Сурвалжлага: Монголын сагсан бөмбөгийн домгууд чуулсан хоёр дахь өдөр

The League

Сурвалжлага: Монголын сагсан бөмбөгийн домгууд чуулсан хоёр дахь өдөр

Сурвалжлага: Монголын сагсан бөмбөгийн домгууд чуулсан хоёр дахь өдөр

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" өнгөрсөн амралтын өдрүүдэд "UG Арена"-д боллоо. Сагсан бөмбөг сонирхогчдын баярын эхний өдөр хөгжөөн дэмжигчдэдээ гэнэтийн бэлгүүдийг барьсан бол  хоёр дахь өдөр бүх оддоор тодорсон шилдэг 28 эмэгтэй тамирчдаа зарласнаар эхлэв. Улаан багийг Б.Ариунцэцэг, цагаан багийг Н.Нандинхүсэл тус тус ахлаж талбай дээр гарч ирлээ.

Тамирчид халаалтдаа гарахаас өмнө улаан багийнхан өрсөлдөгч багтаа болоод үзэгчдэдээ “Wait” гэх тренд болоод байгаа бүжгийг үзүүлж гэнэтийн бэлэг барьсан. Халаалт дуусч тоглолт эхлэхийн өмнө дуучин н.Энхнаран Монгол Улсын төрийн дууллыг ордонд эгшиглүүлснээр тоглолт эхэллээ. Тоглолтын эхний  хагас  маш хөгжилтэй бас сонирхолтой болж чадсанаараа үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байлаа. Бүх оддын их завсарлагаанаар “Sweetymotion” хамтлаг хөгжөөн дэмжигчдэдээ ая дууны мэндчилгээ хүргэлээ. Тоглолтын хоёрдугаар хагасын эхлэлийг цагаан баг маш сайн тавьж арван онооны тэргүүлэлийг авсан хэдий ч дөрөвдүгээр үед улаан багийн тамирчид болох Б.Ариунцэцэг болон Ө.Индра нар дараалсан довтолгоонуудыг амжилттай болгосноор баг нь хожиж, Ө.Индра тоглолтын шилдэг боллоо. Тэрбээр “Энэ шагналыг авсандаа маш их баяртай байна. Энэ шагналыг авна гэж төсөөлөөгүй” гэв.

Удалгүй талбай дээр энэ удаагийн "Бүх оддын тоглолт"-ын гол арга хэмжээ болох дээд лигт тоглож байсан шилдэг 30 тоглогчдыг арав арваар нь хуваан угтан авлаа. Энэ үеэр үзэгчид суудлаасаа босч, хүндэтгэл үзүүлж байсан нь тэдгээр тамирчид Монголын сагсан бөмбөгт ямар их зүйлсийг хийж бүтээж үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн харагдах мэт.  Тамирчдыг зарлаж дууссаны дараа ордонд ирсэн үзэгчид дэмждэг тоглогчдодоо сэтгэлийн мэндчилгээгээ дэвшүүлсэн бичлэг дэлгэцээр гарлаа. Үндэсний дээд лигийг арван жил тасралтгүй үзэж байгаа гэх Хасын Хүлгүүд багийн дэмжигч Б.Эрдэнэбаяр “Энэ удаагийн бүх одод маш гоё гэнэтийн бэлгүүдтэй болж байна. Би сагсан бөмбөгөөс ийм хэмжээний баяр баясал, таашаалыг мэдрэлгүй удаж. Шилдэг 30 тоглогчдоос Б.Билгүүнийгээ их дэмждэг гэхдээ энд нэрлэгдсэн тоглогчид бол үнэхээр л энэ зууны шилдгүүд мөн шүү. Та нартаа үргэлж баярлаж явдаг шүү” гэв.

Шилдэг 30 тоглогчид талбайгаас гарсны дараа домогт "Харанга" хамтлаг амьд хөгжмөөр гал гарсан үзүүлбэрээ толилуулж үзэгчдийг улам догдлуулж, заалыг эзэгнэлээ. "Харанга"-ын үзүүлбэр дуусч, өнөө цагийн шилдгээр сонгогдсон эрэгтэй тамирчдыг амьд хөгжмийн дуун доор зарлан гаргаж ирлээ. Улаан багийн ахлагчаар Хасын Хүлэгүүд багийн тоглогч А.Азбаяр тодорсон бол цагаан багийг “BCH Knights”-ийн О.Эрдэнэцогт ахалж тоглолтыг эхлүүллээ.

Тоглолтын хоёрдугаар үеийн өмнө зохион байгуулагчид маш том гэнэтийн бэлгийг үзэгчдэдээ барьсан нь сонгогдсон шилдэг 30 тоглогчдоо хоёр багт хуваан тоглуулах байлаа. Үүнийг үзэгчид болоод тамирчид үнэхээр таамаглаагүй байсан нь тэдний гаргаж буй хариу үйлдэл болоод царайнаас нь илхэн. Талбайд үе үеийн шилдгүүд гарч ирэхэд үзэгчид “Үүнийг зүүдэндээ л үзэх байсан байх“ гэж ярих нь хэд хэдэн удаа сонсогдох бөгөөд тэднийг оноо авах бүрийд суудлаасаа босч хүндэтгэл үзүүлэн алга ташиж байлаа.

Хоёрдугаар үе үнэхээр л сууж үзэхийн аргагүй маш сонирхолтой болж, үеийн төгсгөлд Ц.Мэргэн цаг дуусахтай зэрэгцээд алсын зайн шидэлтээ амжилттай болгож, ордоныг шуугиуллаа. Тоглолтын их завсарлагаагаар алдарт “Шанг чи, Мулан” зэрэг кинонууд дээр ажиллаж байсан “Hurgan crew”-ийн баг хамт олон гайхалтай үзүүлбэрийг толилуулж үзэгчдийн амыг ангайтал гайхшируулав. Тоглолтын дунд хэсэгт П.Болортулга болон Т.Санчир нарын гурван онооны тулаан болж үзэгчдийг хөгжөөгөөд амжсан. Дөрөвдүгээр үеийн дунд хэсгээс М.Ихбаяр болон Б.Одбаярын хослол үйлдэл бүрээрээ үзэгчдийг алмайруулж, улаан баг аль хэдийнэ 20 онооны тэргүүлийг үүсгэлээ. Гэхдээ л үзэгчдэд тооны харьцаа бус талбай дээрх тамирчдыг харах нь сонирхолтой байлаа.

Тоглолтын дараа Австралиас зорин ирж "Бүх оддын тоглолт"-доо оролцсон Б.Одбаяр “Маш их баяртай байна. Мэдээж үе үеийн төлөөллүүдтэй хамт талбайд тоглох нь үгээр хэлэхийн аргагүй маш гоё мэдрэмж үлдээлээ. Хэзээ ч мартагдахааргүй тийм сайхан дурсамжийг бүтээлээ” гэв.

Үе дууссаны дараа энэ удаагийн "Бүх оддын тоглолт"-ын сүүлчийн гэнэтийн бэлгийг үндэсний дээд лиг барьсан нь нэмэлт тавдугаар үе байлаа. Тавдугаар үе таван минут үргэлжилсэн бөгөөд энэ үеийн гол зүйл нь Б.Билгүүний эсрэг А.Азбаяр гэсэн ширүүн өрсөлдөөн байлаа. Энэ ширүүн өрсөлдөөний төгсгөлд А.Азбаяр хүчтэй тохолт хийснээр улаан баг хоёр онооны зөрүүтэйгээр ялалт байгуулж А.Азбаяр анх удаагаа шилдэг тоглогчоор шалгарлаа. Тэрбээр шагнал авсан талаараа “Сэтгэгдэл маш өндөр байна. Лигийнхээ 30 жилийн ой дээр хүндэлж биширч явдаг ахнартайгаа нэг баг болж, нэг талбайд хамт тоглох нь үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж байлаа. Мэдээж өөрөөрөө ч бас маш их бахархаж байна. Мөн багийнхандаа хандаж хэлэхэд энэ жил бид аваргаа хамгаалж чадна. Миний энэ жилийн хамгийн том зорилго бол бусад байрлал дээр тоглож чадвараа илүү ахиулах. Үзэгчдэдээ хандаж хэлэхэд зорилго тавьсан бол битгий зогсоорой” гэв.

Э.Ариунтөгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 188.33.36.52

домог момог гээд шаачжээ. Өөрсдийгөө ингэж бичүүлдэг юм байхдаа ккк

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.9.40.37

Домог гэвүү……кккккккккккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж