Төмөр замын хэрүүл ТӨГСӨВ!

Хуучирсан мэдээ: 2025.02.17-нд нийтлэгдсэн

Төмөр замын хэрүүл ТӨГСӨВ!

Төмөр замын хэрүүл ТӨГСӨВ!

Харбинд Хятадын Ерөнхий сайд Ли Чянтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж уулзжээ. Уулзалтын үеэр  Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэхээр зорьсон 14 M төслийн гурав нь гацаанаас, гараанаас гарч байна.

УИХ-аас 2010 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталснаар төмөр зам тэгнэсэн эрх ашгуудын зөрчилдөөн Монголын эдийн засаг багагүй хохирол амссан. Алдагдсан боломжийг өртөг хамгийн багадаа 100 их наядаар тооцогдож буй нь Монголын жилийн төсвийг гурваар үржүүлсэнтэй тэнцэж байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох сургаар Женко ба MCS гэх эртний өстнүүдийн зодоон эрчимжиж, гэрээ байгуулах уу, гэрээ нураах уу дээрээ тулсан билээ.

Гэрээ зурсны дараа Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ “Монгол Улсын Засгийн газар хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох хэлэлцээрт гарын үсэг зурлаа.  Энэхүү хэлэлцээрийг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрслэүх, үндсэн чиглэлийг баталж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд талархал илэрхийлье” гэснээс харвал ҮАБЗ дээрээ хэдийнэ санал нэгдсэн нь ойлгомжтой байна.

Тэр тусмаа Ерөнхий сайдын хэлсэн “Аливаа гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр Засгийн газар хооронд олон улсын гэрээ байгуулах саналыг хүлээн авч харилцан ойлголцолд хүрсэн …” гэх үг Женко ба MCS-т хаягласан  мэдэгдэл байв.

Экспортын төмөр зам барих төслийг 2004 оноос ярьж эхэлсэн агаад 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн хэлэлцээ хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, УИХ-ын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст ийнхүү эцэслэж буйгаа Л.Оюун-Эрдэнэ тодотгосон билээ.

Гашуунсухайтын төмөр замын “мухардал”-ыг арилгаснаар Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэсэн тооцоогоо Засгийн газрын тэргүүн дуулгасан.

Гашуунсухайтын төмөр замын төслийг цэрэг танк, цариг зэргээр “барьцаалан” гацаагаагүй бол хамгийн багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, Монголд тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байжээ. Харамсалтай нь, улстөрчдийн зодоонд Гашуунсухайтын төмөр замын төсөл удаа дараа фэйлдэж, эцэстээ Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад  “Бодь”-ийн Д.Баясгалан нүүрсний бартераар уг төмөр замыг барьсан нь бас л хэл ам дагуулсан. Учир нь, Гашуунсухайтын болон Зүүнбаянгийн төмөр замыг өргөн царигаар барьснаас болоод уг мухар төмөр замыг урагшаа холбох асуудал ийнхүү улс төрийн зодоон болж хувирсан юм. Анхнаасаа нарийн царигтай төмөр зам барьсан бол улсаараа урд хөршийн аманд унахгүй байв.

УИХ-ын сонгуулийн дараа парламентад суудалтай улс төрийн гурван нам Засгийн газарт хамтрахдаа 14M төслийг хэрэгжүүлж, нэг монгол хүнд ногдох ДНБ-ийн хэмжээг 20208 он гэхэд 10 мянган ам.доллар хүргэхээ амалсан. Улс орноо хурдтай хөгжүүлэх улс төрийн гурвал нэн түрүүнд эрчим хүчний реформ хийх, ураны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, Гашуунсухайтын төмөр замын хил холболтод анхаарлаа хандуулсан. Улс төрөө ямартай ч даваад Францын "Орано"-тай ураны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжсэнээр улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17,1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум, төслийн нийт хугацаанд хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлж, 1600 орчим ажлын байр шинээр бий болж, шинэ технологи нутагшиж, дэд бүтцийн болон хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтыг хийх юм. Тэгвэл эрчим хүчний реформын хүрээнд Эрдэнбүрэнгийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Ховд голын Шижигтийн хавцалд баригдах  Эрдэнбүрэнгийн УЦС нь 90 мВт-ын хүчин чадалтай байх агаад ашиглалтад орсноор баруун бүсийн таваг аймгийг эрчим хүчээр хангаж, барилгын ажлын хугацаанд 800-1000 ажлын байр бий болох аж. Гашуунсухайтын хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна.

Гэвч давааны цаана даваа бий гэгчээр ураны улстөржилт зогссон, төмөр замын хэрүүл төгсгөл боллоо гэж тайвшрахад эртдэнэ. Ураныг улстөржүүлж, Гашуунсухайтын бүтээн байгуулалтыг гацаах сонирхол улсын гадна талд ч, улс дотор ч бий. Энэ өнцгөөс харвал Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг хийсэн цагт төмөр зам тэгнэсэн улстөрчдийн эрх ашиг эцэс төгсгөл болох нь гарцаагүй.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж