Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Засгийн газрын 237 дугаар тогтоол гарч, Монгол Улсад анх удаа анхан шатанд буюу сум хороодод хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнуул цоо шинээр ажиллах боломж бүрдэж байгаа юм. Энэ шийдвэрийн дагуу шинээр томилогдсон хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг ажлын байранд нь чиглүүлэх, мэргэжлийн ур чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургалтыг өнөөдөр /2025.02.17/ Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.
Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнуудаас гадна хүүхдийн эрхийн улсын байцаагч нар ажиллаж буй. Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн хувьд гэмт хэргийн шинжгүй, хүүхдийн эрхийн зөрчлийг шалгадаг. Тусгай сургалтад сууж, эрх авч ажилладаг. Улсын хэмжээнд 53 улсын байцаагч ажилладаг бөгөөд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 92 болж нэмэгджээ. Харин нийгмийн ажилтнууд анхан шатанд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцан ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчид гэдгийг албаныхан тайлбарласан юм.
"МАНАЙ САЛБАРТ 1100 ОРЧИМ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ АЖИЛЛАДАГ БОЛ ДАРУЙ 83 ХУВИАР НЭМЭГДЭНЭ"
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир:
-Улсын хэмжээнд ажиллах 833 хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг зургаан бүсэд зохион байгууллаа. Хамгийн гол нь хүүхэд, гэр бүлийн чиглэлээр төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг анхан шатанд хүргэж, хэрэгжилтийг хангах чухал үүргийг хүлээн ажиллах юм. Үүнтэй холбоотойгоор нийгмийн ажилтнууд хамтарсан багуудтай хамтран ажиллаж, туслалцаа үзүүлнэ. Салбар дундын уялдааг ханган ажиллаж, бусад байгууллагуудтай хамтран ажиллана. Хүүхэд, гэр бүлийн салбар өмнө нь нийгмийн ажилтангүй байсан.
Анх удаа Хүүхэд хамгааллын тухай хуулиараа нийгмийн ажилтантай болж байна. Ингэхдээ энэ ажилтнуудад тодорхой мэргэжлийн индексийг зааж өгсөн.
Тодруулбал, нийгмийн ажилтан, гэр бүл судлаач, социологич, багш, эрхзүйч, сэтгэлзүйч болон нийгмийн хамгааллын чиглэлээр ажилладаг хүмүүс багтана. Төрөөс анх удаа анхан шатанд энэ чиглэлээр ажиллах нийгмийн ажилтантай болж байгаа юм. Манай салбарт 1100 орчим төрийн албан хаагч ажилладаг бол даруй 83 хувиар нэмэгдэж, 1900 орчим алба хаагч ажиллахаар болж байна. Эдгээр хүмүүс хүүхдийн эрхийг хамгаалах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хамтран ажиллана.
"460 ГАРУЙ НИЙГМИЙН АЖИЛТАН АЙМАГ, СУМДАД ШИНЭЭР ТОМИЛОГДОН АЖИЛЛАЖ БАЙНА"
Гэр бүлийн бодлогын газрын шинжээч С.Учрал:
-Өнгөрсөн 2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталж, Монгол Улсад анх удаа анхан шатанд буюу сум хороодод хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнууд шинээр ажиллах зохицуулалтыг хийсэн. Засгийн газрын тогтоол 2024 оны арванхоёрдугаар сард гарч, улсын хэмжээнд нийт 833 нийгмийн ажилтан ажиллах квот тогтоосон. Хүүхэд, гэр бүлийн эрхийн зөрчлийг хамгийн эхэнд таньж мэдэх боломжтой, хамгийн ойрын төрийн албан хаагч гэсэн үг. Тогтолцооны хувьд энэ хуулийн маш том шинэчлэл. Гадаадын өндөр хөгжилтэй улс орнууд хүүхдэд хамгийн ойр албан хаагч ажилладаг гэдгээрээ давуу байдаг. Тиймээс Монгол Улсын хувьд төрийн анхан шатны нэгжид шинээр хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллаж эхэлж байна.
Өнөөдрийн мэргэшүүлэх сургалтад нийслэлийн есөн дүүрэгт ажиллах 163 нийгмийн ажилтан хамрагдаж байна.
Эдгээр нийгмийн ажилтнууд маань гэрээгээ байгуулж, сонгон шалгаруулалтад орж, төрийн албан хаагчийн болон тусгай шаардлагыг ханган хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан. Бид улсын зургаан бүсэд сургалтыг зэрэг зохион байгуулж, 460 гаруй нийгмийн ажилтнууд аймаг, сумдад шинээр томилогдон ажиллаж байна. Хүүхэд болон гэр бүлийн эрсдэлт нөхцөлийг эрт илрүүлж, таньж мэдэх шаардлагатай. Тухайн нийгмийн ажилтан мэдрэмжээрээ эрсдэлт нөхцөлийг илрүүлж, мэргэжлийн байгууллагад мэдээлж, холбон зуучлах үүрэгтэй.
Гэрэл зургийг С.Алтангэрэл
зочин 2025-02-17 192.82.66.30
даргын үүрэг гүйцэтгэгч шүү дарга гээд бичүүлчихжээ