Оюутан охинд өрөө хөлслүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Оюутан охинд өрөө хөлслүүлнэ

Хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ үед нийслэлийн хөл хөдөлгөөн ихэсч, хаа сайгүй ачаалал нэмэгдэн бөөн асуудал босдог. Энэ бүх асуудлын эзэн, хөдөөгийн оюутнуудад бас өөрийн гэсэн “асуудал” бий. Үүнийг бичихдээ нэлээд хэдэн их сургуулийн оюутан залуустай уулзаж зовлон, жаргалыг нь сонссон юм.

Намар намарт хөдөөнөөс Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын их нүүдэл тасардаггүй. Эрдэм сурахаар хүний газар ирэхэд нь ямаршуухан амьдрал хүлээж байдгийг өөрсдөө яахан мэдэх билээ. Орон байр олох, шинэ хүмүүстэй учраа олох, хичээл номоо хийх, их хотын нүргээнт амьдралд хөлөө олох гээд асуудал ар араасаа ундардаг. Хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд толгой хоргодох гэж юун түрүүнд сургуулийнхаа дотуур байрыг бараадна. Мөрөөдлийн хөлөг онгоц олон ангит уран сайхны киног та санаж байгаа. Оюутан цагийн хөгжилтэй сайхан он жилүүдийг дотуур байрны оюутнуудын амьдралаар харуулсан энэ кино бол зөвхөн гэгээлэг талаас нь харуулсан бүтээл. Оюутан залууст үнэндээ байр хүрэлцдэггүй юм, аргалаад орсон байлаа ч их л хүнд нөхцөлд дөрвөн жилийг өнгөрөөнө. Жишээ болгож МУИС-ын дотуур байрын талаар товчхон дурдъя. Нийт таван оюутны байртай энэ сургууль 16 м2 орчим талбай бүхий нэг өрөөнд 6 хүүхэд суулгах нормтой гэнэ. Улсын жишгээр нэг хүнд орон сууцны 9м2 талбай ноогдох учиртай ажээ. Жилээс жилд нэмэгдэж байгаа оюутны тооноос болоод байранд орсон хөдөөгийн оюутанд сүүжээ л тавих зай олддог аж.

Бас болоогүй байрны комендатууд нь байрны төлбөр 155 500 төгрөгийг хоёр нугалж төлсөн оюутныг “нөгөө зургаа” дээр нэмээд л байдаг гэнэ. Орон сууцны байтугай оюутны байрны норм нь хэтэрчихээд байхад хүн нэмээд л байхаас хасна гэж үгүй. Байрныхаа үндсэн төлбөрийг төлсөн “бүрэн эрхэт” оюутнууд хахуульд хавчигдахын зовлонг эндээс үзэж эхэлнэ. “Бидний ирээдүй” гэж цаасан малгай өмсгөдөг оюутан залуус номоо дэлгээд тавих зайгүй умгар өрөөнд багтаж ядан өдөр хоногийг аргацаадаг. Мөрөөдлийн хөлөг онгоц кинонд нэг өрөөнд 4 оюутан амьдарч буйгаар гардаг бол амьдрал дээр 7, 8 ч хүрнэ.

Оюутны байрны зовлон үүгээр дуусчихдаггүй. Ар гэрээс нь мөнгө төгрөг ирэх, ирэхгүй тохиолдол захаас аван. Оюутан охидын энэ сул талыг ашиглаж бизнес хийдэг хүмүүс бэлээхэн бий. Дутагдаж гачигдахын эрхээр зарим охид биеэ үнэлж эхэлдэг. Сүүлдээ сургуулиа орхиж, хэзээ ч гарахааргүй эргүүлэгт орчихно. Яг ийм сэдэвтэй Оюутан охинд өрөө хөлслүүлнэ гэдэг уран бүтээл хүртэл гарсан. Энэ жүжгийн үзэл санаа нь ч тэр, зохиол нь ч тэр нийгэмд асуудлыг хурцаар тавьсан бүтээл болсон.        

Өнөөдөр оюутан хүн цагийн ажил хийе гэсэн ч олдох нь тун ховор. Амьжиргаагаа залгуулах гэсэн тэдний хүч хөдөлмөр талаар болох энүүхэнд. Олон хоног туршилтын ажилтан нэрээр ямар ч цалин мөнгөгүй ажиллуулчихаад “шаардлага хангахгүй” гэсэн ганцхан үгээр амыг таглаад явуулна. Хэдэн цаасны бараа харвал оюутнууд баар саваар хэсэх дуртай улс. Зугаа цэнгэл хөөсөн зарим эрэгтэй оюутан хулгай дээрэм хийх нь ч бий. Энэ бүгдийг нэгдсэн байдлаар шийдвэрлэж, сургуулиудыг нэгтгэн оюутны хотхон байгуулахаар болсон нь туйлын сайшаалтай. Тэр хотхон нь босчихвол эдгээр асуудлын зарим нь ч гэсэн шийдвэрлэгдэнэ гэж найдаж байна.

Энэ мэт ахуйн асуудлаас ангижруулдаг ганц газар, сургууль дээр нь ч янз бүрийн л асуудал тулгардаг гэнэ. Хамгийн түгээмэл нь багш нар ном шахаж дүн тавих. Хоногийн хоолоо яая гэж байгаа оюутнуудад хүнд дарамт. Хүн яаж мөнгө олох нь дурын хэрэг ч гэлээ бусдад гай болохгүй мөрөөрөө амьдрах нь туйлын буянтай үйл буй за. Энэ үгийг “Би номонд дуртай оюутанд хайртай” гэж номоо зарж ашиг орлогоо нэмэгдүүлдэг багш нарт оюутан хэлбэл жинхэнэ “хорхойтой араандаа зууна” даа. Сургууль болгонд ийм маягийн багш өч төчнөөнөөрөө бий. Оюутнууд ч шивэр авир гэхээс хэтэрдэггүй энэ асуудлыг дээрээс нь зохицуулаад өгвөл сайнсан. Шахааны ном нь мэргэжилийн ч бай, мэргэжилийн бус нь ч бай анхнаасаа хөрөнгө мөнгийг нь төлбөрт нь шингээгээд өгвөл хэн хэндээ дарамт болохгүй урдах ажлаа санаа амар хийхсэн. Багшийнхаа гаргасан ном бүрийг худалдан авдаг хэсэг нөхөд хичээл хийсэн хийгээгүй дүнгээ авчихна. Үүний цаана үнэнч шударгаар дүн авсан оюутнуудын хичээл зүтгэл салхинд хийсч, урам зориг нь унтардаг гэдгийг багш нар мэддэг ч тоодоггүй.

Багш нартай, ялангуяа эрэгтэй багш нартай холбоотой бас нэг асуудал бий. Царай зүс сайтай охидыг дүнгээр боож өвөртөө оруулдаг бэлгийн дарамт. Гэхдээ шууд л муу дүн тавиад унахгүй. Хичээл тасалсан, даалгавараа цагтаа хийгээгүй охид голцуу багш нарын олз болдог. Бид Соргодогийн Жаргалсайханы Нууц амраг чинь болъё жүжгийг мэдэх билээ. Энэ жүжгийн зохиолыг амьдралаас сэдэвлэсэн гэж тэрбээр амьд сэрүүндээ ярьж байдаг. Жүжгийн ихэнх үйл явдал амьдрал дээр тохиолддогийг зарим хүмүүс төсөөлөх ч үгүй. Их сургууль болгонд шахуу ийм явдлаараа алдаршсан багш байдаг. Амьдрал бол зовлон. Буддагийн энэ үгийг иш татсан татаагүй оюутан бүхэн амьдралын амаргүй давааг явдаг. Тэр дундаа хөдөөгөөс ирсэн хэсэгт олон асуудал бий. Гэхдээ хөдөөнөөс ирсэн үе үеийн оюутнууд тэр бүгдийг үзэж, хат суугаад амьдралын их харгуйд хөл тавьдаг билээ.


Б.Болор-Эрдэнэ.

Зохиогчийн эрх: "Үндэстний тойм" сэтгүүл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж