"Мета"-ийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг өнгөрсөн сард гүйцэтгэлийн менежментийн түвшинг дээшлүүлж, гүйцэтгэл муутай хүмүүсийг ажлаас халахаар шийдсэнээ мэдэгдсэн. Энэ хүрээнд компанийн ажиллах хүчний тав орчим хувийг цомхотгохоор төлөвлөжээ. Цомхотгол Даваа гаригаас эхэлсэн бөгөөд 3600 орчим ажилчин хамрагдаж байна.
Гэвч цомхотгол ажилтнуудын санаанд нийцэхгүй байна. Жилийн турш гүйцэтгэл сайтай, элдэв асуудалгүй байсан ч халагдчихлаа гэх гомдлыг эхнээсээ мэдүүлж байна.
Тухайлбал, хагас жилийн үнэлгээгээр "хүлээлтээс давсан" дүн авсан нэгэн ажилтан хүртэл цомхотголд хамрагджээ. Контент менежер асан Кайла Карри цомхотголд хамрагдсан тухайгаа ярихдаа "Санал хүсэлтээр намайг сайн ажиллаж байна гэж байнга хэлдэг байсан. Гүйцэтгэлийг сайжруулах төлөвлөгөөнд намайг хэзээ ч багтааж байгаагүй. Засч залруулах санал хүсэлт ч ирүүлээгүй. Хэзээ ч зохих ёсоор зааварлаж, надад тодорхой хүлээлт тавиагүй. Би тийм доогуур үзүүлэлттэй ажилтан биш" гэжээ.
Түүнтэй адилхан өөр олон ажилтан гомдол мэдүүлжээ. Хамгийн гол нь компани 2024 оны үнэлгээгээр "хүлээлтээс давсан" дүн авсан ажилтнуудыг халсан атлаа гадаад ертөнцөд үүнийгээ "гүйцэтгэл муутай ажилтнуудыг халсан" гэж мэдэгдэж буй нь тэдэнд таалагдахгүй байна.
Зукерберг ажилтнуудаа төдийлөн өндрөөр үнэлдэггүй удирдагч гэдгийг "Fortune" хэвлэлд бичжээ. Тэрбээр нэгэнтээ компанийнхаа бүтцийг "ажил хийж буй хүмүүсийг хянадаг менежерүүдийг хянадаг менежерүүдийг хянадаг менежерүүдийг хянадаг менежерүүдийн байгууллага" гэж хэлж байв. Энэ нь компани тэр аяараа бие биеэ шат шатандаа хянасан менежерийн түвшний хүмүүсээр дүүрсэн гэсэн санааг илэрхийлсэн болов уу.
Холбоотой мэдээ