Үнэ нь хярд гарсан үндэсний бүтээгдэхүүнүүд

Хуучирсан мэдээ: 2025.02.18-нд нийтлэгдсэн

Үнэ нь хярд гарсан үндэсний бүтээгдэхүүнүүд

Үнэ нь хярд гарсан үндэсний бүтээгдэхүүнүүд

Цагаан сарын баяраар монголчууд  үндэсний бүтээгдэхүүнээ худалдан авч, үйлдвэрлэгчдээ дэмжихийг хичээдэг ч өнгө, загвар нь хуучирсан, чанар муутай, үнэ нь хярд гарсан бүтээгдэхүүн  санал болгодог болоод удлаа.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор төрөөс жилийн зургаан хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг тэрбум, тэрбумаар нь цацаж байгаа ч дээшилж, дэвжсэн зүйл алга.

Арван жил болоход үйлдвэрлэгчид өнөөх л дамбайсан эсгий улавч, түлхүүрийн оосор, тэлээ зэрэгхэнээ хийснээс хэтэрсэнгүй. Үндэсний дээл хувцсаа ч олигтойхон хийдэг газар ховордов. Хэт загвар хөөснөөс үндэсний хэв шинжээ алдсан. Монголчууд бүгд өндөр нуруутай биш атал моделиудын нуруу туруунд тохирох урт дээл хувцас хийчихнэ. Намхан нуруутай нь өмсөхөөр газраар нэг чирэгдэх юм болно. Дороос нь тайрах уу яах вэ гээд асуудал үүснэ.

Хүүхдэд дээл хувцас сонгоё гэхэд материал нь гологдоно. Уг нь хүүхдийн хувцас харшлаас сэргийлж, хөлс нь гадагшилж байх талыг бодож даавуу материалаар хийсэн байх ёстой ч энэ шаардлагыг хангадаг нь хуруу дарам. Гялгар материалаар хийгдсэн дээл, хувцас нь гарын ая даалгүй сэмэрнэ, урагдана. Гурван өдөр өмсвөл их юм. Гэтэл хүүхдийн дээл 120 мянган төгрөг байх жишээтэй. Эсгий хүүхдийн улавч ч мөн адил 120 мянга, 130 мянган төгрөгийн үнэтэй. Гурван настай хүүхдэд эсгий улавч авъя гэхэд ийм үнэтэй.

Томчуудынх нь цамц, дээл хувцас мөн ялгаагүй. Уг нь үнээ дагаж чанартай байх ёстой ч үндэсний бүтээгдэхүүнүүдэд энэ шаардлагыг хангах нь тун цөөн.  Энэ жил 400 мянган төгрөгөөр дээл худалдан авсан бол ирэх жилийн цагаан сарын баяраар дахиад өмсөх боломжгүй. Угаалт даадаггүй. Эсгий шаахайнууд нь ч гологдсоор…Иймээс л монголчууд наанадаж Эрээн, цаашилбал Бээжин, Гуанжоугоос оруулж ирсэн дээл хувцас сонгож, сар шинийн гоёо болгохоос аргагүйд хүрч байна. Хятадынх ч гэлээ үнэ хямдын зэрэгцээ сонголт сайтай. Загвар нь янз бүрээрээ, мөн өмсөхөд биед эвтэйхэн гээд давуу талууд ихтэй.

Нөгөөтэйгүүр, нийслэлээс үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор сар шинийн баяр бүрээр бараа бүтээгдэхүүнээ үнэ хямд худалдах боломж олгохын тулд түрээсгүй газар олж, өгч дэмжлэг үзүүлдэг.

Гэвч үнэгүй лангуу олгоод байхад л үндэсний үйлдвэрлэгчдийн  бараа бүтээгдэхүүн нь хотын төвд лангуу түрээслээд Бээжингийн бараа зарж байгаа худалдагчийнхаас хэд дахин нугалсан өндөр үнэтэй байх нь элбэг.

Баяр наадам далимдуулж үндэсний үйлдвэрлэгчид үнээ нэмдэг үү, эсвэл угаасаа өртөг өндөр үнээр үйлдвэрлээд байна уу, бүү мэд.

Цагаан идээ ч дээрдэх зүйлгүй. Ориг цагаан идээ авъя гэхэд заавал нэг юм хольсон байдаг. Ааруул авъя гэхэд л цав цагаан өнгөтэй. Өнгийг нь өөрчлөх гээд цагаан будагч бодис хийсэн л гэх. Арвижуулах гэдэг үү, гурил хольсон нь ч бий. Ингэж хольсон хорхой ааруул нэг кг нь 35 мянган төгрөгийн үнэтэй. Айрганд мөн ус, гурил хольчихсон байх нь элбэг.  Ориг цагаан идээ олж, цагаан сарын идээгээ чимнэ гэдэг бас л их аз ёндоо шаардсан ажил болж хувираад байна. Сүү, цагаан идээндээ элдэв янзын юм холихгүй ориг бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага тавихаар жигтэйхэн уурлацгаана. Хольцоотой цагаан идээгээ үнэтэй зарагдах ёстой юм шиг муйхарлана. Ориг малын сүү цагаан идээ хийсэн бол үнэтэй байхаас  яах вэ. Дэлхий дахинд ориг хүнсний бүтээгдэхүүн үнэтэй байдаг тул ойлгоно шүү дээ.

Цаашдаа ийм л янзтай байвал үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гардаг нь юу л бол… Ирэх жилээс урд хөршөөс цагаан идээ орж ирвэл гайхах зүйлгүй л болов уу даа.

Уг нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 2020 оноос хойш сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 117 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Үүн дээр ноос, ноолуураа үндэсний үйлдвэртээ тушаасан, мөн сүүгээ үндэсний үйлдвэрт нийлүүлсэн малчдад урамшуулал жил бүр олгодог.

Хоршоог дэмжих зорилгоор өнгөрсөн жил 550 тэрбум төгрөгийн зээл олгосон мэдээлэл бий. Гэвч цагаан идээ нь хольцоотой үйлдвэрлэгдсээр.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
19
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж