Төлбөртэй авто зогсоолоос 1.1 тэрбумын орлого төвлөрүүлнэ

Төлбөртэй авто зогсоолоос 1.1 тэрбумын орлого төвлөрүүлнэ

Төлбөртэй авто зогсоолоос 1.1 тэрбумын орлого төвлөрүүлнэ

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Авто зогсоолын удирдлага хяналтын хэлтсийн дарга Л.Рэнцэнхандаас авто зогсоолын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тодрууллаа.


-Төлбөртэй авто зогсоолтой холбоотой иргэдийн гомдол их байна. Өнөөдрийн байдлаар нийслэлтэй албан ёсны гэрээ байгуулан, автомашины төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлдэг хэчнээн аж ахуйн нэгж байна вэ? 

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн 75 байршилд 1889 зогсоол нийслэлтэй албан ёсны гэрээ байгуулан төлбөртэй авто зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байна.

-Нийслэл дэх авто зогсоолын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоохоор санал боловсруулж байгаа тухай 2024 онд мэдээлж байсан. Тус ажил үргэлжилж байгаа юу? 

-Одоогийн байдлаар төлбөртэй авто зогсоолын үнэ тарифт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байгаа. 2011 онд баталсан авто зогсоолын үнэ тариф өнөөдрийн тухайд дагаж мөрдөхөд боломжийн гэж дүгнэсэн. Харин 2022 оны арванхоёрдугаар сард түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай батлагдсан хуулийн хүрээнд нийслэлийн Засаг даргын тушаалаар Нийтэд үйлчлэх авто зогсоолын журмыг батлахаар заасан байгаа. Үүнтэй холбоотойгоор уг журмыг боловсруулан, одоогоор хяналтын шатандаа явж байна. Эцэслэгдэж, батлагдаагүй байгаа.

-Дээрх журмын хяналтыг хаана хариуцах вэ, журамд ямар асуудлуудыг тусгасан бэ? 

-Боловсруулсан журмыг НЗДТГ-ын Хууль эрх зүйн газраар хянуулж байгаа. Журамд зогсоолоор үйлчлүүлэгч болон зогсоолын үйл ажиллагаа эрхлэгчийн эрх, үүргийг тусгасан байгаа. Мөн бидний яриад байдаг зогсоолын нэгдсэн удирдлагын системийг бий болгох асуудалд зогсоолын үйлчилгээ эрхлэгч ямар шаардлагыг хангасан байх талаар зааж өгсөн. Түүнчлэн нийтийн болон хувийн эзэмшлийн газар дээр төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд ямар шаардлага хангасан байх, ямар зохицуулалт хийх талаар нарийвчлан тусгасан. Нэг ёсондоо зогсоолын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн орчныг сайжруулж байгаа нэг хэлбэр юм. Өнөөдрийн байдлаар эдгээр асуудлууд тодорхой бус байгаа. Тиймээс үүнд илүү дэлгэрэнгүй зохицуулалт шаардлагатай.

-Өнгөрсөн жил авто зогсоолын төлбөрөөр дамжуулж, нийслэлд 900 гаруй сая төгрөг төвлөрүүлсэн. Энэ жилийн тухайд замын сангийн орлого төвлөрүүлэх ажлын биелэлт ямар байна вэ? 

-Жилд дунджаар 900 саяас 1.4 тэрбум төгрөгийг авто зогсоолын төлбөрөөр дамжуулж, нийслэлд төвлөрүүлдэг. Энэ нь зогсоолын тоо, хүртээмжээсээ хамаараад янз бүр байдаг. Энэ жилийн тухайд 1.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 2025 оны тухайд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдийн гэрээний сунгалт хийгдээгүй байна. 2025 оны нэгдүгээр сарын 31-ны байдлаар авч үзвэл 20 хувийн гүйцэтгэлтэй байна.

авто зогсоол | News.MN

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа журмаар нийслэлийн өмчийн нутаг дэвсгэр дээр авто зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд ямар шаардлага тавьж байгаа вэ? 

-Бид тухайн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийдэг. Тиймээс гэрээний үүргээ л биелүүлнэ гэсэн үг. Үйл ажиллагаа эрхлэгчтэй хийж байгаа гэрээ учраас олон нийтэд мэдээлэх боломжгүй байдаг. Дээр дурдсан төлбөртэй авто зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байгаа 75 байршилд нийслэлийн болон хувийн эзэмшлийн газар аль аль нь хамаарч байгаа. Эзэмшлийн хувьд янз бүр гэсэн үг. Аж ахуйн нэгж гэдэг утгаараа ойр орчмын 50 метр хүртэлх газрынхаа цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах гэх мэт асуудлыг хүртэл тухайн үйл ажиллагаа эрхлэгчтэй байгуулсан гэрээнд заасан байдаг.

-Улаанбаатар хотод автомашины түгжрэл үүсэхэд авто зогсоолын хүртээмжгүй байдал нөлөөлж ирсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Цаашид энэ тал дээр хэрхэн анхаарах вэ? 

-Нийслэл дэх авто зогсоолыг төлбөртэй болгох гэхээс илүү, зогсоолын хүртээмж, эргэлтийг сайжруулахын тулд их багтаамжийн зогсоолуудыг  бий болгохоор зорьж байна. Тухайлбал, зарим гараажуудыг буулгах ажилтай уялдуулан Хотын стандартын газартай хамтран судалгаа хийж эхэлж байгаа. Гэхдээ яг ямар байршилд, хэчнээн тооны зогсоол барина гэсэн шийдвэр гараагүй байна. Аль дүүрэгт, ямар боломжтой байршил байна гэдэг дээр судалгааны түвшинд ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 1 минутын өмнө 202.126.89.12

Жаахан ухаан зараад энэ асуудлаа аятайхан шийдмээр юм. Олон жил замбараагүй байна. Нэг авгай ирээд л төдөн төгрөг өг гэж загнаад л авна. Ямар ч баримт байхгүй. Хаана ордог орлого юм бэ?

Avatar

нийслэл 6 минутын өмнө 139.5.216.130

Оффисийн барилгын гадна талын зогсоолд хаалт хийх зөвшөөрөл авахаар яахаараа нийслэлд татвар төлөх ёстой байдаг юм бэ? Нийслэлийн өмч биш ш дээ. Тэгсэн мөртлөө цэвэрлэгээ засвар үйлчилгээ хийх болохоор оффисийн барилга хариуцаж байгаа компани өөрсдийнхөө мөнгөөр хийнэ. Орлого олохоор 60-70%-ийг нийслэлд төлөх ёстой. Ямар журам гэхээрээ ийм байдаг юм бэ? Нийслэл өөрийнхөө өмчийн талбайдаа л зогсоол хийвэл орлогоо ав л даа.

Avatar

хүннү 1 цагийн өмнө 202.179.25.179

Авто зогсоолыг хүртээмжтэй барих ёстой. Гражуудыг буулгаад оронд нь ногоон байгууламж нэртэй хогны цэг байгуулсан. Ямар тэнэг хүн төв замтай зэрэгцсэн тоглоомын талбайд хүүхдээ тоголуулах юм? 3-4 байрны дунд томоохон тоголоомын талбай байгуулж үлдсэн газарт нь цэвэрхэн зогсоол байгуулах хэрэгтэй байна. Юм л бол “ногоон байгууламж” гэж хошуурсаар, түүнийгээ арчилж чадахгүй нохойны баас шээсний газар байгуулсан.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.114.117

Баримт өгөхгүй өөрсдийнх нь хүмүүс ажиллуулдаг луйвар даа.

Avatar

Иргэн. 4 цагийн өмнө 43.228.129.139

Нийслэлийн хэдэн төлөөлөгчид нь халаасны хүмүүстэй тараагаад өгцөн өдөрт 2-3 сая, зарим нь 20 сая төгрөг хийдэг зогсоолууд шүүдээ. Тэр битгий хэл орлого оруулмаар юмдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж