Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцруулах эсэхийг шийдэх шүүх хурал энэ долоо хоногт эцсийн шатандаа орж байна. Тодруулбал, ердөө хоёрхон удаа албан ёсны сонсгол хийсний дараа гуравдугаар сарын дундуур шүүхийн шийдвэр эцэслэн гарах аж. Үндсэн хуулийн цэцийн долоо, найм дахь удаагийн хуралдаан энэ долоо хоногийн Мягмар, Пүрэв гаригт тус тус болж байна. Хурлын үеэр найман гэрчээс байцаалт авна. Хоёр сонсголоос хойш дахин шүүх хурал товлож магадгүй ч ирэх сард эцсийн шийд гарна гэж таамаглаж байна. Шүүхийн хэвлэлийн ажилтны мэдээлснээр одоогоор нэмэлт сонсгол төлөвлөсөн зүйлгүй аж.
Одоогоор ерөнхий сайд Хан Дак Сү, Батлан хамгаалахын Сөрөх тагнуулын командлалын офицер Ли Кён Мин нар мэдүүлэг өгч амжаагүй байгаа. Тэднийг дуудаж, мэдүүлэг өгөхийн тулд дор хаяж хоёр сонсгол нэмж товлож магадгүй гэсэн таамаг ч бий.
Үндэсний ассамблей Юн Сук Ёлын импичментийг зарласнаас хойш Өмнөд Солонгосын Дээд шүүх өнөөг хүртэл хоёр урьдчилсан хэлэлцүүлэг, зургаан албан ёсны сонсгол зохион байгуулаад байна. Юн сүүлийн дөрвөн шүүх хуралд өөрийн биеэр оролцжээ.
Өнөөдрийн сонсголоор Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд асан Ли Санг Мин, Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Шин Вон Сик, Үндэсний тагнуулын албаны дэд захирал асан Бэк Жонг Вук, Үндэсний сонгуулийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Ён Бин нарыг байцаах юм. Харин Пүрэв гаригт Солонгосын Үндэсний цагдаагийн газрын комиссар асан Чо Жи Хо, Сөүл хотын цагдаагийн дарга асан Ким Бонг Сик, Үндэсний тагнуулын албаны Чо Тэ Ён, Армийн нийслэлийг хамгаалах командлалын хамгаалалтын нэгдүгээр батальоны командлагч Чо Сон Хён нарын гэрчийг байцаана.
Гэрчүүдийг байцааж дууссаны дараа Юн Сук Ёлын эцсийн мэдүүлгийг сонсох тусдаа өдөр гаргаж магадгүй. Яагаад гэвэл өмнөх ерөнхийлөгч нарын импичментийн шүүх хурлын дараа өөрсдийх нь үгийг сонсох сонсголуудыг тус тус зохион байгуулж байсан удаатай. Пак Гын Хэгийн хэрэг дээр гэхэд л 11 хоногийн дараа шүүх шийдвэрээ гаргаж байжээ.
Энэ жишигийг харвал Юн Сук Ёлын хувь заяа гуравдугаар сарын дундуур шийдэгдэх төлөвтэй байна.
Юн Сук Ёлын хуулийн баг одоогоор шүүх хуралдааны давтамжийг долоо хоногт нэг удаа болгон ерөнхий хугацааг сунгахаар оролдож байна. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд үндэслэн шүүх хурлыг зогсоох хүсэлт гаргах боломжтой.
Холбоотой мэдээ