Гадаа бага зэрэг жиндүүхэн ч, өнгөрсөн өдрүүдтэй харьцуулахад харьцангуй дулаахан байв. Өмнөх өдөр орсон цас хайлж гудамж талбайд халтиргаа, гулгаа үүсчээ. Бидний нэрлэж заншсан урт цагааны гудамж “Найман шарга” валют арилжааны зах орчим хөл хөдөлгөөн ихтэй байлаа. “Доллар байна уу, зарах уу, авах уу” “юу солиулах юм” “хэд байна” гэх үгийг зөрсөн хүн бүрээс төвөгшөөлгүй асууж буй амны хаалт зүүж, зузаан куртик, малгай ороолтоор дулаалсан, гартаа дотоодын болон гадны мөнгөн дэвсгэрт барьсан ахимаг насны эдгээр хүмүүс бол валютын наймаачид буюу ченжүүд. Тэд өнгөрсөн хүн бүрийг царайчилж нааш цааш холхих ажээ.
ХААНААС, ХЭНЭЭС АВАХ НЬ ИРГЭДИЙН ӨӨРСДИЙНХ НЬ СОНГОЛТ
Ченжүүдийн хувьд хэвлэлийнхэнд төдийлөн яриа өгөх дургүй байдаг. Учир байдлаа хэлж дүрс авахгүй байхаар тохиролцож хэсэг хором ярилцаж амжив.
Наймаачин Цэцэгмаа /нэрийг нь өөрчлөв/ “Найман шарга”-ын гадаа валютын ченж хийгээд тав орчим жил болж байгаа гэнэ. Тэрбээр, “зарим иргэд бид нарыг ам.долларын ханш өсгөчихсөн юм шиг яриад байдаг. Бидний хувьд банкаас аваад түүн дээр 50-60 төгрөг л нэмж зардаг. Аравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл ам.доллар бага багаар өсч байна. Дотор зарж буй ханштай 10-20 төгрөг, арилжааны банкуудаас 50-60 төгрөгийн л зөрүүтэй байгаа. Бид чинь гадаа өглөөнөөс орой болтол, хүйтэнд хөрж халуунд халж зогсож байгаа шүү дээ.
Ерөнхийдөө жилийн яг энэ үед ам.доллар өсөх хандлага байдаг. 2022 оны энэ үед мөн л 3445-3450 төгрөг хүрч байсан. 2023 оны нэгдүгээр сард ч бас 3490 төгрөг хүрч л байсан.
Энэ нь шинэ жил, цагаан сартай холбоотой эрэлт ихэсдэгээс үүдэлтэй. Ам.долларын ханш өдөр болгон хэлбэлзэж байдаг. Хоёрдугаар сарын 10-нд ам.долларын авах ханш хамгийн өндөр буюу 3495 төгрөг, зарах ханш 3510 төгрөг хүрсэн. Харин ам.долларын авах ханш 3495 төгрөг, зарах ханш 3500 төгрөг гэж байна. Цагаан сар болох гэж байгаа учраас юань эрэлт ихтэй байна, ам.доллар ч ялгаагүй эрэлттэй байна. Бид гадаа зогсдог учраас арай ахиу зардаг нь үнэн, энэ бол зах зээлийн зарчим. Хаанаас, хэнээс авах нь иргэдийн өөрсдийнх нь сонголт. Банканд дугаарлаж зогсож байснаас 50, 60 төгрөгийн ялгааг тоохгүй гялс солиулчихсан нь амар гэх олон хүн бий" гэлээ.
Биднийг ярилцах зуур төгрөгөө ам.доллараар солиулах гэж хэд хэдэн хүн ирэв. Иргэдийн хэлж буйгаар, ам.доллар ингэж эрчимтэй өсч байгаа учраас цаашид нэмэгдсээр байна байх. Монгол мөнгөөр нэг сая төгрөг солиулахад 200 гаран 300 хүрэхгүй л ам.доллар болж байгаа юм. Монгол төгрөг цаас болж байна. Үүнийг дагаад төгрөгийн ханш унаж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх зэрэг олон сөрөг үр дагаврууд бий болно.
Цахилгааны үнэ нэмснээс хойш тэртээ тэргүй өргөн хэрэглээний барааны үнэ өдөр бүр 50-100 төгрөгөөр нэмэгдэж байгаа.
Иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн нь иргэдийн амьдралд ямар ч ялгаа алга байна шүү дээ. Үнийн өсөлтөд үнэндээ дарлуулж байна. Үүнтэй зэрэгцээд валютын ханш чангарсаар байгаа нь улам л үнийн хөөргөдөл үүсгэнэ. Монгол хүн амныхаа бэлгээр гэдэг гэлээ ч ард иргэдийн амьдрал тийм ч сайхан биш байна. Тэгэхээр валютын ханшийг бодлогоор барих нь зөв байх гэж бодож байна гэсэн юм.
Ам.доллар дотор худалдан авах үнэ нь 3480 төгрөг байсан бол худалдах үнэ нь 3495 төгрөг байв. Харин юанын худалдах үнэ 475.5 төгрөг байсан бол худалдах нь 476.5 төгрөг байлаа.
МОНГОЛБАНК 4,9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН НӨӨЦТЭЙ БАЙНА
Энэ жилийн тухайд дотоодоос гадагшаа чиглэсэн аялал жуулчал нэлээд нэмэгдсэн байна. Үүнд нэгтэрбум орчим төгрөг зарцуулжээ. Мөн авто машины импорт өсөлттэй байсан. Үүнээс гадна зарим улирлын чанартай уул, уурхайн бараа бүтээгдэхүүний экспорт саармагжсан. Ингэснээр ам.доллар орж ирэх урсгал багассан зэрэг хүчин зүйл нь ам.доллар өсөхөд нөлөөлсөн гэж Монгобанкнаас мэдээлэв.
Монголбанкны зүгээс, “Валютын нөөц хангалттай байгаа арилжааны банкуудаас ирүүлсэн валютын захиалгыг хүссэн хэмжээгээр Монголбанкнаас нийлүүлээд явж байна. Валютын ханшид их хэмжээний хэлбэлзэл үүссэн нөхцөлд Монголбанк интертенц хийх замаар оролцдог. Бусдаар зах зээлийнхээ зарчмаар явна. Хоёрдугаар сарын 11-ны өдрийн байдлаар Монголбанкаас зарласан ам.долларын ханш 3457 төгрөг байна. “Найман шарга” захад 100 орчим төгрөгийн нэмэгдэлтэй байдаг. Төв банкны зүгээс түүнд шууд зохицуулалт хийх боломж байхгүй” гэлээ. Монголбанк 4,9 тэрбум ам.долларын нөөцтэй байгаа аж.
Энэ нь таван сарын бараа, эргэлтийн хэмжээг хангах нөөц юм байна. Олон улсын жишгээр гурван сарын хэрэгцээг хангах нөөцтэй бол хэвийн гэж үздэг аж.
АМ.ДОЛЛАРЫН ӨСӨЛТ УЛИРЛЫН ЧАНАРТАЙ
Эдийн засагчдийн хэлж буйгаар, ам.долларын ханш өсч байгаа нь улирлын чанартай худалдан авалт хийгдэж байгаатай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, эрэлт ихэсч байгаа учир үүнийгээ дагаад ам.доллар өсч байгаа гэсэн юм. Мөн энэ жил УИХ, орон нутгийн сонгуулиуд болж төсвийн зардал нэлээд тэлсэн. Төсвийн зардлын тэлэлт эдийн засагт дарамт болсон. Үүний нөлөө гарч байгаа гэж харж байгаа юм байна.
Ам.долларын ханш цаашид өсөх эсэхийг макро эдийн засгийн хүчин зүйлийг харж байж хэлэх ёстой. Хэн нэгэн шууд өснө, өсөхгүй гэж хэлэх боломжгүй. Ямар нэг цуу яриа нь ханшийг өсгөх эрсдэлтэй. Тиймээс үндэслэлийг нь харахгүй бол эргээд хүлээлтээр ханш дахин өсөх эрсдэлтэй. Валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар байна. Үүнээс харахад валютын цэвэр нөөц өндөр байгаа гэж харж байна" гэв.
Цаашдаа ам.долларын ханш өссөн хэвээр байвал иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, импортын болон дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Үүнийг дагаад иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байх болно. Цаашид ам.долларын ханш өсөх, өсөхгүй нь экспортын бараа бүтээгдэхүүнээс ерөнхийдөө хамаарна. Тухайлбал, Монголын эдийн засгийг бүрдүүлэгч гол хүчин зүйл нь уул уурхайн бүтээгдэхүүн болон нүүрс байдаг. Тиймээс экспортын бүтээгдэхүүнүүдээ тасралтгүй гадагшаа гаргаж байх нь чухал гэж эдийн засагчид үзэж байгаа аж.
