"Таеквондо пүмсэ-2025" УАШТ энэ сарын энэ сарын 12-14-ний өдрүүдэд бага нас, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгч, мастер зэрэг таван насны ангилалд болж байна. Улаанбаатар хотноо Спортын төв ордны А зааланд хоёр дахь өдрөө болж буй энэхүү тэмцээний нээлт өчигдөр/2025.02.13/ боллоо. Нээлтийн эхэнд шигшээ баг, тамирчид гайхалтай ур чадвар шаардсан хүнд үзүүлбэрүүдийг толилууллав.Үүний дараа тэмцээнийг нээж Монголын таеквондогийн холбооны дэд ерөнхийлөгч П.Батхүү үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Энэ удаагийн тэмцээнд хөдөө орон нутгийн Говь-Алтай, Дорнод, Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-уул, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотын зургаан дүүргийн клубүүд, ерөнхий боловсролын зарим сургуулийн 46 байгууллагын 1700 гаруй тамирчид хурд хуч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Монголын таеквондогийн холбоо цаашдаа пүмсэгийн төрлийг илүү хөгжүүлж ажиллах болно. Үүний нэг жишээ нь энэ удаагийн тэмцээн юм” гэжээ.
Энэ удаагийн таеквондогийн пүмсэ УАШТ үндсэн ганцаарчилсан, үндсэн холимог хос, үндсэн баг, чөлөөт ганцаарчилсан, чөлөөт холимог хос, чөлөөт баг гэсэн зургаан төрлөөр болж байна.
Нээлтийн дараа хоёрдугаар дэвжээн дээр шагнал болоод бүсээ ахиулсан тамирчдыг урьж, шагналыг гардуулав. Харин нэгдүгээр дэвжээ буюу гол дэвжээн дээр өсвөрийн эмэгтэй багийн тэмцээн эхэлсэн. Үлдсэн дэвжээн дээр өсвөрийн эрэгтэй тамирчид ганцаарчилсан төрлөөр өрсөлдөнө. Зааланд цугласан хүмүүсийн ихэнх нь орон нутгаас хүүхэд залуучуудаа дэмжихээр ирсэн байх бөгөөд тоотой хэдэн хүн л энэ спортыг шимтэн үзэхээр зорьж иржээ. Мөн бага насны олон тамирчид байсан учир зааланд түм түжигнэж, бум бужигнаж, багш дасгалжуулагч нар ч хэрэндээ бяцхан тамирчдаа томоотой байлгахыг хичээж ажиллах аж.
Энэ үеэр дасгалжуулагч Н. Наранцогттай цөөн хором ярилцав. Түүний хувьд Дорнод аймгийн Хан-Оргил Соёлз клубээс шавь нарынхаа хамтаар хүрэлцэн ирсэн бөгөөд 1993 оноос хойш таеквондогоор тасралтгүй хичээллэж байгаа гэнэ. 2001 онд нээгдсэн тус клуб энэ удаагийн тэмцээнд 47 тамирчинтай ирж, 18 медаль хүртжээ. Энэ талаараа тэрбээр "Энэ удаагийн тэмцээн маш амжилттай зохион байгуулагдаж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад наад зах нь посторноос авхуулаад зохион байгуулалт зэрэг нь олон улсын стандартад нийцэж байгаа гэж харж байна. Манай клуб дөрөв дэх жилдээ энэхүү тэмцээнд амжилттай оролцож байна. Сэтгэл хангалуун байна" гэлээ.
Холбоотой мэдээ