Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд ирсэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.02.10-02.16/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 68 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хүчтэй салхи, шуурга, шар усны үер, газар хөдлөлт тус бүр нэг удаа болсон байна.
Гал түймэр:
- Булган аймгийн Булган сумын Ачуут багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн 3×4 хэмжээтэй модон хийцтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход ашиглалтад ороогүй амралтын газрын 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн эзэмшлийн “Minicab” загварын бага оврын ачааны автомашин, хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 19:23 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х1 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт хашаанд эзэнгүй айлын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 59 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр, эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт 5 дугаар багт гэр шатаж байна гэсэн тухай дуудлагыг 23:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр, эд зүйлийн хамт, 2х3 хэмжээтэй амбаар, 10 ширхэг боодлын өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
- Цас шаварт суусан: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг баг ‘‘Өвөрнамшир” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 34 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/ аймгийн төвөөс Цагаан хайрхан сум руу зорчиж явсан иргэн Ж-гийн эзэмшлийн 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 10:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Land Cruiser” загварын автомашин 3 зорчигчтой, “Harrier” загварын автомашин 5 зорчигчтой, “Prado” загварын автомашин 5 зорчигчтой, “Land Cruiser” загварын автомашин 5 зорчигчтой, “Harrier” загварын автомашин 5 зорчигчтой, “Prado” загварын автомашин 4 зорчигчтой, нийт 27 иргэн, 6 суудлын автомашинтай тус тус цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Бусад төрлийн осол /ажиллагаа/:
- Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Хар нүдэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, Баяннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км, Дашинчилэн сумын төвөөс зүүн хойд зүгт 47 км/ Худгийн шавар цэвэрлэхээр орсон 1 хүн лаг шаварт шигдэж хөдөлж чадахгүй болсон тухай дуудлагыг 02.15-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Баяннуур сумын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд, Цагдаагийн хэсэг, Эрүүл мэндийн төв, “Булган АЗЗА” ТӨХК-ийн нийт 30 гаруй хүн, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1х1 метрийн харьцаатай /Ф1000/, 4 метрийн гүнтэй худгийн лаг шаварт биеийн бүсэлхий хэсэг хүртэл шигдсэн байсан иргэн Б/30 настай, эрэгтэй/-г 02.16-ны 15:40 цагт эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн. Эрүүл мэндийн төвөөс иргэний биеийн байдал тогтвортой, хэвийн гэж эргэн мэдээлсэн.
ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ
Холбоотой мэдээ