Хоол хүнс хүний генд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хоол хүнс хүний генд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хоол хүнс хүний генд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүний бие бол байгалийн гайхамшигт лаборатори. Өдөр бүр бидний идэж ууж байгаа зүйлс эсийн түвшинд нөлөөлж, генийн илэрхийлэл буюу идэвхийг өөрчилж байдаг. Өөрөөр хэлбэл, хоол хүнс бидний бие махбодыг зүгээр нэг энергээр хангаад зогсохгүй, ДНХ-ийн ажиллагаанд хүртэл шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Тухайн идэж байгаа хоол хүнс генийн өөрчлөлттэй ч бай, өөрчлөлтгүй ч бай, бүгд л хүний биеийг энергээр хангаж, тодорхой шат дараалал, цаг хугацааны явцад ДНХ-д нөлөөлнө. Шим тэжээлүүд зохистой хэмжээнд байвал генийн үйл ажиллагааг дэмжиж, эсийг эрүүл байхад тусалдаг бол хэмжээ нь хэтрэх, багадах үед эсийн бүтцийг гэмтээж, хөгшрөлт, өвчлөлийн шалтгаан болох магадлалтай. Хоол хүнс хүний ДНХ-д хэд хэдэн үндсэн механизмаар нөлөөлдөг бөгөөд эхний ээлжид эпигенетик өөрчлөлт бий болгодог. Эпигенетик гэдэг нь ДНХ-ийн бүтэц өөрчлөгдөхгүй боловч тодорхой генүүдийн идэвхийг өөрчилдөг процесс юм. Энэ нь голчлон метилийн бүлэг нэмэх, ацетилийн бүлэг хасах замаар явагддаг бөгөөд фолийн хүчил, В12 витамин, метионин зэрэг шим тэжээлүүд энэ үйл явцад голлох үүрэгтэй. Хэрэв эдгээр шим тэжээл хангалттай хэмжээнд байхгүй бол эсийн түвшинд асуудал үүсч, метилжилт хэвийн бус болох магадлалтай. Метилжилтийг “генийн унтраалга” гэж энгийнээр ойлгож болох юм. Жишээлбэл, хорт хавдрын эсрэг хамгаалалт үүрэгтэй зарим генүүд "унтарсан" байдалтай болж, өвчний суурь тавигдаж болзошгүй. Үүнтэй холбоотойгоор антиоксидантын хэрэглээ маш чухал бөгөөд эдгээр бодис нь чөлөөт радикалуудын эсийн түвшинд учруулах гэмтлийг саармагжуулдаг. Чөлөөт радикалууд нь хүчилтөрөгчийн урвалаас үүсэх бөгөөд хэт их хуримтлагдвал ДНХ-ийн хэлхээ тасарч, мутаци үүсэх нөхцөл бүрдэнэ. Витамин C, витамин E, полифенол, флавоноид зэрэг антиоксидант бодисууд байгалийн хамгаалалт болж, эсийн түвшний гэмтлийг багасгадаг. Гэвч антиоксидант багатай, боловсруулсан, химийн гаралтай бодис ихтэй хоол хүнс байнга хэрэглэвэл эсийн түвшинд гэмтэл үүсч, хорт хавдар, үрэвсэлт өвчнүүд үүсэх эрсдэл нэмэгддэг. Үүнээс гадна тослогийн төрөл эсийн мембраны эрүүл байдалд шууд нөлөөлдөг бөгөөд бидний эсийн бүрхүүл нь голчлон өөх тосноос бүрддэг. Омега-3, омега-6 зэрэг ханаагүй тосны хүчлүүд эсийн уян хатан чанарыг хадгалж, үрэвслийн процессыг бууруулахад тусалдаг бол транс тос, хэт их ханасан өөх тос хэрэглэвэл эсийн мембраны бүтэц сулран, бодисын солилцоо алдагдах эрсдэлтэй. Энэ нь ДНХ-д шууд бус замаар сөрөг нөлөө үзүүлж, эсийн гэмтлийг нэмэгдүүлдэг. Өндөр гликемийн индекс бүхий хоол хүнс, тухайлбал цэвэршүүлсэн сахар, цагаан гурил, амтат ундаа зэрэг нь инсулины огцом ялгарлыг өдөөж, ДНХ-ийн мутаци үүсгэх нөхцөл бүрдүүлдэг. Судалгаагаар, байнгын өндөр сахартай хоол хүнс хэрэглэх нь теломерийн богиносох шалтгаан болдог нь тогтоогдсон. Теломер нь хромосомын төгсгөлийг хамгаалдаг бүтэц бөгөөд богиносох тусам эсийн хөгшрөлт хурдасч, хорт хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг. ДНХ-ийн бүх хэсэг тэгш хэмжээгээр гэмтдэггүй бөгөөд зарим генүүд илүү эмзэг байдаг. Эдгээрийн нэг нь TP53 ген бөгөөд энэ нь эсийн гэмтлийг илрүүлж, хорт хавдар үүсэхээс сэргийлэх үүрэгтэй. Гэвч согтууруулах ундаа, агаарын бохирдол, шарсан, түлсэн мах зэрэг химийн нэгдлүүдийн улмаас TP53 ген гэмтэх эрсдэлтэй. Энэ гэмтэл нь элэгний хавдар, уушгины хавдар, ходоодны хавдрын үндсэн шалтгаан болдог. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн хувьд хөхний болон өндгөвчний хорт хавдартай холбоотой BRCA1, BRCA2 генүүд байдаг. Эдгээр генүүд гэмтвэл хорт хавдар үүсэх өндөр магадлалтай бөгөөд буруу хооллолт, тухайлбал транс тос, сахар, боловсруулсан хүнсний хэрэглээ нь эрсдэлийг улам нэмэгдүүлдэг. Тархи, мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг генүүдийн нэг болох APOE ген нь Альцгеймерийн өвчний эрсдэлийг тодорхойлдог. Ханаагүй өөх тосны дутагдал, Д аминдэмийн хомсдол, үрэвслийн эсрэг антиоксидант багатай хооллолт нь энэ генийг гэмтээж, ой тогтоолт муудах, танин мэдэхүйн үйл ажиллагаа доройтох нөхцлийг бүрдүүлдэг. Үүнтэй төстэйгөөр, HFE гэх генийн гэмтэл нь төмрийн солилцоонд өөрчлөлт оруулж, элэгний өвчин, чихрийн шижин, зүрх судасны өвчний суурь нөхцөл болдог. Амьтны гаралтай төмрийн хэрэглээг хэтрүүлж, ногоо, эслэг багатай хооллолт нь энэ генийг гэмтээх магадлалыг нэмэгдүүлдэг. Эдгээр бүхэн нь хооллолтын хэв маяг бидний генетик түвшинд хэрхэн нөлөөлдөгийг харуулж байна. Бидний идэж буй хоол хүнс генийн түвшинд томоохон өөрчлөлт авчирдаг нь тодорхой бөгөөд зохистой хооллолт нь бидний ДНХ-г хамгаалж, өвчнөөс урьдчилан сэргийлэх хүчтэй хэрэгсэл болдог. Харин хоолхүнсээрээ эрдэс, шим тэжээлийг илүү болон дутуу авах нь генетик мутаци үүсгэж, төрөл бүрийн өвчний шалтгаан болох эрсдэлтэй. Тиймээс бид эрүүл хүнс сонгохдоо зөвхөн амт, үнэрийг нь харах бус, бие махбод болон ДНХ-ийн түвшинд хэрхэн нөлөөлөхийг ойлгон ухамсарлах нь хамгаас чухал юм.

Г. Эрдэнэбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-02-16 122.201.31.210

Баярлалаа! Сайхан мэдээлэл бичжээ. Бидэнд ядахдаа иймч мэдлэг байхгүй шүүдээ? Чадгүй м байж Сайхан санааны зөвөлгөөнд талархах хэрэгтэй шүүдээ!

Avatar

Нэргүй 2025-02-16 66.181.189.150

ойлгомжтой тайлбарласанд талархлаа. улам их ойлгуулаарай

Avatar

Зочин 2025-02-16 103.168.34.36

Нютригеномикс гэж энэ асуудлыг судалдаг чиглэл байгаа. Гэхдээ генийг бүрдүүлж байгаа нуклеотидуудынхаа дарааллаар хүн болгоны ген тодорхой хэмжээнд ялгаатай . Энэ ялгаа нь гол асуудал.
Хүн тус бүрт тохирох хэмжээ, хязгаар гэж бий гэсэн үг. Бүх хүний генийн дараалал адилхан гэж ойлгон нь өнгөц хандлага. ЭНДЭЭС ХУВЬ ХҮН ТУС БҮРТ ТОХИРОХ ХООЛ байх болоод байна.

Avatar

Нэргүй 2025-02-16 86.85.55.114

Шим тэжээл хэт авна гэж байдаг л юм байх даа. ХҮний бие нь хэтэрсэн шимийг зүгээр л үл шингээгээд гадагшлуулдаггүй юм байх даа . Дутагдал гэдэг бол логиктой л юм бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж