”2028 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авна”

Хуучирсан мэдээ: 2025.02.10-нд нийтлэгдсэн

”2028 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авна”

”2028 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авна”

Аялал жуулчлалын үндэсний чуулганыг холбогдох яам, харьяа газрууд хамтран өнөөдөр /2025.02.10/ зохион байгууллаа. ”Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-ноос зохион байгуулж буй “Tourism week-2025” арга хэмжээний нээлтэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 орчим аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөл оролцож байна. Энэ үеэр аялал жуулчлалын салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид хэрэгжүүлэх  зорилго зорилтын талаар тодрууллаа.


Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлж тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буй. Энэ хүрээнд олон улсад Монголыг таниулах, сурталчлах зорилго бүхий “Монголд зочлох жил” арга хэмжээг 2023 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Үүний үр дүнд 2023 онд аялал жуулчлалын салбараас 1,2 тэрбум ам.доллар, 2024 онд 1,6 тэрбум ам.долларын орлогыг  Монгол Улсын эдийн засагт төвлөрүүлж чадсан байна.

Аялал жуучлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл :

-Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэхүү арга хэмжээний үр дүнд 2024 онд 808,956 жуулчин хүлээж авлаа. Үүнийг өнгөрсөн онуудтай харьцуулахад жуулчдын өсөлт 20 гаруй хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр өнгөрсөн онд 1,6 тэрбум ам.долларыг эдийн засагтаа төвлөрүүлж чадсан. Энэ эрчээрээ байж чадвал 2025 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилгоо биелүүлж чадахаар байгаа юм. Тиймээс Монголд зочлох жил арга хэмжээг  Аялал жуулчлалын үндэсний хорооны тогтоолоор 2028 он хүртэл сунгасан.

Манай улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байвал 2028 онд гэхэд хоёр сая жуулчин хүлээж авах боломжтой болно.

Аялал жуулчлалын салбар хөгжсөнөөр эдийн засагт орлого төвлөрүүлэхээс гадна ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлчилгээний салбарын орлого нэмэгдэхэд нөлөө үзүүлж байгаа. Тус салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, Аялал жуулчлалын салбарын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Улсын хэмжээнд 5000 гаруй ортой байгаа. Тиймээс ирэх жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр зочдын тав тахтай байдлыг хангах орон байрыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа. Мөн дотоодын нислэгийн хүртээмж буюу агаарын тээврийн асуудал байгаа. Үүний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ бүгдийг шийдвэрлэхийн тулд холбогдох газрууд болон Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөж байна. Мөн хүний нөөцийг нэмэх тал дээр бодлого хэрэгжүүлнэ. Үүнээс гадна, визний таатай нөхцөлийг бүрдүүлж өгнө. Одоогийн байдлаар манай улс руу 50 гаруй орон визгүй зорчиж байна. Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгос, Хятад, Орос зэрэг улсын иргэд түлхүү зорин ирж байна. Ерөнхийдөө цаашдаа зуны аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна жилийн турш тогтвортой аялал жуулчлалыг салбарыг хөгжүүлэхэд холбогдох яам, газруудтай хамтран олон талт хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлнэ” гэв.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин:

-"Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэгээр сонгосон. Цаашдаа эдийн засгаа солонгоруулах дараагийн шинэ эдийн засгийг бий болгоно. Мөн нэг жуулчнаас олох орлого 2,000 ам.доллар байгааг 4,000 ам.долларт хүргэхээр зорьж байна. Ингэсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг бүрдүүлэх боломжтой болох юм. Жуулчдыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай байна. Мөн дотоодын нөөц бололцоонд тулгуурлан жуулчдыг татах бодлого хэрэгжүүлнэ. Тухайлбал, нүүдэлчин ахуй соёл, байгалийн цогцолборт газар зэрэг нөөцдөө тулгуурлан жуулчдыг татах тусгайлсан бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэлээ

Олон улсын жуулчдын тоо 2030 он гэхэд 2 тэрбумыг давж, дараагийн 10 жилийн хугацаанд аялал жуулчлалын ДНБ-ийн өсөлт дэлхийн эдийн засгийн өсөлтийн дунджаас хоёр дахин өндөр байх тооцоо гараад байна. Тодруулбал, Эко аялал жуулчлал 2034 он гэхэд 945 тэрбум ам.долларт хүрч, жил бүр 14 хувиар, адал явдалт аялал жуулчлал 2032 он гэхэд 1.7 их наяд ам.долларт хүрч, жил бүр 10 хувиар, Эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн аялал жуулчлал 2024 онд 1 их наяд ам.долларыг давж, жил бүр 13 хувиар өсөх төлөвтэй байгааг албаныхан онцолж байгаа юм. Иймд Монгол Улсыг зорьж буй жуулчдын 47 хувь нь дэлхийн чиг хандлагын дагуу хурдацтай өсөж буй эко аялал жуулчлал, адал явдалт аялал жуулчлалаар ирж байна. Мөн ганцаарчилсан “аялал” жуулчдын дунд тренд болж, уг төрлийн хайлт жилийн дотор 36 хувиар өсч, хиймэл оюун ухаан аялал жуулчлалын бүхий л үе шатанд улам бүр нэвтэрч, хувь хүнд тохирсон санал, чатбот болон виртуал туслах үйлчилгээ эрчээ авч байгааг соргогоор хүлээн авах шаардлагатай тулгарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж