АНУ болон ОХУ-ын төлөөлөгчид Мягмар гаригт уулзаж, Украины талаар ярилцана гэж хэд хэдэн эх сурвалж"CNN" агентлагт мэдээлжээ. Тодруулбал, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ойрхи Дорнодын тусгай элч Стив Виткофф, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц нар хэлэлцээнд үүрэг гүйцэтгэх юм байна. Саудын Арабын эх сурвалжийн мэдээлснээр, тус улс хэлэлцээг зохион байгуулахаас гадна зуучлагчийн үүргийг гүйцэтгэх болжээ.
Нэг үгээр хэлбэл, зохион байгуулагч, зуучлагчийн үүргийг Саудын Арабын үндэсний аюулгүй байдлын зөвлөх гүйцэтгэх юм байна.
Украины төлөөлөгчид тус хэлэлцээнд оролцохгүй гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Трампийн засаг захиргааны Орос-Украины асуудал эрхэлсэн төлөөлөгч Кит Келлог хэлэлцээг энэ долоо хоногт Киевт болгох талаар ярилцаж байгаа бололтой. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Зеленскийг оролцуулсан хэлэлцээнд оролцохгүй гэж мэдэгдэж байсан. Одоогийн байдлаар Зеленский, Путин нар хэлэлцээнд өөрсдийн биеэр оролцох нь тодорхойгүй байгаа ч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ширээний ард украинчууд байх болно гэж мэдэгдсэн байна.
АНУ болон ОХУ хооронд хэлэлцээ болно гэх сургаар Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер шаардлагатай бол энхийг сахиулах журмаар Украины нутаг дэвсгэрт Британийн цэргийг байрлуулахад бэлэн гэж мэдэгдлээ.
Стармер "Daily Telegraph" сонинд хэлэхдээ, "Энэ боломжийг зүгээр өнгөрүүлж борлохгүй. Украины аюулгүй байдлыг хангахад туслах нь манай улс болон Европын аюулгүй байдлыг бэхжүүлнэ" гэжээ. Тэрбээр мөн Европын орнуудыг батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж, НАТО-д илүү их үүрэг гүйцэтгэхийг уриалсан байна. Гэвч энх тайвныг баталгаажуулахад АНУ-ын дэмжлэг чухал хэвээр байгааг Стармер онцолсон бөгөөд ойрын өдрүүдэд Трамп болон "Их-7"-ын холбоотнуудтай уулзаж, тохиролцоонд хүрэх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ хуваалцжээ.
Дональд Трампийн дайныг зогсоох шахалтад Европын хэд хэдэн удирдагч тусламж үзүүлж буй. Стармер тэдний нэг бөгөөд Украины асуудлаар Даваа гаригт болох яаралтай дээд хэмжээний уулзалтад оролцох аж.
Үүнээс гадна Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Даваа гаригт Герман, Их Британи, Итали, Польш, Испани, Нидерланд, Данийн засгийн газрын тэргүүн болон Европын зөвлөлийн ерөнхийлөгч, Европын комиссын ерөнхийлөгч, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга нартай "албан бус" уулзалт хийнэ гэж Елисей ордон мэдэгдэв. Трамп өмнө нь Саудын Араб хэлэлцээнд гол үүрэг гүйцэтгэх болно гэж удаа дараа мэдэгдэж байсан төдийгүй өнгөрсөн долоо хоногт АНУ-ОХУ хоорондын хоригдол солилцооны ажиллагааг угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман гүйцэтгэсэн юм. Трампийн хувьд 2017 онд ерөнхийлөгчийн хувиар хамгийн анх Саудын Арабт айлчилж байжээ.
3,569.17















































