"Талх чихэр" ХК-ийн хэвийн боовны үйлдвэрлэл эхэллээ

"Талх чихэр" ХК-ийн хэвийн боовны үйлдвэрлэл эхэллээ

"Талх чихэр" ХК-ийн хэвийн боовны үйлдвэрлэл эхэллээ

Үндэсний үйлдвэрлэгч "Талх чихэр" ХК-ийн хамт олон Хөхөгчин могой жилийн хэвийн боовны үйлдвэрлэлээ өнөөдөр /2025.02.12/ албан ёсоор эхэллээ. Тус компани жил бүрийн сар шинийн баярыг угтан хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд могой жил гарч байгаатай  холбоотойгоор арвижин дэлгэрэхийг бэлгэдэж, "Арвижих ерөөлтэй цагаан сар" нэрийн хүрээнд хэрэглэгчдийн таашаалд нийцсэн уламжлалт хэвийн боовноос гадна цоо шинэ бүтээгдэхүүнээ танилцуулснаараа онцлог байлаа.

Таваг дүүргэх "Арвижих" боорцгоос гадна идээ засахад өнгөтэй, идэхэд амттай, арвайн гурил шингэн сүүгээр зуурч бэлдсэн шанзтай тавгийн идээг шинээр худалдаанд гаргасан байна.

"ТАВГИЙН ИДЭЭ ДҮҮРГЭХ "АРВИЖИХ" НЭРТЭЙ БООРЦГИЙГ ХУДАЛДААНД ГАРГАЖ БАЙНА"

"Талх чихэр" ХК-ийн Маркетингийн албаны дарга Б.Энхдэлгэр:

-Манай компан жил бүр ирэх жилийн идээний өнгө "Атар", төрийн хүндэтгэлийн идээ "Түмэн насан", залуу гэр бүлд зориулсан "Өв соёл", өнөд оршихуйн бэлгэдэл "Язгуур" зүсэлттэй хэвийн боов гэсэн дөрвөн төрлийн хэмжээтэй хэвийн боовыг үйлдвэрлэдэг. Энэ жилийн хувьд могой жил гарч байгаатай холбоотойгоор "Арвижих ерөөлтэй цагаан сар" нэрийн хүрээнд хэвийн боовнуудаа үйлдвэрлэж эхэлж байна.

Мөн цоо шинэ бүтээгдэхүүн болох тавгийн идээ дүүргэх "Арвижих" нэртэй боорцгийг худалдаанд гаргаж байгаа юм. Уг боорцгийг 10 ширхэгээр савласан бүх хэвийн боовондоо дагалдуулж өгөх бөгөөд таваг дүүргэсэн ширхэгийн тоогоор арвижин үржихийг бэлгэдэн шинэ бүтээгдэхүүнээ ийнхүү нэрлэсэн.

Мөн хэвийн боовоо дагалдуулан шанзтэй еэвэн өгдөг. Манай "Түмэн насан" болон "Язгуур" хэвийн боовны гол орц болох  шар тосны агууламж өндөртэй байдаг бөгөөд 21 аймгийн малчдаас шар тосоо шууд худалдан авч, өөрсдийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилж, бүтээгдэхүүндээ хэрэглэдэг.  Бид энэ жил "UB Pаlace" болон "Мишээл" төв гэсэн нийслэл хотын хоёр байршилд гарч буй үзэсгэлэн худалдаанд оролцохоос гадна бүх сүлжээ дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ бөөний үнээр худалдаалж байна гэсэн юм.

Хэвийн боовны үнийн хувьд 5600 төгрөг,  "Арвижих" боорцог 4800 төгрөгөөр худалдаалж байна.

"АТАР" ХЭВИЙН БООВНЫ БАЯРЫН БАРИЛДААНААС ОЛОН УЛСЫН ЦОЛТОЙ БӨХ ТӨРӨН ГАРСАН"

МҮБХ-ны Ерөнхий менежер С.Гантөр:

-"Талх чихэр" ХК бол үндэсний үйлдвэрлэгч компани. Сар шинийн баярыг угтан олон сайхан брэнд бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдэдээ худалдаанд гаргадаг нээлтийн арга хэмжээ болж байна. Жил бүр энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж, ард түмнийхээ нас, найранд нь тохирсон сайхан хэвийн боовыг үйлдвэрлэдэг. Мөн шинэ он дөнгөж гарангуут аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдааныг "Атар" хэвийн боовны баяр нэрээр зохион байгуулдаг. Анх 2006 оны сар шинийн баярыг угтаж энэ барилдааныг зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Цар тахлын үеэр нэг жил тасарсан байдаг.

Шинэ оны эхний барилдаан гэдэг утгаараа их бэлгэшээлтэй барилдаан болж, залуу бөхчүүд их ач холбогдол өгдөг.  Энэ жилийн хувьд хамгийн олон аймгийн арслан цолтой бөхчүүд зодоглолоо.

Мөн бөхийн шинэ залуу үе гарч ирж байгааг харуулж, барилдааны шөвгийн найман бөхийн хоёр нь 2003 оны бөх байх жишээтэй. Энэ барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр хоёр дахь удаагаа түрүүллээ. "Атар" хэвийн боовны баярт түрүүлсэн бөхчүүд бүгд улсын цол хүртсэн. Одоогоор хоёрхон бөх улсын цол аваагүй байгаа ч хамгийн өсөх ирээдүйтэй, улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэгдэж байна. Энэ барилдаанаас улсын аварга, улсын арслан, улсын гарьд, улсын заан, улсын харцага, улсын начин гээд олон сайхан бөх төрөн гарсан байдаг. Энэ сайхан барилдаан дээр үндэсний үйлдвэрлэгч "Талх чихэр" ХК-тай 20-иод жил хамтран ажиллаж байна.

"ТАЛХ ЧИХЭР" ХК-ИЙН МАШ ОЛОН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ӨДӨР ТУТАМДАА ХЭРЭГЛЭДЭГ"

"Талх чихэр" ХК-ийн хэрэглэгч Т.Ананда:

-Хүүхэд ахуй цагаасаа өвөө, эмээтэйгээ сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Миний хувьд үндэсний уламжлалт баярт их ач холбогдол өгч, өргөн дэлгэр тэмдэглэдэг. Мөн баярын ширээгээ "Талх чихэр" ХК-ийн бүтээгдэхүүнээрээ хүндэтгэлийн тавгаа засдаг. Мэдээж үндэсний үйлдвэрлэгч брэнд болсон 41 жилийн түүхтэй энэ компанийн бусдаас ялгарах онцлог гэж байна. Бүтээгдэхүүнүүд нь өег, хаврын урт өдрүүдэд хийцтэй цайтайгаа хэвийн боовоо идэхэд маш сайхан байдаг.

Энэ компанийнхаа маш олон бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэдэг. Цагаан сарын баяр нь хүн зон олныг цуглуулж, ахмад бууралтайгаа мэнд мэдсэн хамгийн сайхан баяр байдаг. Энэ баярынхаа өнгийг "Талх чихэр" ХК-ийн хэвийн боовоор тодорхойлдог.

"ҮЙЛДВЭРЛЭЛДЭЭ ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ АШИГЛАЖ БАЙНА"

"Талх чихэр" ХК-ийн Лаборатори, чанарын албаны дарга Г.Өлзийдолгор:

-Манай бүтээгдэхүүний онцлог гэвэл, хэвийн боовны долоон нэр төрлийн "Атар", "Түмэн насан", "Өв соёл", "Язгуур" гэсэн дөрвөн брэндийг үйлдвэрлэж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд маань өөрийн гэсэн орц, найрлагатай. Уламжлалт хэвийн боовны орц, технологийг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаж байна. Бид үйлдвэрлэлдээ дэвшилтэт технологийн  шүүгчийг нэвтрүүлсэн.

Магадлан итгэмжлэгдсэн лабораторийн хувьд түүхий эд болох шар тос, сүү зэргийн чанарын үзүүлэлт, эрүүл ахуйн шинжилгээ хийж, ажиллаж байна. Мөн бэлэн бүтээгдэхүүнүүд дээр эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын стандартыг ханган ажиллаж байгаа гэв.

ҮНДЭСНИЙ ДАРХЛАА БОЛСОН БОСОО МОНГОЛ БИЧГЭЭ СУРТАЛЧЛАН ТАНИУЛЛАА

Нээлтийн үйл ажиллагааны үеэр уран бүтээлчдийн төлөөлөл ая дуугаа өргөхөөс гадна ирсэн зочид өөрсдийн нэрээ босоо монгол бичгээрээ мөнхлөн авч үлдэж байгаа нь өнөөдрийн арга хэмжээний гол онцлог байлаа.

Монгол хэлний тухай хуулийн дагуу Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулах захирамж гарсантай холбоотойгоор үндэсний дархлаа болсон босоо монгол бичгээ уламжлан таниулж, өвлүүлэн үлдээх зорилготой гэдгийг "Талх чихэр" ХК-ийн хамт олон онцолж байв.

Гэрэл зургийг С.Алтангэрэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж