Хавьер Милей криптовалютын луйварт буруутгагдаж байна

Хавьер Милей криптовалютын луйварт буруутгагдаж байна

Хавьер Милей криптовалютын луйварт буруутгагдаж байна

Аргентины ерөнхийлөгч Хавьер Милейн дэмжиж байсан криптовалютын ханш өнгөрсөн амралтын өдрүүдэд огцом унаж, хэдэн сая ам.долларын алдагдал үүсгэжээ. Улмаар тус улсын сөрөг хүчний гишүүд ерөнхийлөгч Милейд импичмент буюу огцруулах санал хураалт явуулахыг уриаллаа.

Тодруулбал, ерөнхийлөгч Милей Баасан гаригийн орой /2025.02.14/ өөрийн бага зэрэг мэддэг криптовалют "$Libra" токеныг дэмжиж, энэ нь жижиг бизнес, бизнес эрхлэгчдийг санхүүжүүлэх замаар Аргентины эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд зориулагдсан гэж X дээр нийтэлжээ.

Мөн хаанаас хэрхэн худалдаж авч болохыг заасан цахим хуудасны холбоосыг нийтэлсэн байх бөгөөд домэйн нэр нь Милейгийн алдартай хэллэг болох "Эрх чөлөө урт наслаарай" гэсэн байв. Ерөнхийлөгч Милей мөн 3.8 сая дагагчдаа уг криптовалютыг сурталчилж байхдаа "Дэлхий Аргентинд хөрөнгө оруулахыг хүсэж байна" гэж онцолсон байжээ.

Гэсэн хэдий ч Баасан гаригийн үдээс хойш үнэ нь өсч, бараг 5 ам.доллар хүрсэн токен худалдаанд гарах үедээ огцом унаж, 1 ам.доллар болжээ.

Аргентины финтекийн танхимын мэдээлснээр, энэ үзэгдэл нь “rug pull”  буюу криптовалютыг хурдацтай хөөрөгдүүлж, эсвэл хүчээр үнийг нь нэмэгдүүлэх луйвар аж. Тухайлбал, сурталчилж буй эсвэл дотоодын борлуулагч нь криптовалютын үнийг хангалттай өндөр болгож байгаад, буцааж зарах үзэгдэл юм. Улмаар өсөн нэмэгдэж байсан криптовалютын үнэ огцом унаж, үнэ цэнгүй болдог байна.

Түүнчлэн, Аргентины зарим эдийн засагч, крипто мэргэжилтнүүд "$Libra" нь луйвраас гадна понзисхем байж болзошгүй гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Милей криптовалютын үнэ унаснаас хэдхэн цагийн дараа "Х" дээрх нийтлэлээ устгаж, "Уг төслийн нарийн мэдээллийг мэдээгүй байсан" гэж мэдэгдэв. Гэсэн хэдий ч энэхүү үйлдэл нь аль хэдийн улс төрийн маргааныг өдөөж, Холбооны прокурорын газар Милейг залилан, гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой эсэх, эсвэл ерөнхийлөгчийн бүрэн эрхт үүргээ зөрчсөн үү гэдгийг шалгаж эхэлжээ.

Түүнчлэн, хэсэг хуульчид Ням гаригт Милейгийн эсрэг эрүүгийн шүүхэд залилангийн хэргээр нэхэмжлэл гаргаж, "Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милейг $Libra токеныг эхлүүлэхтэй холбоотой мега луйврыг боловсруулах, хэрэгжүүлэх, төлөвлөхөд гол оролцогч гэж бид үзэж байгаа тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байна" гэж мэдэгдэв.

Тэдний нэг, өмгөөлөгч Жонатан Балдивиезо Ассошиэйтед Пресс агентлагт хэлэхдээ "Тодорхойгүй тооны залилан үйлдэх хууль бус холбоог олж харсан. Энэ хууль бус нийгэмлэгийн хүрээнд ерөнхийлөгчийн үйл ажиллагаа зайлшгүй чухал байсан. Залилангийн гэмт хэрэг үйлдэгдсэн" гэжээ. Мөн сөрөг хүчний хууль тогтоогчид Милэйг огцруулахыг уриалж байна. Сөрөг хүчний эвслийн гишүүн, хууль тогтоогч Леандро Санторо "Олон улсын хэмжээнд биднийг эвгүй байдалд оруулсан тул ерөнхийлөгчийн эсрэг импичментийн хүсэлт гаргахыг шаардаж байна" гэж мэдэгджээ. Социализмын нэрт удирдагч, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Мириам Брегман “Милей бол Конгресст хариулах ёстой хүн. Үүний үр шимийг хэн, хэрхэн хүртэж байгааг бид алхам бүрээр нь мэдмээр байна. Тэрбээр анх удаа ийм хэрэгт холбогдож байгаа юм биш. Гэхдээ ерөнхийлөгч хүний хувиар оролцоно гэдэг гутамшиг" гэж буруутгаж буйгаа зарласан байна.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б 2025-02-18 66.181.190.164

манай тэр Их койны Мөнхжин зэрэг луйварчдын хэрэг юу болсон бэ? хэргийг нь шалгаж дуусаагүй бол тэр шалгаж байгаа мөрдөгч, прокурорыг нь шалгах хэрэгтэй.Өчнөөн жил өнгөрлөө шүү дээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж