"Худалдааны дайн өрнөвөл экспортын орлого буурна"

"Худалдааны дайн өрнөвөл экспортын орлого буурна"

"Худалдааны дайн өрнөвөл экспортын орлого буурна"

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсөн даруйдаа Канад, Мексик, Хятад зэрэг улсын импортын бараанд гаалийн татвар ногдуулахаар болсон. Түүний энэхүү мэдэгдэл дэлхийн зах зээлд хүндхэн дохио өгч байна. Та үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

 –Ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексикийн бараанд 25 хувийн, Хятадын бараанд 10 хувийн татвар ногдуулах тухай зарлигт 2025 оны хоёрдугаар сарын 1-нд гарын үсэг зурсан. Зарлиг 2025 оны хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн үйлчилнэ гэж мэдэгдсэн боловч Канад, Мексикийн татварыг 30 хоногоор хойшлуулсан (3-р сарын 4 хүртэл). Хятадад хоёрдугаар сарын 4-нөөс үйлчилж эхэлсэн. Трампийн энэхүү шийдвэр нь дэлхийн зах зээлд томоохон өөрчлөлт авчирч болзошгүй. Хэдийгээр АНУ-ын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хил дамнасан хууль бус үйл ажиллагааг бууруулах зорилготой боловч хэрэглэгчдийн хувьд зардал нэмэгдэх, худалдааны дайныг өдөөх эрсдэлтэй. Канад, Мексикийн эдийн засагт илүү хүнд тусна.  Харин Хятад улс харьцангуй бага нөлөөлөлтэй байж болох хэдий ч цаашид татварын үргэлжлэх хугацаа, хариу арга хэмжээ, цаашдын дипломат хэлэлцээр зэргээс шалтгаалах болов уу.

Богино хугацаанд АНУ-ын эдийн засгийн тодорхой хэсгүүдэд таатай нөлөө үзүүлж болох ч, урт хугацаандаа дэлхийн зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, эдийн засгийн өсөлтийг сааруулж болзошгүй юм.

АНУ-ын хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө гэвэл үнийн өсөлтийг хэлж болно.Татвар нь импортын барааны үнийг нэмж таарна. Жишээлбэл, Мексикээс оруулж ирдэг жимс, хүнсний ногоо (авокадо, улаан лооль, чинжүү гэх мэт)-ны  үнэ өснө. Канадын модон материал, автомашины сэлбэг хэрэгслийн үнэ нэмэгдэнэ. Хятадын электроникийн бараа (гар утас, компьютер), тоглоом, хувцас… гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Үнийн өсөлт инфляцийн дарамтыг авчирна.  Тодорхой хэлбэл, Tax Foundation-ийн(Америкийн татварын бодлогын судалгаа, боловсруулалт хийдэг бие даасан байгууллага) тооцоолсноор, дээрх татвар 2025-2034 онд АНУ-ын өрх бүрт дунджаар 800 ам.долларын нэмэлт татварын дарамт үүсгэхээр байгаа.

Татвар ногдуулсан Канад, Мексик, Хятадад үзүүлэх нөлөө гэвэл шууд л эдийн засгийн хохирлыг хэлж болно. Канад, Мексикийн эдийн засаг АНУ-ын зах зээлээс ихээхэн хамааралтай (Канадын ДНБ-ий 67 хувь, Мексикийн ДНБ-ий 73 хувь нь гадаад худалдаатай холбоотой). Татвар нь эдгээр улсын экспортыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг сааруулна. Канад, Мексик, Хятад улсууд хариу арга хэмжээ авахаа зарлалаа. Энэ нь худалдааны дайн үүсгэж, эдийн засгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлж болзошгүй юм. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 155 тэрбум ам.долларын үнэ бүхий АНУ-ын бараанд 25 хувийн хариу татвар ногдуулна гэж мэдэгдсэн. Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум мөн хариу татвар төлөвлөж байна. Хятад улс Дэлхийн Худалдааны Байгууллагад (ДХБ) гомдол гаргахаа мэдэгдэхийн зэрэгцээ "шаардлагатай хариу арга хэмжээ" авахаа зарласан. Харин Хятадын эдийн засаг бусад зах зээл болох  ЕХ, Мексик, Вьетнам зэрэг улсуудтайгаа гадаад худалдаагаа өргөжүүлэх бодлого барьж байгаа тул 10 хувийн татварын нөлөө харьцангуй бага байж болох талтай. Ерөнхийдөө сөрөг болон эерэг үр дүнтэй шийдвэр гэж дүгнэж болно. Гэхдээ дэлхийн худалдааны дайн өрнөж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэл бодитоор бий боллоо.

-Трампийн тарифын шийдвэр Хятадын эдийн засгийн өсөлтийг сааруулж, ДНБ-ий өсөлтийг 2025 онд 4 хувь, 2026 онд 3.5 хувьд хүрнэ хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. Өнгөрсөн онд тус улсын ДНБ-ий өсөлт 5 хувьд хүрсэн юм?

-Тарифын нөлөө Хятадын ДНБ-ийг сааруулна. Энэ онд ДНБ-ий өсөлт 4 хувь руу буурах таамаглал байна. Энэ нь өнгөрсөн оныхоос (5%) нэг нэгж хувиар буурсан үзүүлэлт юм. Ирэх жил шинжээчид 3.5 хувиар таамаглаж байна. Энэ нь тарифын үргэлжлэх хугацаа, худалдааны алдагдалтай холбоотой. Хятадын экспорт багасна. Хятад улсын экспортын томоохон хэсэг нь АНУ-ын зах зээлд чиглэгддэг. Тариф нь Хятадын барааны үнийг нэмэгдүүлж, эрэлтийг бууруулж болзошгүй. Энэ нь Хятадын экспортын орлогыг бууруулах нь тодорхой. Ингэснээр юанийн ханш сулрах эрсдэлтэй.

Тарифын нөлөөгөөр Хятадын экспортын орлого буурч, импортоор орж ирэх барааны үнэ нэмэгдэх тул юанийн ханшид дарамт үзүүлж магадгүй.

Худалдааны дайн нь Хятад, АНУ-ын хоорондын харилцааг хурцатгаж, геополитикийн тоглолтод шууд нөлөөлнө. Хятад улс өөрийн стратегийн түншүүд, худалдааны холбоотнуудаа бэхжүүлэх, шинэ зах зээлд гарах арга замыг эрэлхийлэх байх.

-АНУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-ын зарим нэр төрлийн бараанд 10 хувийн гаалийн албан татвар ногдуулахаа мэдэгдсэн. Монгол Улсын экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг БНХАУ үзүүлж буй дээрх тарифын бодлого Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-АНУ-ын БНХАУ-ын зарим бараанд 10 хувийн гаалийн татвар ногдуулсан нь Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бус нөлөө үзүүлэх боломжтой. Монгол Улсын экспортын орлогын 90 орчим хувийг БНХАУ-д экспортолж буй түүхий эд, ялангуяа нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Миний харж буйгаар, АНУ-ын татвар нь БНХАУ-ын экспортын өсөлтийг сааруулж, улмаар тус улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тодруулбал, БНХАУ-ын дотоодын үйлдвэрлэл, барилга, дэд бүтцийн салбарт түүхий эдийн эрэлтийг бууруулах эрсдэл үүсэх магадлалтай. Энэ нь Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн эрэлтэд нөлөөлж экспортын орлого буурч, улмаар валютын ханш, төсвийн орлогод сөргөөр нөлөөлөх нь тодорхой юм.

Цаашид АНУ-БНХАУ-ын худалдааны дайн даамжирвал, дэлхийн түүхий эдийн зах зээлд нөлөөлж, нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнийг бууруулж болзошгүй. Энэ нь Монгол Улсын экспортын орлогыг бууруулна. 2018 онд АНУ-БНХАУ-ын худалдааны маргааны үеэр түүхий эдийн үнэ тогтворгүй байсан нь Монголын экспортын орлогод нөлөөлж байсныг санах хэрэгтэй.

Дүгнэж хэлбэл, экспортын орлого буурах, валютын ханш сулрах төсвийн алдагдал нэмэгдэх, инфляц өсөх зэрэг эрсдэлүүд бодитоор бий болсон.  АНУ-ын 10 хувийн татвар нь Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр боловч БНХАУ-ын хариу арга хэмжээ, дотоодын бодлогоос хамаарч эерэг боломжууд ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Монгол Улсын хувьд экспортын зах зээлийг төрөлжүүлэх, БНХАУ-аас гадна бусад улс орнуудтай худалдааны харилцааг өргөжүүлэх, дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эрсдэлийг бууруулах шаардлагатай байна. Олон жил ярихааас цаашгүй л юм даа. Түүхий эдийн үнэ өндөр үед, төсвийн зарлагаа нэмж тансаглачихаад эдийн засгийн хүнд үед өр зээлээ нэмэгдүүлдэг ийм л хар үед монголчууд амьдарч байна.

-Урд хөршөөс экспортын хувьд шууд хамааралтай Монгол Улсын инфляцид Трампийн тарифын шийдвэр хэрхэн нөлөө үзүүлэх вэ. 2024 оны байдлаар Монгол Улсын инфляц 9 хувьтай гарсан шүү дээ?

-Трампийн тарифын шийдвэр нь Монгол Улсын инфляцид шууд болон шууд бус хэлбэрээр нөлөөлж болзошгүй. Хэрвээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампийн тарифын шийдвэрээс болж БНХАУ-ын эдийн засаг саатаж, худалдааны дайн өрнөвөл Монгол Улсын экспортын орлогод шууд утгаараа нөлөөлж таарна. 2024 оны эцсээр инфляц 9 хувьтай гарсан, хэрвээ экспортын орлого буурвал, гадаад валютын нөөц багасч, импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляц улам нэмэгдэх магадлалтай.

БНХАУ нь Монгол Улсын импортын гол түншүүдийн нэг. Тарифын шийдвэрээс болж БНХАУ-ын дотоодын үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүний үнийг өсгөх магадлалтай. Энэ нь Монгол Улсад импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, инфляцийг өдөөх нэг шалтгаан болно. Экспортын орлого буурч, импортын зардал өсвөл, Монголын төгрөгийн ханш сулрах өндөр магадлалтай.

Валютын ханшны сулрал нь импортын барааны үнийг улам нэмэгдүүлж, инфляцид шууд нөлөөлнө шүү дээ. Хэрэв эдийн засгийн нөхцөл байдал муудвал, иргэдийн худалдан авах чадвар буурч, дотоодын эрэлт багасч болзошгүй. Энэ нь инфляцийн дарамтыг багасгах талтай ч, урт хугацаандаа эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг. Засгийн газраас энэхүү тарифын сөрөг нөлөөг бууруулахын тулд татвар, төсвийн бодлогоор дамжуулан арга хэмжээ авч болно. Гэвч тийм айхтар эерэг нөлөө шууд үзүүлэхгүй болов уу. Учир нь манай улс хэрэглэгч орон. Энэ нь бусдаас маш их хараат гэсэн үг. Гэхдээ л тусгаар улс юм болохоор импортын тарифыг бууруулах, эсвэл экспортын төрлүүдийг нэмэгдүүлэх замаар инфляцийн дарамтыг зөөлрүүлэх боломж бий. Үүнийг ойлгож буй удирдлага байна уу гэдэг л том асуудал. Трампийн тарифын шийдвэр нь Монгол Улсын инфляцид шууд нөлөөлөхгүй боловч, БНХАУ-ын эдийн засгаар дамжин, эдийн засгийн нөхцөл байдлыг өөрчлөх боломжтой. Инфляцийн түвшин нь 2024 оны 9 хувьтай түвшнээс хэрхэн өөрчлөгдөх нь олон хүчин зүйлээс шалтгаална, тухайлбал, дэлхийн зах зээлийн хандлага, Монголын төсөв, мөнгөний бодлого, мөн энэхүү тарифын шийдвэрийн эсрэг авах хариу үйлдэл зэргийг дурдаж болно.

-Тэгвэл Трампийн тарифын шийдвэр валютын ханшид нөлөө үзүүлэх үү?

-Трампийн тарифын шийдвэр нь валютын ханшид нөлөөлөх магадлалтай ч энэ нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална. Хэрвээ тарифын шийдвэрээс үүдэлж худалдааны дайн өрнөвөл Монгол Улсын экспортын орлого буурч, гадаад валютын орох орлого багасна. Энэ нь манай төгрөгийн ханшийг сулруулж болзошгүй. Мөн тарифын шийдвэр БНХАУ-ын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлбэл, юанийн ханш унаж магадгүй. Энэ нь БНХАУ-тай худалдаа хийдэг улсуудад, тухайлбал Монгол Улсын төгрөгийн ханшид нөлөөлж таарна. Тарифын шийдвэрээс үүсэх эдийн засгийн тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулагчдыг тодорхой валютын хөрөнгөөс зайлсхийхэд хүргэж, энэ нь валютын ханшид савлагаа үүсгэдэг. Ийм гурван эрсдэл манай төгрөгийн ханшид нөлөөлөхөөр байгаа.

н гарснаас хойш ам долларын ханш өдрөөс өдөрт өсч байна. Үүний шалтгаан юу вэ.Богино хугацаанд ямар хариу арга хэмжээ авбал зохистой гэж харж байна?

-2024 оны эцсээс эхлэн ам.долларын ханш өдрөөс өдөрт өсөж буй нь гадаад ба дотоод шалтгаантай. Гадаад шалтгаан гэвэл АНУ-ын эдийн засаг тогтвортой өсөж, АНУ-ын эдийн засаг сайн гүйцэтгэлтэй байвал, хөрөнгө оруулагчид ам.долларт хөрөнгөө байршуулах сонирхол ихтэй болдог. АНУ-ын Төвбанкны мөнгөний бодлого, тэр дундаа бодлогын хүүгийн өсөлт, долларын ханшид шууд нөлөөлнө. Хүү өндөр болох тусам, долларын эрэлт нэмэгдэж, ханш чангардаг. Дэлхий дахины геополитикийн тодорхойгүй байдал, худалдааны дайн, эсвэл зарим нэгэн улсын эдийн засгийн хямрал нь ам.долларыг аюулгүй хөрөнгө гэж үзэхэд хүргэдэг. Бас инфляци өсөх хүлээлт байвал, хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгийг хамгаалахын тулд ам.доллар руу шилжих магадлалтай. Дотоод шалтгааны хувьд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ, ялангуяа нүүрс, зэс зэрэг Монголын экспортын голлох бүтээгдэхүүний үнэ буурч байвал, гадаад валютын нөөц багасч, долларын ханш өсдөг. Монгол Улсын гадаад худалдаа нэгдүгээр сард 1.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар буурсан. Энэ нь нүүрсний экспорт удааширч, үнэ буурч байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл манай зах зээлд орж ирэх валютын хэмжээ буурч эсрэгээрээ утаанаас зугтаж гадаадыг зорих иргэдийн тоо нэмэгдсэн байна. Ханш буулгах богино хугацаанд ямар арга хэмжээ авч болох вэ гэвэл Монголбанк валютын зах зээлд интервенц хийж, ам.доллар нийлүүлснээр ханшийн огцом өсөлтийг сааруулж болно. Гэхдээ энэ нь гадаад валютын нөөцөд нөлөөлж болзошгүй. Мөн бодлогын хүүгийн түвшинг өсгөх нь дотоодын валютын эрэлтийг нэмэгдүүлж, ханшийг тогтворжуулахад тусалж болно. Экспортын диверсификаци, шинэ зах зээл олох, эсвэл экспортын бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хайх хэрэгтэй. Ураны төсөл хөдөлсөн ч газрын ховор элементийнхээ төслийг зогсоочихлоо. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого гуйвамтгай байгааг шүүмжилмээр байна.

