"AI" салбарын нууцлаг пирана

ХҮМҮҮС

"AI" салбарын нууцлаг пирана

"AI" салбарын нууцлаг пирана

Технологийн салбарт хүч түрэн орж ирсэн “DeepSeek”-ын үүсгэн байгуулагч Лианг Вэнфэнг Хятадын цагаан сарын баяраар төрөлх тосгондоо буцаж ирэхэд нь түүнийг баатар хэмээн хүлээн авч, өргөмжилсөн байдаг. Тэгвэл, хиймэл оюун ухааны салбарт шинэчлэлийг бий болгосон Лианг Вэнфэнг гэж хэн болох талаар Ньюс агентлаг ХҮМҮҮС буландаа онцолж байна.


“DeepSeek” платформ нээлтээ хийгээд удалгүй "App store"-оос хэрэглэгчдийн хамгийн их татсан аппликейшн болсноор Лианг Вэнфэнгийн алдар нэр АНУ-ын хөрөнгийн зах зээлийг донсолгоод зогсохгүй дэлхий дахинд цуурайтлаа. Гэхдээ Лианг үүнээс ч өмнө алдартай байжээ.

Тэрбээр 1985 онд Хятадын Гуандун мужийн Учуань хотын Милилинг тосгонд төрсөн. Эцэг эх нь хоёулаа бага ангийн багш байсан тул Лианг дунд сургуулийнхаа хамгийн шилдэг сурагч байжээ. Тосгоны оршин суугчдын хэлснээр, Лианг математикийн хичээлдээ гоц гойд амжилт үзүүлдэг байсан төдийгүй хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг байв. Жэжян их сургуульд боловсрол эзэмшсэн Лианг 2007 онд цахим мэдээллийн инженерээр бакалавр, 2010 онд мэдээлэл, харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Түүний магистрын төгсөлтийн ажил нь "Хямд өртөгтэй ‘PTZ’ камер дээр суурилсан зорилтот хяналтын алгоритмын судалгаа" нэртэй байсан аж.

2008 онд Лианг ангийн нөхөдтэйгөө хамтран зах зээлтэй холбоотой мэдээлэл цуглуулах баг бүрдүүлж байжээ.

Тэд хамтдаа тоон арилжааг судлах чадвартай технологийг бий болгохоор ажиллаж байсан. Тухайн үед Хятадын эдийн засгийн нөхцөл байдал хамгийн доод шатандаа хүрч, хямралд ойртсон байсан тул хожим энэ мэт асуудлаас урьдчилан сэргийлэх боломжийг бий болгох зорилго тавьсан байна. Сургуулиа төгсөөд Лианг Сычуаны Ченду хот руу нүүж, хиймэл оюун ухааныг төрөл бүрийн салбарт хэрхэн ашиглах талаар туршиж эхэлжээ. Гэсэн хэдий ч хангалттай хэмжээний санхүүжилтгүй байсан тул уг туршилт нь удаа дараа бүтэлгүйтсэн юм.

Дараа нь 2013 онд Лианг хиймэл оюун ухааныг тоон арилжаатай нэгтгэх оролдлого хийж, Жэжян их сургуулийн төгсөгч Шү Жинтэй хамтран “Hangzhou Yakebi Investment Management Co Ltd” компанийг байгуулжээ.

2015 онд тэд “Hangzhou Huanfang Technology Co Ltd”-ийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь одоогийн “Zhejiang Jiuzhang” хөрөнгийн менежментийн аварга компани юм. Лианг 2015 оны зургадугаар сард “High-Flyer”эрсдэлийн санг үүсгэн байгуулсан гэж Хятадын “QQ.com” цахим хуудас мэдээлсэн байна. Түүний баг хамт олон математик болон хиймэл оюун ухааныг ашиглаж, үйлчлүүлэгчдэдээ хамгийн сайн үр дүнг бий болгохоор хичээж байв. Гэсэн хэдий ч 2019-2023 оны хооронд Covid-19 цар тахал гарснаар ажил нь удаашралд орсон.

Энэ л үед Лианг хиймэл оюун ухааны салбарт татагдаж, эрсдэлийн сангаа сайжруулах аргыг эрэлхийлэх болсон юм. Улмаар 2021 онд “High-Flyer” эрсдэлийн сан тухайн үедээ хамгийн сүүлийн үеийн боломжуудыг бий болгож, 100 тэрбум юанийн хөрөнгийг босгож чаджээ.

Тиймдээ ч Гуандун мужийн тосгоны хүү нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэх дэлхийн хамгийн хөрөнгөтэй эрхмүүдийн эгнээнд жагсах болсон байна.

Лианг 2023 оны долдугаар сард “DeepSeek”-ийг албан ёсоор үүсгэн байгуулсан. “The Times” сонинд мэдээлснээр, тухайн оны тавдугаар сард “High-Flyer” ерөнхий хиймэл оюун ухааныг хөгжүүлнэ гэж тэрбээр мэдэгдсэн хэдий ч сангийн үйл ажиллагаагаа хааж, зөвхөн “DeepSeek”-ийг ажиллуулах болжээ. Онцлууштай нь, Лианг хиймэл оюун ухааны салбартаа барууны зарцуулсан хөрөнгөнөөс хэд дахин бага мөнгө зарцуулсан. Энэ нь дэлхий нийтийг гайхшируулсан гэдэгтэй хэн ч маргахгүй. 2025 оны нэгдүгээр сард гаргасан “DeepSeek”-ийн “DeepSeek-R1” загвар нь улам сайжирсан, хүчирхэг өгөгдлийг бий болгох чадвартай бөгөөд технологийн ертөнцөд ихээхэн шуугиан тарьсан юм. Учир нь "Зах зээл өөрчлөгдөж байна" гэж Лианг тайлбарласан байна.

Тэрбээр мөн амьдралынхаа хамгийн сайн сурсан зарчмын талаар хэлэхдээ "Жинхэнэ шийдвэр гаргах хүч нь ихэвчлэн ямар нэгэн бэлэн дүрэм, нөхцөл биш, харин өөрчлөлтөд дасан зохицох чадвар юм" гэжээ.

Өдгөө “DeepSeek”-ийн үнэлгээ 1 тэрбумаас 150 тэрбум ам.доллар хүрч, Лианг Азийн хамгийн чинээлэг технологийн бизнес эрхлэгчдийн жагсаалтыг тэргүүлж байна. Тэрбээр “DeepSeek”-ийн 84 хувь, “High-Flyer Capital Management”-ийн 76 хувиас доошгүй хувийг эзэмшдэг. Энэ оны эхээр Лианг ерөнхий сайд Ли Цян болон бусад мэргэжилтнүүдтэй симпозиумд оролцож, гол технологи, тэдгээрийн хөгжлийн талаар хэлэлцсэн байна. Гэсэн хэдий ч нэр хүнд, хөрөнгө мөнгө нь өсөхийн хэрээр Лианг олон нийтийн нүднээс хол байхыг илүүд үзэж, ажилдаа анхаарлаа хандуулахыг чухалчилж байна.

ЭХ СУРВАЛЖ: ENTREPRENEUR, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

987 3 цагийн өмнө 103.10.22.222

Ганц хүн битгий хэл нэг компани дангаараа хийж чадахгүй их датаг нэгтгэж боловсруулсан гэхээр л эргэлзээ төрөөд байгаа юм даа… Ийм их датаа боловсруулах төв БНХАУ-д ЗГ-ын оролцоогүй хийх ямарч боломжгүй

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.70.43.34

Хятадууд нээрэ мундаг шүү ….

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.126.91.139

Зассс т

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж