"Дэлхийд өрсөлдөхүйц хиймэл оюун ухаан хийх хүний нөөц алга"

"Дэлхийд өрсөлдөхүйц хиймэл оюун ухаан хийх хүний нөөц алга"

"Дэлхийд өрсөлдөхүйц хиймэл оюун ухаан хийх хүний нөөц алга"

НЭМЭЛТ: 

Цахим хөгжил, инноваци харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран өнөөдөр /2025.02.13/ Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэ үеэр хиймэл оюун ухааны эксперт Ц.Түвшинтөрөөс дараах тодруулгыг хийлээ.


-Монгол Улс хиймэл оюун ухаан их өгөгдлөө ашиглахын тулд хууль эрх зүйн орчноо бүрдүүлэх шаардлагатай талаар хэлэлцэж байна. Энэ шилжилтийг хийхэд Монгол Улс хэр бэлэн байна вэ?

-Олон улсад хиймэл оюуны судалгааны үр дүнд бүтээгдэхүүн болоод эрчимтэй хөгжсөн. Монгол Улсын хувьд хиймэл оюун ухааныг хүн бүр мэддэг болсон. Гэхдээ өдөр тутмын амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд нэвтэрхэд сэтгэл зүйн асуудал саад болно гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, айдас байж болно. Ажлаа алдчих болов уу, эсвэл мэдээллээ алдчих болов уу. Зөв мэдээлэл өгөхгүй буруу шийдвэр гаргачих болов уу ч гэдэг юм уу.  Сэтгэл зүйн энэ асуудал хөгжиж байгаа улсуудад тулгарч байгаа, тэр нь манайд харагдаж байгаа. Хамгийн бүтээмжтэй технологи, хамгийн бүтээмжтэй салбар гэвэл хиймэл оюун ухаан.

-Дэлхийн улс орнууд хиймэл оюун ухааныг ямар салбарт түлхүү ашигласнаар ололт амжилт гаргаад байна вэ. Монгол Улсын хувьд хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд дэлхийн жишигт нийцэхүйц дэд бүтэц нь бий болж чадсан уу. Бэхжүүлэхэд юун дээр нь анхаарах шаардлага байна вэ?

-Монгол Улсын хувьд хүний нөөц гэж юм бий.  Монголчууд хэдэн мянгаараа БНСУ-руу очиж ажиллаад эдийн засгийг өсгөж байна. Тэгвэл энийг хэд дахин үржихээр хүний нөөцийн зах зээл гэж бий. Гурван сая хүн бүгдээрээ хиймэл оюун сураад гадаадад юм уу, дотоодод ажиллахад тэндээс олох цалингийн орлого өөрөө асар өндөр байгаа. Тийм болохоор онцолж байгаа нь хүний нөөц.  Манайд хүний нөөц бүрдэж чадаагүй, өрсөлдөх чдавартай хиймэл оюун ухаан хийх, судлах, бүтээх хүний нөөц байхгүй. Математикийн уламжлалт эрдэм шинжилгээ, хөтөлбөр, сургалт дээр нөөцлөөд явж байгаа. Дэлхийд өрсөлдөх эрдэм шинжилгээ, хүний нөөц, байгууллага, институт, тогтолцоо бидэнд байхгүй. Энийг л хийх нь гол түлхүүр юм.  Одоо бол магистрт хиймэл оюуны хичээл оруулаад хүн сургачихлаа гэж байгаа. Оригналь өрсөлдөх чадвартай хөтөлбөр бидэнд байхгүй байна.

-Энэ чиглэлээр дэлхийд тэргүүлж байгаа улс орны техник технологийг нь оруулж ирээд, гаднаас багш экспортолж авъя гэвэл хэр их хугацаа шаардах вэ. Дэлхийд өрсөлдөхүйц баг бэлтгэе гэвэл?

-Санаачилж хэрэгжүүлж байгаа баг, түүнийг удирдаж байгаа удирдлагаас хамааралтай. Хүсвэл 70 жил ч хөгжүүлж болно. Мэдлэг чадвартай олон улсад ажилласан мэдлэг чадвар, туршлагатай баг бүрдүүлээд ажиллавал дөрвөн жилд нэг профессор гаргаж болно. Өнөөдөр эхлээд дөрвөн жилийн дараа 1000 профессор гаргаж ирж болно. Манлайлж байгаа, сэтгэж байгаа баг л гаргана.

-Хиймэл оюун ухааны чиглэлээр ажиллаж байгаа дэлхийн хүний нөөцийн жишиг цалин хэд байдаг юм. Манайд дэлхийн хэмжээний цалин олгохгүйгээр боловсон хүчин бэлтгээд эх орондоо ажиллах хэцүү ш дээ?

-Цалинг сайн өгөхгүйгээр энд мянган мундаг толгой ажиллаад эндээс юу ч гарахгүй. Уламжлалт мэдээлэл технологи сарын 10 мянган ам.доллараар цалинжиж байна. Хиймэл оюун ухааны 300 гаруй мэргэжилтэн байна, тэрнээс авъяастай манлайлж байгаа нь цөөн.  Цалин нь жилийн 800 мянган ам.доллар хүртэл явна. Тэгэхээр сарын 80 мянган ам.доллар гэсэн үг. Тэр хүний нөөцийг бэлтгэж чадвал Монгол хүн сард 80 мянган ам.долларын цалин авна гэсэн үг. Тэр хүртэл мөн ч их өрсөлдөөн, хугацаа байна. Зөв хийвэл 4 жилийн л асуудал. Хийж чадахгүй бол 40 жил ч үргэлжилнэ.

-Монгол Улс төрийн үйлчилгээгээ цахимжууллаа гэсэн хэрнээ бодит байдал дээр асуудалтай хэвээр байгаа.  Хиймэл оюун ухаан гээд гоё зүйл яриад байгаа боловч хэрэглээнд нэвтрүүлэхэд юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Сэтгэл зүйн асуудал байгаад байна.  Зарим нэг нь айдастай байгаа. Энэ нь хамгийн том бэрхшээл болоод байгаа. Их дээд сургуульд 16, 17 лекц яваад нэг том сместр дуусдаг. Тэгэхээр гурав, дөрвөн сарын л хугацаанд өндөр мэдлэгтэй, өндөр чадвартай боловсон хүчнийг бэлтгэх боломжтой.  Хэрэв сэтгэл зүйтэйгээ төрийн хүнд суртал нийлэх юм бол тэр цалин хэрэгтэй, ингэж болохгүй, тэгж болохгүй гээд сунжраад байна гэсэн үг.

-Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд төр болоод хувийн хэвшлитйн оролцоо ямар байх ёстой вэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах тухай яриад байна л даа. Гэтэл хөрөнгө оруулагч ашигтай нөхцөлд л ажиллана. Монголд хууль эрх зүйн орчин нөхцөл нь байна уу?

-Шулуухан хэлэхэд байхгүй гэж хэлнэ. Хаана байгаагаа маш сайн мэдэх хэрэгтэй. Гурван долоо  хоногийн өмнө DeepSeek гэдэг бүтээгдэхүүнийг бид харлаа. Бага зардлаар хурдтай хийж байгаа харагдавч цаана нь Хятадын том их сургууль, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллаж байна. Нарийн ажиглах юм бол энэн дээр нэг зарчим байгаа. Өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн хийхийн тулд заавал эрдэм шинжилгээний нийтлэл бичнэ. Зөвхөн инженеринг хийгээд гарааны компани дэлхий дээр гарна гэж байхгүй, энийг сайн ойлгох хэрэгтэй. Эрдэм шинжилгээ ажиллаж, түүнийгээ олон улсад танилцуулж хэдэн жил өнгөрөөнө. Тэрний дараа бүтээгдэхүүн инженерчлэлд орж, хэрэглэгчийн гар дээр очихын тулд нууц хамгаалал, ачаалал даах чадвар, бизнесийн өртөг, үнэ дэс дараатай бодлого явж байж хүчирхэг бүтээгдэхүүн гарч олон улсын зах зээлд нөлөөлж байж, 2030 онд гарах гээд байгаа 1.3 триллон ам.доллар дээр очиж юм авна гэсэн үг. Түүнээс энд нэгнээ магтаад ганц хоёр бүтээгдэхүүн хийгээд явахгүй.

Тийм учраас нэн даруй 16 долоо хоногийн дараа олон улсад өрсөлдөж чадахүйц лекцийг их сургуулийн танихимд тавьж байх ёстой, 4 жилийн дараа дэлхийд өрсөлдөхүйц чадвартай профессоруудаа бэлтгэх хэрэгтэй. Тэгж байж л цааш явна даа.

 

“Хиймэл оюун ухаан дээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай”

Цахим хөгжил, инноваци харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран өнөөдөр /2025.02.13/ Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Тус чуулганд оролцсон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр суурийн төлөөлөгч Д.Матилда “Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухааны стратеги тодорхойлох арга хэмжээг зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой.  Энэ стратегийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил манлайлан оролцох нь чухал гэж үзэж байна.

Монгол Улсын хувьд аль салбарт хиймэл оюун ухааныг илүү ашиглах шаардлага хэрэгцээ байгаа вэ гэдэг дээр бидний хийж байгаа судалгаагаар илүү тодорхой болно. Одоохондоо судалгаа хараахан дуусаагүй байгаа. Дижилталь шилжилтийн хувьд хэлэхэд асар их хэмжээний чанартай дата цуглуулах шаардлагатай, олон чанартай дата цуглуулж байж явна. Ногоон дэд бүтцийг бий болгох, хүний нөөцөө сайжруулах шаардлагатай. Хиймэл оюун ухаан дээр ажиллах, хангалттай хүний нөөцтэй болох нь чухал. Мөн хиймэл оюун ухаан цааш хөгжихөд эрх зүйн таатай орчин бий болгох нь чухал байгаа. Сая бид Сингапур улсын жишээг авч үзлээ. Тус улс хиймэл оюун ухааныг онцолсон салбар дээр хэрэгжүүлж байна. Эрүүл мэнд, ногоон хот хөгжүүлэх чиглэл рүү хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байна. Удахгүй Малайз улсын жишээг сонгон ярина. Монгол Улсын хувьд хиймэл оюун ухааныг хөгжүүлэхдээ өөрийн гэсэн санхүүжилтийн схем болон бодлогоо боловсруулах нь зүйтэй юм” гэлээ.

Сануулахад, Монгол Улсад өнөөдрийн байдлаар хамгийн их өгөгдөл цугларсан салбар нь эрүүл мэнд гэж үздэг. Хиймэл оюуныг хөгжүүлэх суурь нь өгөгдөл. Дата хаана бэлэн байна тэр салбарт хиймэл оюуныг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Тиймээс энэхүү бүрдсэн датаг ашиглахад хууль эрх зүйн орчны зохицуулалт чухал аж. Гэвч аливаа өгөгдлийг ашиглахад зөвшөөрлийн асуудал өнөөдрийг хүртэл гарсаар байгаа нь хиймэл оюуны хөгжилд тушаа болж байгааг эрдэмтэн, судлаачид анхааруулдаг. Мөн нөөцөө тодорхойлох, өгөгдлийн нэгдсэн стандарттай болох, чанар үнэлгээ зэрэг асуудлууд ч яригддаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 минутын өмнө 202.9.46.55

үнэн, наадах чинь шинжлэх ухааны мэдлэг ашиглаж явдаг салбар. манайх шиг дарга ангийг шүтдэг, хулгай улстөржилт хоёроор явдаг нийгэмд хамаагүй ажил.

Avatar

Зочин 27 минутын өмнө 122.201.31.192

Арын хаалгаар ажилд орсон баагийнууд шаардлага хангахгүй байна уу?

Avatar

Нэргүй 32 минутын өмнө 202.70.43.34

Монголд одоол Байгууллагуудын Интернэт, Компьтерын хэрэглээ соёл хэвшмээр аядаж бна, дарачийн шат нь Системийн автоматжуулалтаа ч хийж сураагүй байхад юун Хиймэл Оюун цаашаааа

Avatar

Нэргүй 34 минутын өмнө 202.70.43.34

Ардчилсан Монгол улс мань өнгөрсөн 30-ад жилдээ НИЙГМИЙН АСУУДЛУУДАА 100% ШИЙДЭЖ ЧАДААГҮЙ мөртлөө л Үсчээд Шат ахисан түвшний хэрээсээ хэтэрсэн юмс Агаар дээр яриад2 явчих юмдооо……УТАА, ТҮГЖРЭЛ, БАЙГАЛЬ ОРЧНЫ БОХИРДОЛ, МАССЫН БОЛОВСРОЛ, ЭРЧИМ ХҮЧ, ХООЛ ХҮНС, НИЙТИЙН ТЭЭВЭР ХҮРТЭЭМЖ…гх мэт юун түрүүнд шийдчихдэг ч болоосой….

Avatar

Нэргүй 35 минутын өмнө 49.0.139.217

бидэнд гарч байгаа, өөрсөдөө олж харах, хүсэх байх аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж