Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр (International Day of Dignity) нь хүмүүсийн нэр төр, эрхэм чанар, хүндэтгэлийг онцлон тэмдэглэх олон улсын өдөр билээ. Энэ өдрийг дэлхий даяар хүн бүрийн язгуур эрхийг дээдлэх, хүндэтгэх, шударга ёсыг хангах зорилготойгоор тэмдэглэдэг. Тэгвэл тус өдрийг сурталчлан таниулах, нэр төрийн үнэ цэнийг дэлгэрүүлэх зорилгоор шинэ маркийн загварыг өнөөдөр/2025.02.10/ танилцууллаа. Нэр төрийг илэрхийлэх тус марк нь 24,000 ширхэг хэвлэгдсэн бөгөөд дахин хэвлэгдэхгүй онцгой марк аж.
Уг маркт нэр төрийг илэрхийлэхдээ усан цэнхэр өнгөөр эх дэлхийн хаана төрсөн, хэн байхаас үл хамааран хүн бүрийн үзэл бодол үнэ цэнтэй болохыг дүрслэн харуулж, бид санаа бодлоо зоримог илэрхийлж, бусдын болоод өөрийн оршихуйг хүндлэх нь нэр төрөө тунхаглаж, хамтдаа хүчирхэг байхын илрэл гэдэг санааг дүрсэлжээ.
Маркийн дизайнын үндсэн дүрслэл болох таван хүн бүхий дүрслэлийг энэхүү аяныг гурав дахь жилдээ амжилттайгаар хэрэгжүүлж буй "ЦойлогсоZ" залуусын коммьюнитигийн гишүүн Г.Данзанбазар 2024 оны "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх аян"-ы хүрээнд бүтээсэн гэнэ.
Г.Данзанбазар ярихдаа "Миний хувьд энэ жил анх удаагаа ‘ЦойлогсоZ’ залуусын коммьюнитигийн хамт олны нэг болон ‘Global Dignity Mongolia’-ийн ажилд сайн дурын ажилтнаар гар бие оролцож, Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдад нэр төрөө эрхэмлэх тухай сургалт хүртэл орсон. Энэхүү ‘Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр’ сэдэвт маркийн санааг олж, загвар гаргахад долоо хоногийн хугацааг зарцуулсан. Мэдээж баг хамт олны минь дэмжлэг, заавар зөвлөгөө надад зөв чиглүүлэг өгч байсан болохоор бүтээл маань өнөөдөр марк болон хэвлэлтэд гарч байна. Миний хувьд энэхүү бүтээлээрээ дамжуулан ‘Нэр төр бол бидний нүдэнд үзэгдэхгүй ч цаг үргэлж дагаж ирсэн заяагдмал үнэт зүйл’ гэдгийг онцлохыг зорьсон" гэв.
Дижитал харилцаа холбоо давамгайлсан энэ эрин үед шуудангийн марк соёлын илэрхийлэл, түүхийг дурсан санах хүчирхэг хэрэгсэл хэвээр байгаа бөгөөд дэлхий даяар нэр төр, эв нэгдэл, хүний эрхийн хүчтэй мессежийг агуулсан соёлын олдвор болон үлдэх боломжтой ажээ.
Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн "Марк бол нэг талаасаа тэмдэглэлт ой, түүхэн онцлох үйл явдлыг тусган үлдээдэг баримтат түүх. Нөгөө талаасаа шуудангийн төлбөр төлөгдсөнийг илэрхийлсэн үнэ бүхий тэмдэгт юм. Монгол шуудангийн хувьд 1,000 гаруй сэдвийн 4,000 гаруй маркийг өнгөрсөн 100 жилийн хугацаанд гаргаж байсан бол өнөөдөр дахин нэг шинэ маркаа өлгийдөн авч гүйлгээнд гаргаж байна.
Монгол шуудан ХК нь жилдээ 20 орчим сэдвийн марк гаргадаг. Энэ жилийн маркийн сэдэвт ‘Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх’ сэдвийг тусгах саналыг Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг захирал дэвшүүлсэн. Үүний үндсэн дээр “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр” сэдэвт маркийг түүхийн онцлох үйл явдлыг илтгэх, тодорхой шаардлагуудыг хангасны үндсэн дээр хамтран гаргаж байна" гэлээ.
Харин Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга, “Global Dignity” Олон Улсын байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганхуяг ярихдаа "2009 оноос хойш өрнүүлсэн хөдөлгөөнийг дэмжиж, нэр төрөө эрхэмлэх ойлголтыг Монгол шуудангийн энэхүү маркаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрд хүргэх гэж байгаад баяртай байна. Миний хүү Г.Данзанбазар 2024 оны Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх аяны сайн дурын ажилтнаар “ЦойлогсоZ” залуусын нэгдэлд ажиллаж байх хугацаандаа энэхүү маркийн загварыг зохион бүтээсэн. Дэлхийн хүн амын төлөөллийг зурагт буй таван хүнээр төлөөлүүлэн хүн бүр гарал үүслээсээ үл хамааран харц шулуун, нуруу цэх, нэр төртэй байдаг гэдгийг харуулахыг зорьсон. Монголд нэр төрөө эрхэмлэх ойлголтыг эрт цагаас ноён нуруутай холбон тайлбарладаг. Өнөөгийн нийгэмд бид ямар ч хэцүү нөхцөл байдалд орсон үзэл бодол, гарал үүсэл, өвөг дээдсийнхээ хийсэн үйлсийг ямагт санаж, явахыг бэлгэдэн үндсэн сууриа хөх тэнгэрийн өнгөөр дүрсэлсэн” гэв.
Дашрамд дурдахад, “Global Dignity Day’’ буюу “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийг анх 2006 онд “Дэлхийн эдийн засгийн форум”-д гурван залуу лидер болох Норвегийн ханхүү Хакоон, “The Hope Foundation”-ий үүсгэн байгуулагч Жон Браянт, зохиолч, гүн ухаантан Пекка Химанен нар тунхаглаж байв. Өдгөө дэлхийн 80 гаруй оронд энэ өдрийг тэмдэглэн, залуучууд, иргэний нийгмийн удирдагчид, сайн дурын ажилтнууд, эцэг эхчүүд болон багш нар “Global Dignity” семинар, чуулганд оролцож байгаа бөгөөд Монгол Улсын хувьд “Дэлхийн эдийн засгийн форум”-ын дэргэдэх “Дэлхийн залуу манлайлагч” (Young Global Leader), “Global Dignity” Олон Улсын байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганхуягийн санаачилгаар “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийн санаачилгад 2009 онд нэгдэж байжээ.
Холбоотой мэдээ