АНУ-ын Миннеаполисоос Канадын Торонто Пирсон олон улсын нисэх онгоцны буудлыг чиглэсэн "The Delta Air Lines" компанийн 80 зорчигч тээвэрлэж байсан онгоц Даваа гаригт /2025.02.17/ бүхэлдээ хөмөрч, осолджээ. Түргэн шуурхай тусламж, аврах ажиллагаа үзүүлж чадсан хамт олны тусламжтайгаар нэг ч хүний амь эрсдээгүй гэж гал командын ахлагч Тодд Айткен мэдэгдэв.
Гэхдээ 18 хүн бэртэж гэмтсэн тул эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэсэн байна.
Эдгээр гэмтэж, бэртсэн хүмүүс дунд бага насны хүүхэд мөн орж байна. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч мөрдөн байцаагчид осол болсон зурвас болон зэргэлдээх зурвасыг хааж, мөрдөн шалгалт явуулж байна.
Хүний амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд анхан шатны тусламж, аврах ажиллагаа үзүүлж чадсан хөлгийн багийн дөрвөн гишүүдийг үнэлэх хэрэгтэй гэж Пирсон олон улсын нисэх буудлын гүйцэтгэх захирал Дебора Флинт хэлжээ. Уг осол АНУ-ын Вашингтон хотод зорчигч тээврийн агаарын нисэх онгоц тус улсын армийн "Black Hawk" нисдэг тэрэгтэй мөргөлдөж, нэг ч хүн амь гараагүй аймшигт ослоос гурван долоо хоногийн дараа болж буй. Тиймээс олон нийт тухайн ослоос үүссэн сэтгэлзүйн түгшүүрийг давж чадаагүй байгаа дээр Торонтод болсон осол нь айдсыг улам нэмэгдүүлсэн гэж Дебора Флинт мөн хэвлэлийн бага хурал дээр онцолж, уучлалт хүссэн байна.
Нисэх буудлын хөөрөх зурвас хуурай, ямар ч хөндлөн салхины нөлөө байгаагүй аж.
Хэрэв зам нь чийгтэй, нойтон хүчтэй салхитай байсан бол ослын нэг шалтгаан болох боломжтой байдаг гэж Тодд Айткен тайлбарлав. Тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн мөрдөн байцаагчид ослын газар ажиллаж байгаа учир дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзсан байна.
"The Delta Air Lines" компанийн нисэх онгоцны зорчигч "CNN" агентлагт хэлэхдээ, "Бид энд амьд сэрүүн байгаа нь үнэхээр гайхалтай. Бид яг үнэндээ юу болж байсныг мэдээгүй. Торонтод ирэх үед нартай байсан ч хөөрөх зурваст их хэмжээний цас тогтсон байхыг цонхоороо анзаарсан. Түүнчлэн, маш хүчтэй салхилж байсан юм шиг санагдаж байна. Тэгээд л онгоц хөөрөх зурвасыг хүчтэй мөргөсөн байх" гэжээ. Өөр нэгэн зорчигч мөн болсон явдлын талаар хэлэхдээ "Онгоц газар мөргөсний дараа хажуу тал руугаа хазайж эхэлсэн. Яг л модноос зүүгдэж байгаа сарьсан багваахай шиг л бүх хүн суудлаасаа зүүгдсэн. Бид нар бүгд маш их айж байсан. Гэнэт л онгоцны зүүн талд тэсрэх бөмбөг тэсэрч байгаа мэт дэлбэрэлт болсон. Яг үнэнийг хэлэхэд бид сандралдаж, хурдан гарахыг л хүсч байлаа" гэсэн байна.
Торонтогийн цаг агаар Даваа гаригт нартай байсан ч хүчтэй салхитай байжээ. Мөн онгоц газардахаас хэдэн цагийн өмнө цас орж эхэлсэн байна.
Квебек дахь Монреаль-Пьер Эллиотт Трюдогийн олон улсын нисэх онгоцны буудал цөөн тооны нислэгийг хүлээж авах боломжтой байсан бол зарим нисэх буудал цаг агаарын байдлаас болж 200 гаруй нислэгээ цуцалсан аж. Харин осол гарсан Пирсон олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа 17:00 цагт эхэлсэн байна.
Тус улсын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл ослын шалтгааныг улам нарийвчлан тодруулахаар АНУ дахь мөрдөн байцаагчдын багийг урьж, удирдаж ажиллах болжээ.
Нэргүй 2025-02-18 59.153.86.156
онгоцыг онхолдуулдаг бас сүрхий эр ээ