Зочин 2025-02-12 139.5.217.115
4.9 тэрбум долларын НӨӨЦТЭЙ л гэх юм. Гэтэл гадаад өр нь 2016 онд 15 тэрбум доллар байсан.Бас ч бүх аймгаа авто замаар холбоод заримыг нь үйлдвэр , ААН ээ дэмжих гээд ХБ хийчихсэн байсан даг .Гэтэл өнөөдөр гадаад өр 34 тэрбум доллар болчихсон гэж байгаа .Гарт баригдаж нүдэнд үзэгдэх ажил байдаггүй ээ .Зээл аваад 4.9 тэрбум доллар банкинд хийчихээд дахиад зээл авахаар зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэхээр бэлдчихсэн юм биш үү.
Зочин 2025-02-12 202.9.47.35
монгол банк ажлаа хиймээр юм. Төгрөгийн хаашаа чангалах нь хамгийн гол ажил нь байхад юу ч хийхгүй байна.
Нэргүй 2025-02-12 139.5.219.240
толгой дээрээ луйварчдаа залсан хойно энэ байтугай юм үзнэ дээ
Иргэн 2025-02-12 103.10.22.180
Тогны үнээ цуцлаачээ!!! Арай дэндүү нэмэгдэж бараа, бүтээгдэхүүн. Тогны мөнгөө дийлж чадахгүй байна
Нэргүй 2025-02-12 66.181.191.224
Төгрөг цаас болоосой гэж уриалжээ
зочин 2025-02-12 103.168.34.36
1072 хувьцааны мөнгийг цагаан сараас өмнө битгий тараагаарай
ИРГЭН 2025-02-12 103.57.94.67
Маш их цаас хэвлэж тарааж байхад яааж Монгол төгрөг үнэт байхав!!! Үүнээс цааш хувьцааны мөнгө тараавал дуусаа!!! Ядаж Цагаан сарын дараа 4,5- сард бол болох юм!!!
Нэргүй 2025-02-12 103.212.116.168
ЗАЛХУ ХҮНИ ЦААС
Нэргүй 2025-02-12 202.21.126.30
Сонгуулийн өмнө шинэ хоршоо гэж хэдэн зуун тэрбум төгрөг гүйлгээнд оруулснаас төгрөгийн ханш ингэж суларч байгаа. Буруу шийдвэр ийм үр дагаварт хүргэж байна.
Нэргүй 2025-02-12 139.5.219.132
Энхрий хайрт нам засгийн маань ач гавьяа!!! Их удирдагч О-эрдэнийгээ тахин шүтээд байвал бид "цэнгэлийн манлайд" хүрэх нигууртай!!!
Нэргүй 2025-02-12 202.70.43.34
Баяр Тэмдэглэхээс өөр зорилгогүй, Хөдөлмөрлөдөггүй Ард Түмэн, Буруу Хяналт Буруу удирдлагатай Авилгалжсан Төр засагтай Улсын Эдийн ӨСӨЛТГҮЙ л байж таараа….. Гадаадын Зээл Тусламмж Хандив Төсөл Хөтөлбөрт найдахаас өөр юмгүй Өөрсдөө юу ч хийж бүтээдэггүй….
Нэргүй 2025-02-12 202.131.227.134
Доллар өсөөгүй. Төгрөг унаж байна гэх.
Нэргүй 2025-02-12 122.201.31.149
За ямар хаврын тэнгэр биш. Боломжгүй байхдаа яадын. Нүүрсний экспорт зогссоноос валютын урсгал хаагдаж, үүнээс болж доллар ховордож байгаа биз дээ. Энэ бол засгийн байгаа царай.
Нэргүй 2025-02-12 139.5.219.148
доллар өсөөгүй, төгрөг унасан, цаашид ч унана, бэлэн мөнгө тараагаад байвал бүүр хурдан унана
Нэргүй 2025-02-12 202.126.91.253
Монголбанк энэ "долларын ченж" гэдэг мэдлэг боловсролгүй, ямар ч зохицуулалтгүй, татвар төлдөггүй шимэгч бүлэглэлийг бүр мөсөн хориглож зогсоох хэрэгтэй!!! Монгол улсад ам.доллар гадаад валютыг хар захаар биш зөвхөн албан ёсны банкуудаар урьдчилж захиалгаа өгөөд авдаг зарчмаар зардаг болгочихвол ханш бодитоор, бас шимэгчид байхгүй болно.
Нэргүй 2025-02-12 59.153.114.117
хөөрхий наадуул чинь монгол банкныхны доллорын наймааг хийдэг улс ш дээ.