ч ачаа тээшний хураамж нэмэгдэж, аялал улам л өндөр үнэтэй болж байгаа учир хэрэглэгчид загварлаг унтлагын хувцсыг сонгож, бага тээштэй явахыг илүүд үздэг" гэжээ. Үүний нэг жишээ нь, "Game of Thrones” цувралын од Софи Тернер Кот-д’Азур дахь усан сангийн хажууд унтлагын хослолтой явж буй нь папарациудын дуранд өртсөн байна. Тэрбээр цагаан, цэнхэр өнгийн судалтай унтлагын хослол өмссөн байсан бол загвар өмсөгч Жоан Смоллс Миланд байхдаа хар, цагаан өнгийн хослол өмссөн байжээ.
ЦҮНХНИЙ ГОЁЛ
"WGSN"-ийн гутал, дагалдах хэрэгслийн дарга Жэйн Коллинзийн хэлснээр, энэ жил цүнхэндээ гоёл чимэглэл холбож, зүүж өгснөөр өөрийн сонирхлоо бусдад үгээр тайлбарлах шаардлагагүй, сонирхлыг тань тодорхойлж өгнө гэв. Хэрэв гоёмсог цүнх авах бол үүнд таарсан чимэглэл зүүж өгөх нь сэтгэл татам байдлыг нэмэгдүүлнэ гэж тэрбээр мөн үзэж байна. Түүнчлэн, "WGSN"-ийн мэдээллээс үзэхэд, 2025 оны хавар-зуны улиралд цүнхний гоёл чимэглэлийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 5.6 хувь нэмэгдсэн байна. Ялангуяа Стелла Маккартни, Фенди, Версаче брэндийн цүнхэнд дагалдах гоёл чимэглэл хамгийн эрэлттэй байжээ.
ТАНСАГ ИЛЭГ
Энэ онд илгэн материалтай хувцас, эдлэлийг сонгох нь хамгийн зөв бололтой. Учир нь өнгөрсөн жилүүдэд үслэг материал моданд орсноор хүмүүс илгэн гутал, цүнх, хүрмийг сонирхож эхэлсэнтэй холбоотой аж. Жишээлбэл, Лили-Роз Депп бохо загварын илгэн хүрэм өмссөн нь цаг үеэ олсон харагдана. Мөн Инстаграм дээр илгэн материалтай хувцас зардаг дэлгүүрийн хайлт 2025 он гарснаар гэнэт 128 хувиар нэмэгджээ.
ЯЛДАМ ИНТООР
Интоорын өнгө бүхэлдээ 2025 оныг тодорхойлно гэж мэргэжилтнүүд үзэж байна. 2024 онд хүрэн улаан, дарсны улаан өнгө модад орж байсан бол одоо ялдам дүр төрхийг бэлэглэх өнгө тренд болно. Хүчирхэг байдлаас ялдам дур булаам дүр төрхийг бий болгох чадвартай энэ өнгө нь хавар намрын хүрэм, пальтонд төгс зохицно. "Pinterest Predicts"-ийн мэдээлснээр, интоорын улаан өнгийг хэрхэн хувцасны чиг хандлагатай хослуулахыг мэдэж авахыг хүсвэл "Cherry vibe" хайлтыг сонирхоод үзэхэд гэмгүй. Лили Коллинз өнгөрсөн есдүгээр сард "Emily in Paris" киноны хэвлэлийн аялан тоглолтынхоо үеэр интоорын улаан өнгийн Нина Риччигийн банзал өмссөн байсан. Сарын дараа Том Холланд, Зендаяа нар Нью-Йоркт явж байхдаа мөн адил интоорын улаан өнгөөр гоёсон байв. Түүнчлэн, Nike, Puma зэрэг спорт брэндүүд ч тус өнгийг сонирхох болж, шинэ загварын коллекц гаргаад эхэлсэн юм.
Нэргүй 2025-02-19 202.131.234.123
ертөцнийн хог буртаг хамаад орондоо орж үржүлэх нь дээ