"NEWS" агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна. Ярилцлагын зочдоор УИХ-ын гишүүн Д.Батбаяр, эдийн засагч Р.Даваадорж, гэр бүл судлаач Ж.Баясгалан, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар оролцлоо.
УИХ-ын гишүүн Д.Батбаяртай ярилцлаа.
-Анх удаа холимог тогтолцооны үр дүнд 126 гишүүнтэй байгуулагдсан УИХ-ын намрын чуулган өндөрлөлөө. Намрын чуулганы онцлогийг юу гэж харж байна. Гаднаас нь харах, дотор нь орж ирж ажиллах хоёрт ямар ялгаа зааг байна вэ?
-Миний хувьд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тиймээс намрын чуулган миний хувьд сурч мэдсэн, танилцсан, тодорхой хэмжээний шийдэл гаргаж ажилласан чуулган болж өндөрлөлөө. Анх удаа УИХ-ын Зарлагын хяналтын дэд хороог ахалж ажиллалаа. Намрын чуулганаар анх удаа Монгол Улсын төсвийг 4-5 удаа хэлэлцсэн гэдгээрээ түүх болж үлдэх байх. Өмнөх парламентын гишүүдийн баталсан Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол оруулж, Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэж, Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотой дахин хэлэлцэж баталсан ийм онцлогтой төсөв байлаа.
Магадгүй дахин тодотгол орж ч магадгүй байна. Учир нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотойгоор Бүгд найрамдах Энэтхэг улсаас авах зээлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
Товчхондоо туршлага хуримтлуулсан чуулган болж өндөрлөлөө. Удаа дараа сонгогдсон туршлагатай гишүүдээс сонсч байхад анх удаа УИХ-д сонгогдсон гишүүдийн хувьд асуудалд нухацтай хандаж, зоригтой, шүүмжлэлтэй хандаж чадаж байна гэдгийг хэлж байна. Төсвийн алдагдлыг бууруулах асуудлыг анхны чуулган дээрээ хөндөж, асуудлыг олны анхааралд хүргэж, Ерөнхийлөгч хориг тавьж дахин хэлэлцэж, алдагдалгүй төсөв баталсан түүх парламентын түүхэнд байхгүй. Энэ юуг харуулж байна гэхээр УИХ тохиролцооны биш мэтгэлцээний, хэлэлцээрийн, шийдлийн УИХ болох тэр алхмуудаа хийсэн анхны намрын чуулган өндөрлөлөө гэж харж байна.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2782311/ линк рүү нэвтэрч унших боломжтой.
"Худалдааны дайн өрнөвөл экспортын орлого буурна"
Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.
-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсөн даруйдаа Канад, Мексик, Хятад зэрэг улсын импортын бараанд гаалийн татвар ногдуулахаар болсон. Түүний энэхүү мэдэгдэл дэлхийн зах зээлд хүндхэн дохио өгч байна. Та үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
–Ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексикийн бараанд 25 хувийн, Хятадын бараанд 10 хувийн татвар ногдуулах тухай зарлигт 2025 оны хоёрдугаар сарын 1-нд гарын үсэг зурсан. Зарлиг 2025 оны хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн үйлчилнэ гэж мэдэгдсэн боловч Канад, Мексикийн татварыг 30 хоногоор хойшлуулсан (3-р сарын 4 хүртэл). Хятадад хоёрдугаар сарын 4-нөөс үйлчилж эхэлсэн. Трампийн энэхүү шийдвэр нь дэлхийн зах зээлд томоохон өөрчлөлт авчирч болзошгүй. Хэдийгээр АНУ-ын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хил дамнасан хууль бус үйл ажиллагааг бууруулах зорилготой боловч хэрэглэгчдийн хувьд зардал нэмэгдэх, худалдааны дайныг өдөөх эрсдэлтэй. Канад, Мексикийн эдийн засагт илүү хүнд тусна. Харин Хятад улс харьцангуй бага нөлөөлөлтэй байж болох хэдий ч цаашид татварын үргэлжлэх хугацаа, хариу арга хэмжээ, цаашдын дипломат хэлэлцээр зэргээс шалтгаалах болов уу.
Богино хугацаанд АНУ-ын эдийн засгийн тодорхой хэсгүүдэд таатай нөлөө үзүүлж болох ч, урт хугацаандаа дэлхийн зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, эдийн засгийн өсөлтийг сааруулж болзошгүй юм.
АНУ-ын хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө гэвэл үнийн өсөлтийг хэлж болно.Татвар нь импортын барааны үнийг нэмж таарна. Жишээлбэл, Мексикээс оруулж ирдэг жимс, хүнсний ногоо (авокадо, улаан лооль, чинжүү гэх мэт)-ны үнэ өснө. Канадын модон материал, автомашины сэлбэг хэрэгслийн үнэ нэмэгдэнэ. Хятадын электроникийн бараа (гар утас, компьютер), тоглоом, хувцас… гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Үнийн өсөлт инфляцийн дарамтыг авчирна. Тодорхой хэлбэл, Tax Foundation-ийн(Америкийн татварын бодлогын судалгаа, боловсруулалт хийдэг бие даасан байгууллага) тооцоолсноор, дээрх татвар 2025-2034 онд АНУ-ын өрх бүрт дунджаар 800 ам.долларын нэмэлт татварын дарамт үүсгэхээр байгаа.
Татвар ногдуулсан Канад, Мексик, Хятадад үзүүлэх нөлөө гэвэл шууд л эдийн засгийн хохирлыг хэлж болно. Канад, Мексикийн эдийн засаг АНУ-ын зах зээлээс ихээхэн хамааралтай (Канадын ДНБ-ий 67 хувь, Мексикийн ДНБ-ий 73 хувь нь гадаад худалдаатай холбоотой). Татвар нь эдгээр улсын экспортыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг сааруулна. Канад, Мексик, Хятад улсууд хариу арга хэмжээ авахаа зарлалаа. Энэ нь худалдааны дайн үүсгэж, эдийн засгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлж болзошгүй юм. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 155 тэрбум ам.долларын үнэ бүхий АНУ-ын бараанд 25 хувийн хариу татвар ногдуулна гэж мэдэгдсэн. Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум мөн хариу татвар төлөвлөж байна. Хятад улс Дэлхийн Худалдааны Байгууллагад (ДХБ) гомдол гаргахаа мэдэгдэхийн зэрэгцээ "шаардлагатай хариу арга хэмжээ" авахаа зарласан. Харин Хятадын эдийн засаг бусад зах зээл болох ЕХ, Мексик, Вьетнам зэрэг улсуудтайгаа гадаад худалдаагаа өргөжүүлэх бодлого барьж байгаа тул 10 хувийн татварын нөлөө харьцангуй бага байж болох талтай. Ерөнхийдөө сөрөг болон эерэг үр дүнтэй шийдвэр гэж дүгнэж болно. Гэхдээ дэлхийн худалдааны дайн өрнөж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэл бодитоор бий боллоо.
Дэлгэрэнгүйг https://news.mn/angilal/ediin-zasag/yariltslaga-ediin-zasag/ линк рүү нэвтэрч унших боломжтой.
"Нэгнийгээ дэмжиж, ярилцах нь хосуудын харилцаа тогтвортой байхын үндэс"
Өнөөдөр гэгээн харын баярын өдөр. Энэ өдөрт зориулж гэрлэлт, хосуудын харилцаа болон гэр бүлийн тогтвортой харилцаа, гэр бүлийн боловсролын талаар Гэр бүл судлаач Ж.Баясгалантай ярилцлаа.
-Орчин үед гэр бүлийн тогтворгүй байдал тулгамдсан асуудал боллоо. Залуус нэг нэгнийгээ таньж амжаагүй гэр бүл болж, хүүхэдтэй болоод салах нь нэмэгдсэн гэдгийг зарим тоо статистик ч харуулдаг гэдэг?
-Эрүүл гэр бүл, эрүүл бус гэр бүлийн хэв шинж гэж бий. Эрүүл бус гэр бүл гэдэг нь биенийхээ хүсэл сонирхлыг дэмжиж, хөгжих боломжийг нь хангадаггүй. Хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьдаг. Өөрөөр хэлбэл, орчин үеийнхээр бол хэт эго өндөртэй гэсэн үг. Тэгвэл эсрэгээрээ эрүүл гэр бүл гэхээр бие, биеэ бүх зүйл дээр дэмждэг, ярилцдаг, ойлгодог, бүх зүйлийг нь хүлээн зөвшөөрдөг.
Тэгэхээр гэр бүлүүд маань нэгнийгээ дэмжиж, аливаа асуудал тохиолдоход маш сайн ярилцаж ойлголцдог байх нь гэр бүл, хосуудын харилцаа тогтвортой байхын үндэс болдог.
Социализмын үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай төр гэр бүл, хүүхдийг хариуцдаг нийгэм байлаа. Орчин үед хувь хүн өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө хариуцдаг болсон. Тэгэхээр бидний аав, ээжийн үед олон хүүхэд төрүүлж өсгөдөг тэр хэрээр амьдралд нухлагддаг амьдралын үнэ цэнийг маш их ойлгодог байсан. Гэтэл орчин үеийн залуучуудын хувьд бие даасан байдалтай, илүү ажил мэргэжилдээ анхаардаг болоод байна. Энэ ч утгаараа цөөхөн хүүхэдтэй байдаг болсон байна. Үүнд нийгмийн олон асуудлууд ч бас нөлөөлж байгаа. Тэгэхээр одоогийн залуучуудын үзэл бодол хандлага бидний аав ээжийн үеийнхээс зөрөөд байгаа юм.
Тухайлбал, одоогийн 40, 50 настай хүмүүс юу гэдэг вэ гэхээр “амьдралд ийм зүйл байж л байдаг. "Тэсч, тэвчих хэрэгтэй" гэдэг. Гэтэл орчин үед залуучууд "Миний хувийн карьер чухал. Гэр бүл бараг хоёрдугаар асуудал" гэх хандлагатай болж байна.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2783304/ линк рүү нэвтэрч унших боломжтой.
Н.Өсөхбаяр: Өвөөгийнхөө залгамж халааг үргэлжлүүлж байна
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяртай сар шинийн бөхийн барилдааны бэлтгэлийн талаар ярилцлаа.
-Цагаан сарын барилдаан үндэсний бөхийн барилдаануудаас нэр хүндээрээ наадмын дараа ордог. Энэ барилдаанд хэр бэлдэж байна вэ?
-Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны бэлтгэлээ өөрийнхөө хэмжээнд сайн базааж байна. Мэдээж үндэсний баярынхаа барилдаанд сайн барилдсан бөх тухайн жилийнхээ өнгийг харж, бэлгэшээдэг. Тиймээс энэ том барилдаанд сайн барилдахаар хичээж байна. Тамирчин хүний нэгт тавих бэлтгэл сэтгэл зүй байдаг. Өөрийнхөө хэмжээнд хурцалж, барилддаг.
-Н.Өсөхбаярын хувьд улсын цол авах бөхчүүдийн тэргүүнд яваа аймгийн арслан гэдгийг бөх сонирхогчид хэлж байна?
-Мэдээж Монголын ард түмэн намайг бэлгэшээж, сайхан үгээр ерөөж байна. Тийм болохоор тэр болгоныг нь сайхнаар хүлээн авч, бэлгэшээж байгаа. Тэр ерөөл бат оршиг ээ. Монголын үндэсний бөхийн холбооноос өчигдөр /2025.02.11/ 2024-2025 оны үндэсний бөхчүүдийн чансааг шинэчилсэн гаргаж байна лээ. Энэ чансаагаар эхний дөрөвт эрэмбэлэгдсэн байна лээ. Барилдааны үеэр ядарч сульддаг ч үзэгчдийнхээ тэр сайхан алга ташилт, урмын үгээс маш их эрч хүчийг авдаг. Монгол түмнийхээ хайран дунд явдаг учраас их сайхан байдаг.
-Хамгийн дурсамжтай цагаан сарын барилдаан гэвэл?
-Би 2023 онд цагаан сарын барилдааны аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд түрүүлж байсан. Тэр барилдаанд Ө.Сүхбат дүүтэйгээ тунан үлдэж байлаа. Тэр барилдаан их сайхан болсон байдаг. Удахгүй манай нутгийн сар шинийн барилдаан хоёрдугаар сарын 23-нд болно. Тэр барилдаанд нутагтаа очиж сайхан барилдах төлөвлөгөөтэй байгаа.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2783003/ линк рүү нэвтэрч унших боломжтой.
Нэргүй 11 цагийн өмнө 59.153.112.122
ANUSDI BOOWN XNTLA XXNO VANXANDI80955877SEKSEER
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.182.34
Далайн Батбаяр гэж нэг далдыг мэддэг далай лам гарч иржээ ! Оролцохгүй асуудал, ярихгүй сэдэв гэж байхгүй, бүхнийг мэддэг, заадаг зааварладаг нэг дөвчин унзад бий болжээ. Тээр жил Сүхбат аварга УИХ-ын гишүүн болчоод, " юу ч хийж болно, юу ч ярьж болно" гэх маягтай жаал аяг лаж аашилж байгаад "хог дээр үсэрч" билээ. Түүний л нэгэн адил юм болох вий дээ !!!
Нэргүй 2025-02-15 202.9.41.104
Ийгл телевиз Трампыг магтаад сүйд. Нөгөөх зөнөг нь Манайд өгөх тусламжаа зогсоочихсон.