126:1 Д.Сумъяабазарын төлөөний хүн

76:1

126:1 Д.Сумъяабазарын төлөөний хүн

126:1 Д.Сумъяабазарын төлөөний хүн

NEWS.MN сайт үүсгэн байгуулагдсанаас хойш УИХ-ын сонгуульд шинээр сонгогдсон гишүүдийг үсгийн дарааллаар нь танилцуулдаг "76:1″ булан хөтөлж ирсэн.  УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент 126 гишүүнтэй болсон учраас бид "126:1″ булангаа эхлүүлээд буй. "126:1" булангийн энэ удаагийн дугаарт УИХ-ын сонгуулийн 11 тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Н.Алтаншагайг танилцуулж байна.


Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазарыг улс төрд унаж, босох бүхий л үед нь хамт байж, төлөөний хүн гэж нэрлэгдэх хүртлээ гар нийлж ажилласан “намчин” бол УИХ-ын гишүүн Н.Алтаншагай юм. “Намчин” гэж тодотгохын учир нь тэрбээр 2004 онд МАН-д элссэн тэр цаг үеэс намын дотоод ажилд гар бие оролцож явсаар 2018 оноос УИХ-ын гишүүн асан, Уул уурхайн сайд асан Д.Сумъяабазарыг нийслэлийн МАН-ын хорооны дарга болсон үеэс хамтрагч нь болж, улс төрийн ажлаа үргэлжлүүлсэн байдаг.

МАН 2012 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд навс ялагдаж, олонхи нь гудамжинд гарахад буцааж нийслэлийг удирдах сонгуулийн улс төрийг амжилттай хийж чадсан хүн бол Улаанбаатар хотын экс дарга Д.Сумъябазар. Тиймдээ ч МАН нийслэлийн намын хороогоо түүнд даатгасан. Энэ үед Д.Сумъяабазар хамтрагчаараа Н.Алтаншагайг сонгож, тэр нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга болж байв.

2020 оны орон нутгийн сонгуульд ч МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар Улаанбаатар хотыг хэн удирдах вэ гэдэг таамаг дэвшихэд “Д.Сумъяабазар итгэлт хамтрагчаа нэр дэвшүүлнэ” гэх бор шувуу нисэхэд улс төрийн хүрээнийхэн Н.Алтаншагайг нэрлэсэн.

Гэхдээ тэр Н.Алтаншагайг нийслэлийн Засаг даргад зүтгүүлсэнгүй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болгосон. Тэр нь ч улс төрийн нүүдлийн хувьд зөв томилгоо болсон нь одоо УИХ-ын гишүүн болж, сонгинохайрханчуудыг төлөөлөн сууж байгаагаас харж болно.  Нийслэлийн есөн дүүрэг дотроос хамгийн их хүн амтай, түүнийгээ дагаад хөгжлөөрөө хоцорсон дүүргийн түмэн асуудлыг шийдвэрлэхэд УИХ-д сууж байсан Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарт хамгийн их дэмжлэг болж ажилласан хүн бол яах аргагүй Н.Алтаншагай ба Ц.Сандагсүрэн нар.  Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд “Сонгинохайрхан дүүргийн замтай ярих юм алга. Гэр хороолол нь битүү автозамтайгаа холбогдчихсон бас л өөр байна шүү” гэж уулга алддаг нь тэдний гар нийлсэн ажиллагаа гэж хэлж болно. Үнэндээ ч хэн ч тоодоггүй байсан Улаанчулуутын хогийн цэг орчимд сургууль, цэцэрлэг барьж, нийгмийн үйлчилгээг сайжруулах бүхий л арга хэмжээг авснаас эхлээд тог цахилгаангүй орхигдсон байсан газруудыг эрчим хүчинд холбох зэрэг арга хэмжээг авч чадсан нь Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн хүмүүс олноороо сонгогдоход нөлөөлж ирсэн гэж яригддаг. Хэдий тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсээр байгаа ч гэр хороолол нь илүү давамгайлдаг энэ дүүрэгт орон сууцжуулалт эрчимтэй явж байж, агаарын бохирдлоосоо сална. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Н.Алтаншагайг ажиллаж байхад “Баянхошуу” дэд төвийн ажил дуусч, “Ногоон орон сууц” төслийг эхлүүлсэн. Ханын материал орчимд энэ хавраас орон сууцжуулах ажил эхэлнэ.  Энэ хэвээр ажил саатахгүй үргэлжилбэл 360 мянган хүн амтай дүүрэг хотжих бололцоо байгаа юм. Гол нь эрчим хүчний эх үүсвэрээ шийдэх шаардлага тулгарч буй.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагайгийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа шийдсэн нэг асуудал нь Хавдар судлалын үндэсний төв-II –ийг барьж байгуулах газрын асуудлыг шийдсэн байдаг.

Хөрөнгө мөнгө нь саатахгүй ажил эхэлбэл ирээдүйд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд шинэ Хавдрын эмнэлэг ашиглалтад орно.

Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн гэдэг асуудалд нэр холбогдож байв. Тухайлбал, “Хүүхдийн инээмсэглэл” арга хэмжээнд зориулж хөтлөгч дуучдад 18 сая төгрөг, сургуулийн сурагчдыг зусланд явуулах байр хоолны зардалд 50 сая төгрөг зарцуулж, төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан. Орлогч туслахуудынхаа хувийн автомашинд шатахууны зардлын мөнгө нэрээр 1,8 сая төгрөг илүү зарцуулсан гэх шүүмжлэлийн бай болж байв.

Тэрбээр одоо УИХ дээр Гэр бүлийн тухай хуулийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагайгийн тайлбарласнаар  “Орчин үеийн гэр бүлийн хувьд зөрчлийн үндсэн шалтгаан нь санхүүгийн байдал, согтууруулах ундааны хэрэглээ, хүүхдийн асуудал, өр зээл, үзэл бодлын зөрчлөөс үүдсэн гэсэн судалгаа гарсан. Гэр бүлийн гишүүдээр нь харьцуулбал, ихэвчлэн эхнэр-нөхрийн, эцэг, эх болон хүүхдүүд , хадмууд болон хүргэн/бэрүүдийн  хооронд үүсдэг гэсэн дүгнэлт гарчээ. Иймээс хуулийг шинэчлэн боловсруулах хүрээнд юуг хуульчлах, юуг ёс зүйгээр зохицуулах вэ зэрэг олон асуудал тодорхой болох юм. Хуулийн зохицуулалт амьдралд буухуйц байж гэмээнэ үр дүнгээ өгнө. Тиймээс эл хууль хэр зөв чамбай төсөл болж боловсруулагдах вэ гэдгээс УИХ-ын гишүүн Н.Алтаншагай мөн хэр сайн хууль тогтоогч болох вэ гэдэг шалгалтыг ч давхар өгөх учиртай.

Тэрбээр том төслүүд хөдөлж байж, Монгол Улсын эдийн засагт өсөлт гарч, иргэдийн ахуй амьдрал сайжирна гэж үздэг.

УИХ-аар Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын хэлэлцээртэй холбоотой асуудал орж ирэхэд тэрбээр “Түнэр харанхуй улс төр хийдэг Х.Баттулга нарын улстөрчдөөс болж алдагдсан боломжийг үнэлж баршгүй болсон” гэж шүүмжилж байв.

Харин УИХ-аар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд хэлэлцэгдэх үеэр “Хархорум хотыг шинээр байгуулахдаа хууль эрх зүйн орчныг дэд бүтэц, бүтээн байгуулалттай нь уялдуулж явахгүй бол төлөвлөлт дээр алдаа гарвал Улаанбаатар хотын газар олголт шиг замбараагүй болно. Тиймээс шинээр байгуулж байгаа хотыг төлөвлөлтийн алдаатай хот болгохгүй байх дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэж анхааруулга өгч суусан.

Архангай аймгийн угшилтай тэрбээр жудо, чөлөөт бөхийн тамирчин болохоор Улаанбаатар хотод ирж, 2008 онд Шонхор дээд сургуульд элсэн суралцсан ч төд удалгүй орхиж, Улаанбаатар Эрдэм Их сургуулийг сонгон нийгмийн ажилтан мэргэжлээр суралцан төгсчээ.

Намын ажлаас төрийн ажил руу шилжихэд номын дууг нь сонссон байх шаардлага үүссэн үү, нам нь сургасан уу, 2019 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежментээр суралцсан бол 2020 онд МУИС-д суралцан, улс төр судлалын магистр хамгаалсан байдаг. Хожим нь тамирчин болох мөрөөдлөөсөө няцсан тухайгаа  “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд сурч байлаа. 2008 оны олимп бодогдоод л, боломж байх болов уу гэж догдолж байсан. Афины олимп болж Х.Цагаанбаатар жүдо бөхөөр хүрэл медаль аваад мандаж байсан үе л дээ. Спортод амжилт гаргахгүй бол маш хатуу.   Олон найзаа спортын замаас буцаж байсныг харсан. Зарим нь бэртээд спортын ертөнцөөс гарч байсан.

Амжилт үзүүлэхгүй бол тамирчин хүн хэцүү. Улсын аваргаас медаль аваад яваад л байдаг. Карьер нь дуусангуут спортын замналаас нийгэмших хэцүү.

Эртхэн шийдвэр гаргаж нийгэм, түүхийн чиглэлээр явахаар шийдсэн. Тэр шийдвэрийг гаргах амаргүй байсан. Спорт бол өндөр циклтэй 10 жил буюу залуу насны ажил юм. 20 наснаас 30 нас  хүрэхэд тэгээд л дуусна” гэж ярьсан байдаг.

Авлигатай тэмцэх газарт гаргаж өгдөг хөрөнгө орлогынх нь мэдүүлгийг сонирхвол жилийн орлого нь 44 сая бол гэр бүлийн гишүүд нь 11 сая төгрөгийн орлоготой. 278 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, Hyundai, Sonata-7  маркийн автомашинаа 30 сая төгрөгөөр үнэлжээ. 77 сая  төгрөгийн мал аж ахуйтай. Таван сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол 14 сая төгрөгийн хадгаламж, 85 сая төгрөгийн  зээлтэй гэж мэдүүлжээ. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөхдөө 40 мянга гаруй хүний санал авснаар УИХ-д сонгогдсон байна.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагайгийн намтар 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 2002 онд Архангай аймгийн 3 дугаар дунд сургууль
  • 2017 онд Улаанбаатар Эрдэм Их сургууль Нийгмийн ажилтан
  • 2019 онд Удирдлагын академи Төрийн захиргааны менежмент
  • 2020 онд Монгол Улсын Их сургууль Улс төр судлалын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2008-2011 онд Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Улс төрийн ажилтан
  • 2011-2012 онд Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Зохион байгуулалтын хэлтсийн дарга
  • 2011-2017 онд Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын намын хороо, Дэд дарга
  • 2017-2018 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын орлогч
  • 2018-2020 онд Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Дэд дарга
  • 2020-2024 онд Сонгинохайрхан дүүрэг, Засаг дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2021 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ustga 1 цагийн өмнө 202.9.46.55

хулгайчийг устга

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.55.188.42

цагтаа сумьяагынхаа бөгсийг долоож байсан одоо нохойноос дор үзэж тоохгүй болсон. ямар ч чадваргүй схд дүүрэгт юу ч хийгээгүй н**ш ш дээ

Avatar

Зочин 3 цагийн өмнө 103.212.118.21

СХД ийн гэр хорооллын зам ганц нь стандартын шаардлага хангаагүй айлын хаалгатай тулгаад барьсан явган замгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж