Өмнөд Солонгост бусадтай харилцан яриа өрнүүлэхийн тулд насыг нь асуух нь хэвийн үзэгдэл. Яагаад гэвэл насыг нь мэдсэнээр тухайн хүнтэй хүндэтгэлийн хэлээр ярих эсэх зэргээр харилцааныхаа хэв маягийг тодорхойлоход тустай байдаг. Хүндэтгэлийн хэл нь солонгос хэлний нэгэн чухал хэлбэр юм.
Үүнээс гадна насыг нь мэдсэн хойноо хэчнээн залуу харагдаж буйг нь онцлох нь Өмнөд Солонгост маш түгээмэл. "Та наснаасаа залуу харагдаж байна" гэж хэлэхэд өөдөөс нь нөгөө хүн нь "Үгүй ээ, та бүр илүү залуу харагдаж байна" гэх жишээтэй. Энэ үгс нь заавал үнэн эсэхдээ чухал биш.
Залуу харагдаж байна гэх магтаалыг зөвхөн дундаж болон ахмад насны хүмүүст л хэрэглэнэ гэж бодож байгаа бол эндүүрэл. 20-30 насны залуус хүртэл хоорондоо энэ үгээр бие биеэ "хөөргөх" аж.
Үүний цаана солонгосчуудын дурладаг "Baby face" буюу "Хүүхэд царай" гэх ойлголт бий. Залуу дүр төрхийг магтан сайшаах нь дэлхийн аль ч улсад түгээмэл. Гэхдээ гадаад үзэмжийн тухай яриа илүү нээлттэй бөгөөд байнга гардаг Өмнөд Солонгост "Хүүхэд царай"-ны стандартыг илүү тодорхой, нарийвчилсан байдаг.
Солонгосчуудаас "Хүнийг залуу харагдуулдаг гол зүйл юу вэ?" гэж асуужээ. Тэдний хэлсэн нийтлэг хариулт нь "нялх хүүхдийнх шиг арьс" байв. Өөр хэд хэдэн хариулт давхардсан ч гэлээ нийтлэг утгаараа бүгд л нялх хүүхдийн төрх байдлыг онцолсон байжээ. Тухайлбал, "Нүүрний доод хэсэг өргөн биш, ‘Blackpink’-ийн Женни шиг жижиг эрүүтэй бол зүгээр", "Арьс шүү дээ. Үрчлээгүй, хуурайшилгүй, гялалзсан арьс. Бас залуу харагдах гэж хичээгээгүй, төрөлхийн байх ёстой", "Хөмсөг, сормуус сайтай байх ёстой", "Залуу харагдана гэдэг чинь өхөөрдөм харагдана л гэсэн үг. Сайхан арьс, дугариг царай хамгийн чухал. Том хамар дэмий. Жишээ нь, жүжигчин Жан Нара их залуу харагддаг" гэх зэргээр солонгосчууд хариулжээ.
Харин америкчууд энэ асуултад "Наранд борлосон, гялалзсан арьс" гэж хариулах байсан болов уу.
Арьсны эмч Ким Тэ Кьюн залуу дүр төрхийг илэрхийлэх гурван гол стандартыг нэрлэжээ. Тэрбээр "Нэгдүгээрт, урвуу гурвалжин хэлбэрийн нүүртэй байх хэрэгтэй. Учир нь хүний арьс нас ахих тусам коллагенаа алдсаар нүүрний хэлбэр яг эсрэгээрээ жинхэнэ гурвалжин болчихсон байдаг. Хоёр, гуравдугаар стандарт нь шууд арьстай холбогдоно. Энэ бол жигд бөгөөд үрчлээсгүй арьс" гэжээ.
Залуу харагдах нь гадна төрх бус хүний зан байдал, хандлагаас шалтгаална гэж үзэх хүмүүс ч бий. Энэ талаар судалгаанд оролцсон 40 эргэм насны нэгэн эмэгтэй ярихдаа "Хөгшрөлт бол зайлах аргагүй зүйл. Хэчнээн хагалгаанд орсон ч хөгшрөлтөөс зайлах аргагүй. Гэхдээ наснаасаа залуу харагддаг хүмүүс ихэвчлэн амьдралдаа тийм ч их зовлон үзээгүй гэмээр өөдрөг, хөнгөн сэтгэлгээтэй байдаг" гэжээ.
Хүмүүс "хүүхэд царай" хүсэхийн хэрээр хөгшрөлтийн эсрэг гэсэн бүхий л бүтээгдэхүүн хүчийг авч байна.
АНУ-ын эмэгтэйчүүдийн гоо сайхны "Allure" сэтгүүл 2017 онд "хөгшрөлтийн эсрэг" гэсэн үгийг дахин ашиглахгүй гэдгээ зарласан. "Бид хөгшрөлтийн эсрэг гэсэн үгийг дахин хэрэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Энэ үгийг хэрэглэснээрээ хөгшрөлт бол тэмцэх ёстой зүйл гэсэн мессежийг бид өгч байна. Толгой өвдөлтийн эсрэг эм, вирусийн эсрэг програм, мөөгөнцрийн эсрэг цацлага гэдэгтэй л адилхан болчихно" гэж тус сэтгүүл мэдэгджээ.
Гэхдээ Өмнөд Солонгост нөхцөл байдал эсрэгээрээ байна. Тэр бүү хэл хөгшрөлтийн эсрэг гэдэг ойлголт 2025 онд улам л эрчийг авах төлөвтэй байна. Хөгшрөлттэйгөө сайн тэмцсэн, тэр бүү хэл ялан дийлсэн гэж хэлж ч болох хүмүүс байдаг. Тэдний амжилтыг нийгэм даяараа сайшаан магтдаг. Үүнийг дагалдаад залуу дүр төрхийг хадгалах зөвлөгөө, аргачлал бүхий контентын эрэлт хэрэгцээ ч улам ихэсч байна.
Жүжигчин Чой Хва Жунг хар л даа. Тэр 63 настай. Хөгшрөлтөөс зайлсхийдэг нууцаа хуваалцсан түүний бичлэг "YouTube" сувагт асар их хандалт авсан билээ. Арваннэгдүгээр сарын 11-нд оруулсан энэ бичлэг одоогоор 1.1 сая үзэлттэй байна. Түүний бичлэгийг үзвэл, үс уналтаас сэргийлэх, гэрэлтсэн өөгүй арьстай болох зэрэг бүх л талын зөвлөгөөг өгчээ. "Ultherapy" буюу мэсгүйгээр, хэт авиа ашиглаж арьсыг чангалах эмчилгээг тэр санал болгожээ. Энэ эмчилгээг жилдээ нэг удаа хийлгэхэд эрс өөрчлөлт мэдрэгддэг аж.
Түүний бичлэгүүд ердөө наад захын жишээ гэхэд болно. "Хүүхэд царай"-г сурталчилсан контент Солонгос даяар хэдэн зуугаараа бий. Эдгээр контент нь арьс арчилгаа, гоо сайхан талаас зааж зөвлөхөөс гадна амьдралын хэв маягийг хүртэл заасан байдаг.
Нийгэм даяар "хүүхэд царай" руу шуурч буй тул арьс, гоо заслын эмнэлгүүд ч үүнийг соргогоор ашигладаг. Төрөл бүрийн эмчилгээгээр дамжуулан залуу зүс царайг бэлэглэхийг амласан тэдний сурталчилгаа хаа сайгүй. Сурталчилгаа харах тоолонд л арьс чангалах эмчилгээ хийлгэх хэрэгтэй юм байна гэж боддогоо судалгаанд оролцогчид хуваалцжээ. Тэр бүү хэл, найзуудтайгаа ярилцахаар үрчлээндээ арга хэмжээ аваагүй цор ганц хүн нь юм шиг санагддаг гэж хариулсан ч хүн гарчээ.
Хөгшрөлтийг хүлээн зөвшөөрнө гэдэг том сорилт болохыг мэргэжилтнүүд онцолдог.
Бие махбодийн өөрчлөлтдөө аливаа шүүмж, дүгнэлт өгөхгүй байхын чухлыг клиник сэтгэл судлаач Ким Хьюн сануулжээ. Тэрбээр "Ямар ч дүгнэлт, шүүмж өгөлгүйгээр бие махбодио зүгээр л ажигла. Жишээлбэл, би үрчлээтэй учраас сэтгэл татам харагддаггүй гэж бодохын оронд энгийн байдаг л зүйл гэдгээр нь хүлээж ав. Бүгд л ижилхэн хүн гэдэг ойлголтыг онцолмоор байна. Үрчлээ, унжсан арьсандаа анхаарал хэт хандуулах нь ганцаардсан, тусгаарлагдсан мэдрэмжийг төрүүлдэг. Гэтэл хөгшрөлт гэдэг зүйл бүх хүнд тохиолддог" гэжээ.
Эцэст нь хөгшрөлт гэдэг тэмцэх ёстой зүйл биш, харин ч хайрлан хүлээж авах ёстой амьдралын нэгээхэн хэсэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Нэргүй 2025-02-12 139.5.219.13
ANUSDI80955877VANXANDI SEKSEER
Нэргүй 2025-02-12 202.70.43.34
Хорвоогийн жам, үйлийн үрээс зайлсан хүн гэж энэ хорвоод бга боловуу