Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр /2025.02.10/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Энэ долоо хоногт хийх гэж байгаа Монгол Улсын дата өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги, хиймэл оюуны эрх зүйн акт, дата өгөгдлийн талаар мэдээлэл өгье. Дэлхий дээр 60 орчим улс хиймэл оюуныг хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг хийж дуусгасан байна. Бид хиймэл оюуныг салбар болгонд хэрэглэх тухай бүх шатанд ярьж байна. Энийг эрх зүйн зохицуулалттай болгож, Монгол Улс ямар чиглэлд ажиллах, хувийн хэвшил болон гарааны бизнесүүдийг дэмжих бодлогоо тодорхой болгох шаардлагатай болсон. Энэ сарын 13-нд энэ салбарын бүх судлаачдыг оролцуулсан эхний томоохон хурлаа хийх гэж байна. Үүний дараа Засгийн газраар Үндэсний хиймэл оюуны стратегийг батална. Мөн дата өгөгдлийг хэрэглэх, эргэлтэд оруулах стратегийг батлах гэж байна.
Хиймэл оюунд зориулсан "TIER-4" үндэсний ногоон дата төвийг Шинэ Зуунмод хот буюу Хүннү хотод байгуулна. Мөн төрийн 4000 орчим яам агентлагийн цахим вэб хуудсыг Gov.mn нэгдсэн системд нэгтгэнэ.
Хамгийн түрүүнд Монгол Улс 2025 он гэхэд 5G үүрэн холбооны дэвшилтэт сүлжээг орон даяар нэвтрүүлэх ажлын бэлтгэлийг хангасан. Ирэх гуравдугаар сард гэхэд сонгон шалгаруулалтыг эхлүүлнэ. Хувийн хэвшил жолоочгүй тээврийн хэрэгсэл, аж үйлдвэрийн салбарт дэвшил гарч бүрэн авто, робот технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм. Дэлхийн 127 улс үүрэн холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлээд байна. Монгол Улс анх 2023 онд нэвтрүүлэхээр төлөвлөж байсан. Энэ ажил хойшилсоор байгаад энэ онд эхэлж байна. Хөдөөнөөс боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болно. Нийт 53 мянган км шилэн кабельтай бөгөөд нутаг дэвсгэрийн 23 хувь интернэттэй холбогдсон. Сумдын интернэтийн хүчин чадлыг 10 дахин нэмнэ. Эд зүйлсийн интернэт буюу цахилгаан, усны тоолуурыг автоматаар шийдэж, хүн бичих шаардлагагүй болно.
Бүх шатанд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хийж байгаа ч кибер аюулгүй байдлын эрсдэл Монголд байсаар байна. Монгол Улсын кибер аюулгүй байдлыг Оксфордын их сургуультай хамтран эрсдэлийн зэргийг анх удаа тодорхойллоо. Монгол кибер аюулгүй байдлын үзүүлэлтээрээ эрсдэлтэй түвшинд буюу 103 дугаар байранд байна. Өдөр бүр төрийн байгууллагын цахим систем рүү ямар нэг халдлагад өртөж байна. Албан ёсны энэ чиглэлийн мэргэжилтэнтэй байж, албан ёсны лицензтэй вэб сайт ашигламаар байна. 2030 онд дэлхийн хамгийн том эрсдэл кибер дайны эрсдэл юм. Энэ асуудалд анхаарах цаг болсон.
Өдөр тутам мэдээллийг дамжуулж байдаг цахим шуудангийн өгөгдлийг аюулгүй хадгалж бадйаг газар бол Үндэсний дата төв. Энэ төв бүрэн хэмжээнд ачааллан ажиллаж байна. Цаашдаа олон улсын түвшний ногоон дата төвийг байгуулахаар зураг төслийг нь эхлүүлээд байна. Энэ ажлыг эхлүүлэхгүй бол цахим шилжилт гацах эрсдэлтэй. Өгөгдлийг найдвартай хадгалах эдийн засгийн гарц харагдаж байгаа юм.
Шинэ ногоон дата төвийг байгуулах эрчим хүчний асуудал тулгарч байна.
Монгол Улсын хөгжил дэвшлийн суурь асуудал бол эрчим хүчний салбар. Ингэснээр хиймэл оюуны тооцоолол хийдэг төв ажиллах боломж нээгдэнэ. И-Монголиа академи дээр хиймэл оюунд суурилсан агентыг бий болгож байгаа. Иргэд ямар нэгэн үйлчилгээний зөвшөөрөл авах юм бол хиймэл оюунд суурилсан агент өөрөө нэрлэнэ. Нээлттэй өгөгдөл гэдэг зүйлийг эдийн засгийн эргэлтэд оруулна. Тухайн иргэний хувийн мэдээллийг нууцалж, аль замаар хамгийн их зорчиж байна вэ гэх мэтээр өгөгдлийн эдийн засгийг бий болгох юм. Хиймэл оюун ухааны сургалтыг хийх боломжтой болно. Мөн газрын маргаан, үл хөдлөх хөрөнгийн маргаан цэгцлэгдэх юм. Худал мэдээлэлтэй тэмцэх төвийг байгуулах гэж байна. Даост болсон эдийн засгийн чуулган дээр 2030 он хүртэлх дэлхийн хамгийн том эрсдэл бол худал мэдээлэл гэдгийг хэлсэн. Бид энэ чиглэлээр хүний нөөц бэлтгэх тал дээр анхаарна. " гэв.
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.182.241
Байхгүй хотод хичнээн ч юм байгуулдаг юм бэ дээ. өдөр бүр л нэг юм байгуулдаг болж ккк
Нэргүй 6 цагийн өмнө 202.126.91.30
Гол нь яг хиймэл оюуны хөгжүүлэлт хийх компаниудаа дэмжих юм байгаа биз дээ? Төр өөрөө зөвхөн бодлого гаргах, бизнесүүдээ дэмжих байдлаар ажиллаасай гэж хүсэж байна.
Зочин 8 цагийн өмнө 117.102.138.213
Энэ яамны хийх ажил биш шүү дээ
Зочин 11 цагийн өмнө 59.153.112.212
сүртэй сүртэй юм яах вэ. малын түүхий эдээ боловсруулдаг болчих л доо.
Нэргүй 12 цагийн өмнө 122.201.31.99
Цахим яам сайн ажиллаж байгаа