Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Увс аймагт ажиллаж, тус аймгийн Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумын иргэдтэй (2025.02.08-2025.02.10) уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Увс аймгийн иргэд Улаанбаатар хотоос алслагдмал сумдад ажиллаж, дуу хоолойг нь сонсож буйд талархаж байгаагаа илэрхийлээд, УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламент богино хугацаанд олон чухал хууль хэлэлцэн баталсныг онцолсон. Энэ жилийн улсын төсөвт Увс аймагт 15 хөрөнгө оруулалтын төсөлд 28 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Өлгий сумынханы зүгээс хорт хавдрын өвчлөл их байгаа учир шалтгааныг тодруулах судалгаа явуулж өгөхийг хүссэн. Баруун аймгуудын иргэд гүний худаг нь шүүлтүүргүй талаар олонтаа уламжилсныг УИХ-ын дарга тодотгоод, энэ асуудалд бүх түвшинд анхаарч, сумдын гүний худгуудад шинжилгээ хийх ажлыг эхлүүлнэ гэлээ. Түүнчлэн, улс орны аль ч цэгт амьдран суугаа иргэний эрх хуулиар хамгаалагдсан, хөгжлөөс хоцрогдолгүй байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж буй талаар тэрбээр дурдаад баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг гаргаж, аймаг, сумдтай нэг бодлоготойгоор ажиллах болно гэдгийг онцоллоо.
Өмнөговь сумын Ерөнхий боловсролын сургууль 1983 онд ашиглалтад орсон ба сурагчид 3 ээлжээр хичээллэдэг, анги танхим, заалны хүрэлцээгүйн улмаас зарим хичээлийг түрээсийн байранд явуулж буй талаар иргэд хэллээ. УИХ-ын даргын зүгээс хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгах асуудал хамгийн чухал учраас Өмнөговь суманд 640 хүүхдийн сургуулийн жишиг зургийг гаргаж, ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтад багтаахаар хичээн ажиллах болно гэв. Энэ оны төсөвт тус сумын дотуур байр, спорт заалны барилгын ажлын хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг тусгажээ.
ХОВД СУМЫН ИРГЭД АРИЛЖААНЫ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙГАА АСУУДЛААР ОЛОН САНАЛ ДЭВШҮҮЛЭВ
Сумын малчид жилийн 24 хувийн хүүтэй зээл авдаг, төрийн албан хаагчид нь цалингийн зээлийн хүүгийн дарамтад байгаа учраас УИХ-аас зээлийн хүүг бууруулах талаар санаачлага гаргаж ажиллах эсэх талаар тодруулж байлаа. УИХ-ын даргын зүгээс ирэх хаврын чуулганаар олон хуульд өөрчлөлт оруулах замаар арилжааны банкуудаас иргэдийн зээлд тооцож буй эрсдэл, ашиг зэргийг хуулийн хийдэлгүй болгох ажлыг хийнэ гэлээ. Өөрөөр хэлбэл арилжааны банкийг яаж дампууруулахгүй байх вэ гэдэг үзэл баримтлалтай хуулийг иргэндээ ээлтэй, боломж олгодог хууль болгож шинэчилнэ гэдгийг онцоллоо.
Бөхмөрөн сумын иргэд хилийн цэсийн асуудал, сургуулийн барилгыг шинэчлэх, авто замын бүтээн байгуулалтын талаар саналаа илэрхийлсэн. Ирэх жилүүдэд Улаангомоос Цагааннуур боомт хүртэлх 201 км авто зам ашиглалтад орсноор Бөхмөрөн сум аймгийн төв болон Цагааннуур боомттой хатуу хучилттай авто замаар холбогдох юм. Тус замын зураг төслийн ажил нь эхэлжээ. Харин 1976 онд ашиглалтад орсон сургуулийн барилга дулаан алдагдалтай, цаашид ашиглах боломжгүй болж тендэр зарлагдсан ч 4 удаа буцаж, 12 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэгч компани шалгарсан талаар хэллээ. Тиймээс 2025 оны төсөвт хөрөнгө оруулалт нь багтаж чадаагүй байна. Тиймээс УИХ-ын дарга ирэх оны төсөвт тус суманд сургуулийн шинэ барилга барих ажлыг эхлүүлэхэд онцгой анхаарах болно гэдгээ илэрхийллээ.
Иргэд эрчим хүчний хөнгөлөлт, шөнийн тарифын чөлөөлөлт зэргийг хязгаар нутагт явуулж болох эсэх талаар санал хэлж байна. УИХ-ын даргын зүгээс юун түрүүнд, баруун бүс нутгийг эрчим хүчний төвлөрсөн төв болгох зорилгын хүрээнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулснаар баруун таван аймаг хэрэглээнээс гадна үйлдвэрлэл эрхлэх эрчим хүчний тасралтгүй, найдвартай эх үүсвэртэй болно. Мөн сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр эрчим хүчний хөрөнгө оруулалтууд баруун бүс рүү чиглэж, төвлөрсөн төв болгох зорилго хангагдах боломж бүрдэнэ гэдгийг тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Нэргүй 50 минутын өмнө 66.181.178.214
Бор тээгийн эзэн таван толгойн нэг толгойг залгисан мангас
Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.36
Завханд очих болов уу?
Нэргүй 2 цагийн өмнө 202.70.43.34
коммунизмыг тултал дэмждэг ганц аймаг
Нэргүй 12 минутын өмнө 202.21.116.98
Үгүй байх аа. 2012-2016, 2020-2024 онуудад АН аймагт засаг барьсан, АН засаг барьж байсан бол одоо барьж байгаа олон сумд бий. Их хуралд ч АН-ын нэр дэвшэгчид ялалт авсан.