-Монголбанкнаас инфляцийг нэг оронтой тоонд барихаа мэдэгдсэн. Гэсэн хэдий ч сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотой өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Энэ байдал хэр удаан үргэлжлэх бол?

-Богино хугацааны нөлөө гэж харж байна. Ихэвчлэн сар шинийн баярын өмнөх болон дараах хэдэн долоо хоногт үнэ өсөлтийн үзэгдэл ажиглагддаг. Эрэлт буурах үед, буюу баяр өнгөрсний дараа үнэ буцаж буурч, тогтворжих хандлагатай болдог.Монголбанкны зүгээс инфляцийг нэг оронтой тоонд барихаар зорьж буй. Тиймээс мөнгөний нийлүүлэлтийг хянах, бодлогын хүүгийн түвшинг өөрчлөх зэргээр инфляцийг тогтворжуулах өөрсдөөсөө хамаарсан ажлаа үр дүнтэй хийж байна гэж дүгнэж болно. Гэхдээ богино хугацааны үнэ өсөх үзэгдэл нь эдийн засгийн нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний төрлөөс хамааран харилцан адилгүй байдаг. Нэмж хэлэхэд, ханшийн өсөлтийн шалтгааны талаар олон нийтэд зөв мэдээлэл өгч, түр зуурын үзэгдэл гэдгийг ойлгуулах ёстой.

-Хэрэв зорилтот түвшнээс инфляцийн түвшин өндөр хэвээр байвал Монголбанк бодлогын хүүгээ эргэж харах уу?

-Инфляцийг хянах, тогтворжуулах нь төв банкуудын гол зорилтуудын нэг. Монголбанк инфляцийн түвшинг зорилтот түвшинд хүргэхийн тулд бодлогын хүүг өөрчлөх эсвэл бусад мөнгөний бодлогын арга хэрэглэх нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, инфляцийн шалтгаан, мөн гадаад, дотоодын хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгддөг. Инфляцийн түвшин удаан хугацаагаар зорилтот түвшнээс өндөр байвал, бодлогын хүүг өсгөх магадлал өндөр байх болно.

-Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хувь хэмжээ он гарсаар 5 тэрбум ам.доллар давсан гэдгийг мэдэгдэж байсан. Энэ хувь хэмжээнд өөрчлөлт орсон уу?

-Өнөөдрийн байдлаар 4.8 тэрбум болсон харагдсан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 43.242.242.59

АНУ-тай хоёр хөрш маань сайн харицаатай байвал Монгол улсад ч гэсэн ашигтай. Ядаж л АНУ-тай сайн байна гээд биднийг буланд шахаад байхгүй юмдаа. Монгол улс бол ямар ч улстай муудахыг огт хүсэхгүй. тэр нь өлзийтэй юмаа. Монгол улсад ашигтай бүх харилцааг бид дэмжих учиртай

Avatar

зочин 3 цагийн өмнө 66.181.190.29

Худалдааны дайн уг нь хэнд ч хэрэггүй, Гаалийн татвар нэмлээ гэхэд иргэдэд очих тэр барааны үнэ л нэмэгдэнэ, Иргэдээ мөлжиж байгаагийн нэг хэлбэр,

Avatar

Haha 2 цагийн өмнө 103.168.34.141

DAIN HEREGTEI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж