НАТО-ийн шийдвэрлэх долоо хоног

Хуучирсан мэдээ: 2025.02.14-нд нийтлэгдсэн

НАТО-ийн шийдвэрлэх долоо хоног

НАТО-ийн шийдвэрлэх долоо хоног

АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоноор Украин болон Европын аюулгүй байдлын талаарх Вашингтоны амлалт тодорхойгүй зүйл болж хувираад буй. Оросын түрэмгийлэл эхлээд даруй дөрөв дэх онтойгоо золгох дөхсөн энэ цаг мөчид аюулгүй байдлын хамгийн том эвсэл НАТО-ийн хувьд шийдвэрлэх долоо хоног үргэлжилж байна. Тодруулбал, НАТО Брюссель дэх Батлан ​​хамгаалахын сайд нарын уулзалт болон Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр Украинд цэрэг, санхүүгийн дэмжлэг цаашид үзүүлэх эсэхийг тодорхойлно.

Энэ талаар НАТО-ийн нэрээ нууцалсан өндөр албан тушаалтан ярихдаа "Энэ бол маш чухал долоо хоног. Бид АНУ яг хаахна явааг ойлгож авах болно" гэжээ.

Урьдчилан таамаглах аргагүй байдлаараа алдартай Дональд Трамп АНУ-ын Украинд үзүүлж буй тусламжийг шүүмжилж, Владимир Путинд зөөлөн хандсанаараа холбоотнуудын бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Цаашилбал, Гренланд, Канадыг АНУ-ын нэг хэсэг болгох тухай үнэн худал нь үл мэдэгдэх яриа ч бухимдлын нэг шалтгаан болсон.

АНУ цаашид холбоотнууд болон дайснууддаа чиглэсэн ямар стратеги баримтлахыг олж мэдэхээр НАТО-ийн удирдагчид Трампийн засаг захиргааг амьсгаа даран ажиж байна.

Эхний уулзалт буюу НАТО-ийн батлан ​​хамгаалахын сайд нарын уулзалт Пүрэв гаригт болсон. Уулзалтад АНУ-ын Батлан хамгаалахын шинэхэн сайд Пит Хегсетт анх удаа оролцсон бөгөөд энэ нь түүний анхны томоохон сорилт болж буй нь дамжиггүй.

Харин Мюнхений аюулгүй байдлын бага хуралд Пит Хегсеттээс гадна Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Орос, Украины асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлог зэрэг АНУ-ын дээд албан тушаалтнууд оролцоно. Кит Келлогийн хувьд ойрын өдрүүдэд Мюнхен болон Европын бусад нийслэлд хийх айлчлалынхаа үеэр Украин дахь дайныг зогсоох хувилбаруудын талаар холбоотнуудаас санал авахаар төлөвлөж байна. Цуглуулсан саналуудыг ирэх долоо хоногт Трампад танилцуулах аж.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс ч энэ өдрүүдэд зүгээр суусангүй. Тэр Парист болсон хиймэл оюун ухааны дээд хэмжээний уулзалтын үеэр Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзсан. Мөн Лхагва гаригт Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй уулзсан юм.

Дээрх баримтуудыг харвал АНУ-ын албан тушаалтнууд газар сайгүй үзэл бодлоо илэрхийлэхийн зэрэгцээ холбоотнуудтайгаа зөвлөлдөж, санал сонсч яваа бололтой.

АНУ бол эвслийн ноён нуруу, хамгийн их цэргийн хүчин чадалтай логистикийн цорын ганц холбоотон, эцсийн дүндээ гишүүн орнуудын хамгаалалтын баталгаа юм. Тиймдээ ч Украинд цэргийн техник нийлүүлэхэд хамгийн том дэмжлэг үзүүлсэн улс юм.

Трампийн засаг захиргаа Украин дахь дайныг зогсоохын тулд яг ямар арга барилаар ажиллах талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг НАТО-ийн орнууд хүлээсээр байгаа нь ойлгомжтой. Харин АНУ энэ өдрүүдэд ОХУ-тай янз бүрийн түвшинд эрчимтэй яриа хэлэлцээ хийж байна. Түүнчлэн АНУ-ын засгийн газрын Ойрхи Дорнодын төлөөлөгч Стив Виткофф өнгөрсөн Мягмар гаригт 2021 оноос хойш Орост шоронд хоригдож байсан америк багш Марк Фогелийг суллахаар Орос руу ниссэн нь Украины дайныг зогсоохын өмнөх чухал алхам гэж Трамп хэлжээ. Мөн АНУ-ын иргэнийг сулласны хариуд Орост нэг их зүйл өгөөгүй гэж тэр хэлсэн байна.

"New York Times"-т мэдээлснээр Трамп дайныг зогсоох хувилбаруудыг судлахын тулд хэлэлцээрийн суваг нээхийг Виткоффт нууцаар даалгасан байж болзошгүй. Учир нь Виткофф Мягмар гаригт Москвад Путинтэй гурван цагийн турш уулзсан.

Дайныг зогсоохтой холбоотой аливаа шийдвэр эцэстээ Украины бүрэн эрхэд халдах ёсгүй гэдэгт НАТО-ийн албан тушаалтнууд санал нэгдэж буй.

НАТО-ийн ахлах албан тушаалтан энэ талаар ярихдаа "Бид дайныг зогсооход анхаарал хандуулах ёстой гэж ерөнхийлөгч Трамп хэлсэн. Энэ нь бидний хүсэлтэй яв цав нийцэж байна. Бид энэ дайныг сунгах бус дуусгах л зорилготой. Гэхдээ Украин бууж өгсний үндсэн дээр дайн зогссон гэх хувилбарыг хүсэхгүй. Энэ бол хэлэлцээр биш. Украин тусгаар тогтнолоо алдаж байж л дайн дуусна гэх юм бол энэ нь хэлэлцээр биш" гэжээ.

Европын нэрээ нууцалсан албан тушаалтан ч ижил зүйл хэлж байна. Тус албан тушаалтан "The Moscow Times" хэвлэлд яриа өгөхдөө "АНУ НАТО-д чухал үүрэг гүйцэтгэдэг. АНУ, ОХУ хоёрын хооронд зөвшилцөл явагдаж байгааг бид мэдэж байгаа. Гэсэн ч Украиныг хамгаалах нь бидний нэн тэргүүний зорилт хэвээр байгаа" гэжээ.

ОХУ ч НАТО-ийн дотоод хэлэлцүүлэг болон АНУ-ын шинэ засаг захиргааны байр суурийг анхааралтай ажиглаж, холбоотнуудын хооронд хагарал үүсгэх зорилготой мэдэгдэл хийж байна. Тухайлбал, ОХУ-ын Тагнуулын агентлагийн тэргүүн Мягмар гаригт мэдэгдэл хийхдээ "Украин болон түүний холбоотнууд Оросыг буруутгаж, энхийн хэлэлцээг тасалдуулахын тулд Балтийн тэнгис дэх хөлөг онгоцууд болон цөлөгдсөн Кремлийн шүүмжлэгчид рүү дайралт хийхээр төлөвлөж байна" гэсэн юм.

Гэхдээ НАТО-ийн өндөр албан тушаалтан энэ мэдэгдлийг няцаажээ.

ОХУ-ын хувьд эзлэгдсэн дөрвөн бүс нутгаас Украины цэргүүдийг гаргах, Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх гэсэн шаардлагуудыг тавьсан хэвээр байна.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рутте өнгөрсөн сард гишүүн орнуудад хандан Оросоос ирж буй аюул заналхийллийг даван туулахын тулд дайны үеийн сэтгэхүйд шилжихийг уриалсан юм. “Бид дөрөв, таван жилийн дараа тохиолдох зүйлд бэлэн биш байна” гэж тэр хэлсэн билээ. Өдгөө Европын удирдагчдын хувьд АНУ-ын дээд албан тушаалтнуудтай уулзаж, НАТО болон Вашингтон яг хаана байгааг тодруулахыг хүсч байна.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж