Францын гаалийн байцаагчид нэгдүгээр сарын 28-ны өдөр Италийн хилийн ойролцоох А8 хурдны замд шалгалт хийж байхдаа ачааны машинаас есөн ширхэг үлэг гүрвэлийн шүд илрүүлсэн байна. Тодруулбал, Италид бүртгэлтэй ачааны машины бүхээг дэх хоёр том хайрцгаас шүд олдсон бөгөөд гаалийн удирдлагууд Ментон дахь түүхийн мөнх музей рүү шинжлүүлэхээр илгээсэн байжээ. Улмаар, Баасан гаригт /2025.01.14/ 72-66 сая жилийн өмнөх Цэрдийн галавын сүүл үеийн хэвлээр явагчийн шүд болох нь тогтоогдсон байна.
Тухайн шүднүүдийн нэг нь 2011 онд Мароккод олдсон 3-4 метрийн урттай далайн хэвлээр явагч "Zarafasaura oceanis"-ийнх, гурав нь 12метр хүртэл урттай усны аварга том хэвлээр явагч "Mosasaurus"-ын байв. Үлдсэн тав нь орчин үеийн матруудын холын хамаатан гэгдэх "Dyrosaurus phosphaticus"-тай холбоотой байжээ.
Испани, Итали хоёрыг холбосон А8 хурдны зам дээр гаалийн байцаагчид үргэлж хяналт тавьж байдаг. Учир нь тус замаар хууль бус хар тамхи, барааг тээвэрлэх ачааны машин олширсон гэж "BBC" агентлаг тайлбарласан юм. Гаалийн байцаагч Саманта Вердурон "AFP"-д хэлэхдээ, ажилтнууд хайрцагтай илгээмжийг санамсаргүй байдлаар нээж харснаар олон сая жилийн өмнөх олдворыг олсон нь гэнэтийн байсан гэжээ. Францын албаны мэдээлснээр, ачааны машины жолооч эрэгтэй Италийн Генуя, Милан хотод байх хүлээн авагчдад тус хоёр хайрцгийг хүргэж өгөх захиалга авсан байв. Мөрдөн байцаагчид одоогийн байдлаар хэн энэхүү эртний олдворыг хүргэж өгөх захиалга өгсөн болон ямар хоёр хүн илгээмжийг авах ёстой байсныг мөрдөн шалгаж байгаа аж. Хэдийгээр чулуужсан олдвор цуглуулах нь хууль ёсны боловч экспортлоход ихэвчлэн лиценз шаарддаг.
Холбоотой мэдээ