УИХ-ын гишүүн Д.Батбаяртай ярилцлаа.
-Анх удаа холимог тогтолцооны үр дүнд 126 гишүүнтэй байгуулагдсан УИХ-ын намрын чуулган өндөрлөлөө. Намрын чуулганы онцлогийг юу гэж харж байна. Гаднаас нь харах, дотор нь орж ирж ажиллах хоёрт ямар ялгаа зааг байна вэ?
-Миний хувьд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тиймээс намрын чуулган миний хувьд сурч мэдсэн, танилцсан, тодорхой хэмжээний шийдэл гаргаж ажилласан чуулган болж өндөрлөлөө. Анх удаа УИХ-ын Зарлагын хяналтын дэд хороог ахалж ажиллалаа. Намрын чуулганаар анх удаа Монгол Улсын төсвийг 4-5 удаа хэлэлцсэн гэдгээрээ түүх болж үлдэх байх. Өмнөх парламентын гишүүдийн баталсан Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол оруулж, Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэж, Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотой дахин хэлэлцэж баталсан ийм онцлогтой төсөв байлаа.
Магадгүй дахин тодотгол орж ч магадгүй байна. Учир нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотойгоор Бүгд найрамдах Энэтхэг улсаас авах зээлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
Товчхондоо туршлага хуримтлуулсан чуулган болж өндөрлөлөө. Удаа дараа сонгогдсон туршлагатай гишүүдээс сонсч байхад анх удаа УИХ-д сонгогдсон гишүүдийн хувьд асуудалд нухацтай хандаж, зоригтой, шүүмжлэлтэй хандаж чадаж байна гэдгийг хэлж байна. Төсвийн алдагдлыг бууруулах асуудлыг анхны чуулган дээрээ хөндөж, асуудлыг олны анхааралд хүргэж, Ерөнхийлөгч хориг тавьж дахин хэлэлцэж, алдагдалгүй төсөв баталсан түүх парламентын түүхэнд байхгүй. Энэ юуг харуулж байна гэхээр УИХ тохиролцооны биш мэтгэлцээний, хэлэлцээрийн, шийдлийн УИХ болох тэр алхмуудаа хийсэн анхны намрын чуулган өндөрлөлөө гэж харж байна.
-Намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомжуудаас Монгол Улсын нийгэм, эдийн засагт бодитой өөрчлөлт авчрах, хүлээлт үүсгэсэн нь юу юу байв?
-Намрын чуулганы хугацаанд УИХ-аар маш олон асуудлыг шийдсэн. Хэлэлцэн баталсан асуудал бүр ач холбогдолтой, чухал асуудлууд байсан. Тэр дундаас Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй 14 мега төслүүдтэй холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байлаа. Нөгөө талаас тэр бүр олон нийтийн анхааралд өртөөгүй ч нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдол бүхий асуудлууд ч бий. Миний хувьд олны анхааралд өртсөн, татсан сэдвүүд, шийдлээ хүлээж байсан ач холбогдолтой хуулийн төслүүд болон хийж хэрэгжүүлчих ёстой байсан хуулийн төслүүд гэсэн байдлаар ангилж авч үзэж болно гэж харж байна.
Тухайлбал, олны анхаарал татсан асуудлууд дээр Монгол, Франц хамтарч уран боловсруулах төсөл дээр хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Энэ бол өнөөдөр биш өчигдөр хийчихсэн, эхлүүлчихсэн байх ёстой төсөл.
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш гаднын хөрөнгө оруулалт, тэр дундаа гуравдагч хөрштэйгөө хамтарсан хоёр дахь том төсөл. Угтаа 2000-аад оны үед урагшлуулчих ёстой байсан төсөл. Хэдийгээр бид хугацаа алдсан ч олон талаас нь хэлэлцэж, нэг хүн, нэг намаас хамаарч биш нийтээрээ хэлэлцэн баталсан нь засаглалын хувьд онцлог байлаа. Одоо бид юун дээр анхаарах ёстой вэ гэхээр Монголын төр шийдвэр гаргасан бол гаргасан шийдвэрээ хамгаалж, хэрэгжилт дээр нь анхаарах ёстой. Ховд аймагт хэрэгжиж байгаа Халзанбүрэгтэй төсөл шиг орхичхож болохгүй асуудал. Хэдийгээр ураны төслийн хувьд Оюу толгой төсөлтэй харьцуулахад хөрөнгө оруулалтын хувь хэмжээ, экспортод гаргах бүтээгдэхүүний хувьд бага. Гэхдээ ураны төслийн онцлог бол Монгол Улсын Засгийн газар 34 хувь эзэмших ёстой гэсэн өмнө нь хөрөнгө оруулалтын гэрээн дээр барьж ирсэн бодлогоо арай өөрөөр загварчилж оруулж ирсэн.
Монгол Улс 34 хувь эзэмшсэнээр хүлээх хариуцлага, хүртэх үр ашгийн хувь хэмжээг бодитоор тооцож, алдаанаасаа суралцсан, дараагийн шатанд гаргах гэж оролдсоноороо онцлог. Хоёрдугаарт, ногоон эрчим хүчний түүхий эдийг олборлон гаргана.
Ногоон эрчим хүч гэдэг геополитикийн хувьд маш чухлаар тавигдаж байгаа энэ үед Монгол Улс цөмийн эрчим хүчний түлш үйлдвэрлэх түүхий эдийг боловсруулж, экспортлох, үйлдвэрлэх үйл явцад оролцогч болж байна. Өнөөдөр дэлхийн нийгэм, улс төр, эдийн засаг, геополитикийн асуудлыг цэрэг арми, эдийн засгийн чадамж өндөртэй улс орнууд тодорхойлж байна. Мөн эрчим хүчний бүтээгдэхүүн экспортлогч орнууд тодорхой хэмжээний байр суурьтай бөгөөд өөр өөрийн эрх ашгийг хамгаалж байна. Монгол Улс сая л энэ чиглэлд алхам хийлээ. Бага боловч дэлхийн ураны хэрэглээний 2-4 хувийг хангах боломж бидэнд бүрдэж байна. Олон төрлийн дарамт, шахалт, эсэргүүцэлтэй хаа хаанаа тулсан. Гэсэн хэдий ч хамтарсан Засгийн газар, холимог тогтолцооны үр дүнд олон жил гацсан ураны гэрээг урагшлуулж чадлаа. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг. Тиймээс ямар ч тохиолдолд олон жил гацсан төслүүдээ гацаанаас нь гаргаж байгаа асуудлыг 100 хувь дэмжиж байна.
-Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох хугацаа удаа дараа хойшилсон. Намрын чуулганы төгсгөлд газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт санхүүжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэлээ. Монгол Улс 2028 онд газрын тос боловсруулах үйлдвэртэй болох итгэл найдвар биеллээ олох болов уу?
-УИХ-ын зүгээс төслийн санхүүжилтэд шаардлагатай нийт 1 тэрбум 236 ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2017, 2019 онуудад тус тус соёрхон баталсан бөгөөд 2024 оны жилийн эцсийн байдлаар төслийн хүрээнд 268.8 сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг ашиглаж төслийн нийт ажлын гүйцэтгэл 23.5 хувьтай байна. Цар тахлын дараах тээвэр логистикийн бараа материалын үнийн өсөлт, түгээлт, тээвэрлэлтийн дэд бүтцийг Монгол Улсын цаг уурын нөхцөлд тохируулах зэрэгтэй холбоотой зарим техникийн нэмэлт өөрчлөлт оруулах болсон нь төслийн явцад төслийн зардлыг өсөхөд нөлөөлсөн бөгөөд нарийвчилсан ТЭЗҮ-гийн тодотголыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны есдүгээр сард хэлэлцэж, төслийн нийт өртгийг нэг тэрбум 698 сая ам.доллар буюу хуучин төсөвт өртгөөс 462.2 сая ам.доллараар нэмэгдэхээр баталгаажуулсан. Үүний дагуу Засгийн газрын зүгээс газрын тос боловсруулах үйлдвэр барихад шаардлагатай нэмэлт санхүүжилтийг 2023 оны аравдугаар сард Энэтхэгийн талд хүргүүлэн зээлийн хүсэлтийг шийдвэрлүүлэхээр ажилласны үр дүнд БНЭУ-ын Засгийн газрын зүгээс зээлийн хүсэлтийг 2024 оны арваннэгдүгээр сарын 16-нд албан ёсоор шийдвэрлэж Эксим банкандаа шилжүүлсэн байдаг. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээр нь өмнөх 236 сая ам.долларын зээлийн дүнг нэгтгэснээр 700 сая ам.доллар. Зээлийн нөхцөл нь өмнөх зээлүүдийнхээ нөхцөлийг үргэлжлүүлж байна. 1.75 хувийн хүүтэй. Баталгаажуулсны шимтгэл 0.5. Таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй.
Энд нэг зүйлийг тодотгоход газрын тос боловсруулах үйлдвэртэй холбох асуудал анх яригдаж байхад түүхий эдийн нөөц хомс, газрын тос боловсруулах үйлдвэр ажиллуулаад ашигтай ажиллах боломж тун тааруу гэдэг асуудал яригдаж байсан. Одоо ч энэ асуудал яригдсаар л байна.
Одоо болтол хангалттай хэмжээний нөөц олж тогтоосон зүйл байхгүй. Гэхдээ нэгэнт энэ асуудлыг өмнөх УИХ, Засгийн газар шийдвэрлээд явсан учраас төрийн бодлого шийдвэрийн залгамж халааг үргэлжлүүлэх ёстой. Өмнө нь буруу шийдвэр гаргасан байна гээд зогсоож болохгүй. Нэгэнт зардал гаргаад ажил эхлээд 7 жил үргэлжилчихсэн учраас дуусгах ёстой. Энэ утгаар нь дэмжих ёстой. Гэхдээ уг төслийг хэрэгжүүлж байгаа Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК дээр асуудлууд бий. Төслийн ТЭЗҮ нь улсын нууцад орчихсон байдаг. Хийсэн аудитын дүгнэлт нь ч улсын нууцад орчихсон байна. ТЭЗҮ болон аудитын дүгнэлттэй танилцаж болох боловч олон нийтэд мэдээлэл өгөх боломжгүй болгочихсон.
Намрын чуулганы үед ажиглагдсан нэг асуудал бол нууцын тухай хуулийг өөрчилж, тодорхой хэмжээнд уян хатан зохицуулалттай болгож, иргэдийн мэдэх эрхийг хэрэгжүүлдэг зохицуулалтыг хийх ёстой гэж харж байна.
Нэгэнт үйлдвэр барих санхүүжилтийг нь шийдчихлээ. Тэгвэл одоо үйлдвэр барих үйл явц дээр нь тусад нь хяналт тавьж ажиллах ёстой. Нөгөө талаас УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж харж байна. Бид шийдвэр гаргах хүмүүсийнхээ тоог олон болгосон боловч шийдвэр хэлэлцэж байгаа үйл явцын тухайд олон хүн байгаа гэдэг үүднээс аль болох хурдан, хялбар аргаар хэлэлцдэг болгосон. Харин ч асуудлыг олуулаа нухацтай хэлэлцдэг байх боломжийг нь олгох ёстой.
"ДААТГАЛЫН СИСТЕМ НЬ ЗӨВ БУС БАЙСАН УЧРААС ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖЭЭГҮЙ"
-Эрчим хүчний үнэ нэмэх шийдвэр гаргасан нь иргэд болоод аж ахуйн нэгжид шууд нөлөө үзүүлж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?
-Эрчим хүчний үнийг нэмэгдүүлсэн нь эдийн засагт оролцож байгаа аж ахуйн нэгж, иргэн бүрд нөлөөлсөн. Тухайн үед уг шийдвэр иргэдийн амьдрал, бизнест шууд нөлөөнө гэдгийг удаа дараа саналаа хэлж байсан. Энэ нөлөөллийг давах хөтөлбөрийг хажууд нь зэрэгцүүлж явуулах ёстой гэсэн байр суурт илэрхийлж байсан. Одоо нийтээрээ уг шийдвэрийн горыг хүртэж байна. Тиймээс ирэх хоёр жилд уг шийдвэртэй холбоотой ажлуудыг хийхийг зорьж байна.
Мэдээж зардал өсөөд байхад эрчим хүчний үнийг тогтмол бариад байж болохгүй. Цахилгаан станцуудын тоног төхөөрөмжүүд өдрөөс өдөрт муудаж байгаа энэ үед шинэчлэл хийх нь зөв. Анхнаасаа алдаатай бодлого байсан. Гэхдээ уян хатан байх ёстой. Үнэ нэмсэн бол менежментын өөрчлөлтийг зэрэгцүүлж хийх ёстой.
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бодлогыг дэмжих ёстой. Цахилгааны үнийн өсөлтийг дагаад үйлдвэрлэлийн өртөг өсөж буй учир бизнесийн салбарынхан яалт ч үгүй үнээ өсгөж таарч байна. Тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх шаардлагууд гарч ирэх нь. Цохилтуудыг багасгах зорилгоор тодорхой хэмжээний тусламжуудыг төсөвт суулгах учиртай байсан юм. Тодорхой байсан асуудал. Тухайн үед нь ярьж л байлаа. Та талх үйлдвэрлэж байлаа гэж бодъё. Талх үйлдвэрлэхэд зарцуулж байгаа цахилгааны өртөг өсчихвөл үнээ нэмэгдүүлж таарна биз дээ. Эргээд энэ зардлыг иргэдийн халааснаас нөхнө гэсэн үг. Бид богино хугацаанд юу хийж болох вэ гэвэл өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломж бий. Өрх бүр нарны панельтай болъё. Эхний ээлжинд өөрсдийн хэрэглээгээ хангана. Түүний дараа бүгд үйлдвэрлэгч болж, төвийн эрчим хүчний системд илүүдэл эрчим хүчээ нийлүүлэх боломжтой. Үйлдвэр барихгүйгээр үйлдвэрлэгч болох боломж бидэнд байна. 400 ваттаар бол 20 ширхэг, 700 ватаар бол 12 ширхэг панел шаардлагатай. Панель нь 3-4 сая төгрөгийн өртөгтэй. Цахилгаан болгон шилжүүлэгч нь 3-4 сая, батарей нь 3 сая. Ингээд айл өрхүүд нэгдэхэд нэг айл сая төгрөгт багтаан халаалт, цахилгаанаа нарны эрчим хүчээр шийднэ гэж тооцоолж байна.
Шөнийн цагаар төвийн эрчим хүчний цахилгаанаа, өдрийн цагаар нарны эрчим хүчээ ашиглаж ч болно шүү дээ. Ингэвэл бүр хямд өртөгтэй. Миний судалгаа ийм. Хамгийн гол нь иргэд хэрэглэж дадах нь чухал.
-Таны хувьд Ардчилсан намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг иргэд сонгогчиддоо танилцуулж, тэдний итгэлийг хүлээж парламентын гишүүн болсон. Иргэд хууль тогтоогчдоос ажилтай, орлоготой, татварын орчин ээлтэй байхыг хүсдэг. Тэгвэл иргэдийн хүсэн хүлээсэн үр дүнтэй холбоотой өөрчлөлтийг намрын чуулганаар хэлэлцэн баталж чадав уу?
-Бид ихэвчлэн улсын төсөвтэй холбоотой асуудлыг яриадаа төр яаж орлого бүрдүүлэх вэ, татвараа хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ, төрийн зарцуулалт ямар байх вэ гэдэг асуудлын талаар ярьдаг. Гэтэл нөгөө талд нь хэн үлдээд байна гэхээр иргэдийн орлогыг яаж сайжруулж, иргэдийн тав тухай амьдрах орчинг бүрдүүлэх вэ, бизнесийн орчинг бизнес эрхлэгчдэд яаж ээлтэй болгох вэ гэдэг асуудал орхигддог. Иргэд ч сүүлдээ энэ байдалд дасаад анхаарал хандуулахаа больчихсон байна. Нийтээрээ төртэй холбоотой асуудлыг хамгийн түрүүнд шийдэх ёстой гэсэн хүлээлттэй болчихож. Намрын чуулганаар хэлэлцсэн бүх асуудал өмнөх чуулганаар хэлэлцээд эрэмбэлчихсэн асуудлууд. Бид анх удаа л ирэх хаврын чуулганаар ямар асуудал шийдэх вэ гэдэг дээр саналаа өгсөн. Шинэ гишүүдийн хувьд анхны чуулган байсан учраас хууль дээр ажиллах боломж хараахан гараагүй. Асуудлуудыг шийдэхийн тулд нухацтай судалгаа хийх ёстой. Тийм ч учраас дараагийн намрын чуулганаар тулгамдаад байгаа асуудлуудыг шийвэрлэх хууль тогтоолын төслүүдийг оруулж ирэх байх гэж харж байна. Энэ удаагийн намрын чуулганаар иргэдийн амьдрал, амьжиргаатай холбоотой олон асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал, малын индексжүүлсэн даатгалтай холбоотой ажлын хэсэг байгуулагдсан. Даатгал гэдэг бол товчходоо эрсдлийг хааж байдаг амьдарлын баталгаа. Иргэдийн амьдарлыг амар амгалан, аюулгүй болгож байдаг систем.
Гэтэл даатгалын үндсэн зорилгыг иргэд ойлгодоггүй, систем нь зөв бус байсан учраас өнгөрсөн хугацаанд үр дүнтэй хэрэгжээгүй. Жолоочийн албан журмын даатгалаар жишээ авахад “ Та ямар нэгэн байдлаар алдаа гаргавал түүнийг нь даатгал хариуцъя” гэж байгаа юм. Энэ асуудал чухал учраас албан журмаар даатгалд хамруулдаг.
Яг үүнтэй ижил мал бүхий иргэдийн эд хөрөнгийг тодорхой хэмжээгээр даатгадаг байх тухай асуудлыг шинэчилж оруулж ирсэн. Анх оруулж ирсэн төсөл нь хангалттай хэмжээний өөрчлөлт агуулаагүй байсан учраас УИХ-ын хэмжээнд ажлын хэсэг гаргаж илүү сайн өөрчлөлт хийхийг зорьж байна. Одоогоос 10 жилийн дараа гэхэд иргэдийн дунд даатгалын талаарх ойлголт мэдээлэл өөр түвшинд хүрч иргэдэд айдасгүй, эрсдэлгүй амьдрах боломжийг бий болгочихсон байхын тулд өнөөдөр л энэ өөрчлөлтийг хийх ёстой. Ингэж байж үр нөлөө нь 10,20 жилийн дараа гарна.
"ТӨР ДАНХАР БАЙГАА НЬ ТӨРИЙН БОДЛОГОД АСУУДАЛ БАЙНА ГЭСЭН ҮГ"
-Төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг үгийг олон жил улстөчид, бодлого шийдвэр гаргагчид хэлсэн. Гэтэл төр хувийн хэвшлийн түншлэлийн сонгодог сайн жишээ хомс байна. Төр хувийн хэвшил заавал түншлэх ёстой юу?
-Асуудал бүхэн төрөөр дамждаг болчихсон учраас төр, хувийн хэвшлийн түншлэл гэж яриад байна л даа. Угтаа төрийн хийх ажил, хийхгүй ажил нь тодорхой байдаг бол түгшлэлийн асуудал тийм ч сүртэй том асуудал биш. Төр болоод хувийн хэвшлийн хийх ажил, хүрэх үр дүн нь тодорхой бол хоорондын түншлэлийн асуудал нь жижиг асуудал болно. Тухайлбал, намрын чуулганы төгсгөлд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Уул шугамандаа төрийн компаниуд шахаа хийдэг, авлигалд идэгдсэн, улстөрчдийн нөлөөнд авсан ийм дүр төрхтэй байлгаснаас хувийн хэвшлээс чаддаг нь аваад үүргийг нь гүйтгээд илүү их бүтээмж бий болгох нь зөв. Гэтэл одоо болтол төр данхар байгаа нь төрийн бодлогод асуудал байна гэсэн үг.
Чаддаг чаддагаа хийгээд улстөрчдөөс хамааралгүй байхыг зарим хүмүүс хүсэхгүй байна. Түүнийг өөртөө ямар нэгэн байдлаар хамааруулж байх ашиг сонирхол байгаа учраас төр хувийн хэвшлийн түншлэл гэж яриад байна л дээ. Зүгээр хууль эрхзүйн орчноо сайжруулах үндсэн үүргээ л биелүүл л дээ. Төр нь тодорхой хэмжээнд ачаагаа багсгах талаар дуугарч оролдлого хийх гэж оролдож байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль эрх зүйн орчны хүрээнд уг шинэчлэлийг хийх боломж байхгүй учраас хамтарсан Засгийн газрын үед уг асуудлаа шийдье гэж зорьж байгаа нь сайн хэрэг. Өнөөдөр шийдээд маргааш үр дүн шууд гарахгүй ч гэлээ хийх нь зөв. Гэхдээ заавал төр оролцохоос өөр аргагүй хэд хэдэн төрлийн бизнес бий. Энэ асуудлыг тодорхой хэмжээнд ярих ёстой. Одоо төр өөрийн хамарал бүхий ашигтай ашиггүй олон компаниудаасаа хувьчлахыг нь хувьчлаад, дампууруулахыг нь дампууруулаад, нэгтгэхийг нь нэгтгээд явах нь зөв.
Ердөө тавхан аж ахуйн нэгж төрийн өмчит компаниудын олсон орлогын 90 гаруй хувийг бүрдүүлж байна. Тэгвэл энэ тавыг үлдээгээд үлдсэнийг нь иргэдийн оролцоотой болгож, төрийн оролцооноос татгалзах нь зөв. Мэдээж түвэгтэй боловч энэ чиглэл рүү явах ёстой.
-УИХ-ын гишүүний үндсэн үүргүүдийн нэг нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ирц, идэвхитэй оролцох. Та энэ үүргээ хэр сайн биелүүлсэн бэ?
-Энэ удаагийн чуулганд УИХ-ын Зарлагын хянатын дэд хороог тэргүүлж ажиллалаа. Тус хороо төсөв хэлэлцэх бүрт асуудал оруулж ирдэг. Мөн төрийн албан хаагчдад хамааралтай зарцуулалт бүрт хамааралтай байдаг учраас төсвийн зарцуулалт бүрийг үр дүнтэй байсан эсэх дээр хяналт тавьж ажиллахыг хичээлээ. Намрын чуулганаар энэ оны төсвийг алдагдалгүй батлуулахад Зарлагын хяналтын дэд хорооны хүлээсэн үүрэг байсан. Энэ үүргээ биелүүлсэн гэж харж байна. УИХ-ын гишүүний хувьд энэ удаагийн чуулганаар хууль санаачилж, хэлэлцүүлж амжсангүй. Гэсэн хэдий ч УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байгаа асуудал бүр дээр өөрийн санаа бодлыг хуваалцаж, иргд сонгогчдынхоо хэлсэн санаа агуулгыг тусгаж хуралдааны , байнгын хорооны хуралдааны танхимаас үзэл бодлоо илэрхийлж оролцлоо. Өөрийн санаачилсан хуулийн төслүүдийг нэн даруй тооцоо судалгаан дээр үндэслэн оруулж ирнэ . Мөн гадны зээл тусламжийн хувааилалт болоод зарцуулалтын үр дүнд шинжилгээ хийнэ. Гадны зээл тусламжийг өнөөдөр биш ч маргааш татвар төлөгчдийн мөнгөөр төлөх учраас энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Эцэст нь УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталчих ёстой байсан ч буцаагдсан хэд хэдэн хуулийн төслүүд байсан гэж харж байна. Тухайлбал, гаднаас ажиллах хүчин оруулж ирэх хуулийн төслийг хэлэлцчих ёстой байсан гэж би хувьдаа харж байна. Бодит байдлыг аваад үзвэл нефть боловсруулах, газрын тос боловсруулах үйлдвэрийг нарийн технологиор барина. Гэтэл зээлийн өртөг өссөн асуудлыг шийдлээ. Энэ дунд ажиллах хүчинтэй холбоотой санхүүгийн асуудал ч багтаж байгаа. Учир нь газрын тос боловсруулах үйлдвэрийг угсарчих боловсон хүчин Монголд байхгүй учраас гаднаас ажиллах хүч авч байна.
Тиймээс гаднаас оруулж ирэх ажилчдын цалин хөлс, байрлах зардал өсч байна. Энэ асуудалд хуулийн зохицуулалтын шинэчлэл хийх хэрэгтэй байсан. Энэ ажлыг улс төрөө даагаагүй учраас хийж чадаагүй.
Энэ хуулийг хэлэлцэн баталчихсан байсан бол томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд ихээхэн үр дүнтэй байх байсан.
Нэргүй 2025-02-10 202.9.40.180
Жинхэнэ мал бн шдээ. Юу ярьж байгаагаа ойлгодог бол уу энэ.
ЗОЧИН 2025-02-10 103.111.68.3
Э БОЛ ТАТВАР ХУРААХ ЁСГҮЙ ШҮҮ. ТАТВАР БОЛ ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭЛБЭР. ҮЭ -ҮҮД ТЭМЦЭЭН УРАЛДААН ЗОХИОХ, АМРАЛТАНД АМРУУЛДАГ ХАЛАМЖИЙН, ЭСВЭЛ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ҮҮРЭГТЭЙ НЭГЖ Ч БИШ. ХӨДӨЛМӨРЧИН ХҮНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ТМЭЭС ЦАЛИНГААС НЬ ХҮЧЭЭР ҮЭ ТАТВАР СУУТГАДАГ БАЙЖ ОГТ БОЛОХГҮЙ. МОНГОЛД БАЙГАА ҮЭ БОЛ ЛУЙВРЫН ПИРАМИД ХЭЛБЭРЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА.. ТЭД БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛОНД БАЙГАА ҮЭ ТЭРГҮҮЛЭГЧИД НАРТ УРМШУУЛАЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ХЭДЭН ТӨГ ӨГӨӨД ДЭЭДЭХ
Нэргүй 2025-02-10 46.14.247.165
ene hen be?
Буруу бодлого шийдвэр хамгаалах 2025-02-10 66.181.161.27
Буруу шийдвэрүүдээ хамгаалсаар хүн үхсээр байх юмуу
Нэргүй 2025-02-10 202.9.46.88
Монголоос зайлаа чи халтайсан данжаадаа
Нэргүй 2025-02-10 139.5.219.240
ха ха төр гэж өлөн хулгайч луйварчдаа хэлээд байна уу.
Нэргүй 2025-02-10 157.15.7.102
Сүүлийн 3 ч ЗГ болон УИХ иргэдийнхээ банкны орон сууцны зээлийн асуудалд гаргалгаа шийдэл гаргаж чадахгүй байсаар ирсэн. Иргэд нь ипотекийн зээлд ялгавартай хамрагдсан /8 ба 6%/ үүнийг ч шийдэж чадахгүй. Энэ нь Үндсэн хуулиа зөрчсөн явдал. Ипотекийн зээлийн төлөлтийн тооцоолол хүүгээ урьдчилсан авдаг системээр иргэдээ хохироож байгааг ч шийдэж чадахгүй. Хэд хэдэн удаа ЗГ-ын сайд, шадар сайд нар энэ буруу байна аа шийдэх болно оо л гээд сураг байхгүй үүнийг л шийдвэл. Бас чадахгүй юм болов уу.
Нэргүй 2025-02-10 202.9.40.130
Зайлж үз.
zochin 2025-02-10 43.228.131.103
Ингэж ухандаж ухандаж арай хийж нэг юм нефьтын үйлдвэрээ барьж дуусгаад /өрөндөө баригдаад/ хартал дэлхий даяар цахилгаан машинтай болчихсон байна даа харж л байгаарай. Ухаангүй ноёнд ургашгүй албад гэж даанч ольхойгүй юм аа. Чадна гэж санаанд нь багтахгүй бол гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр чаддаг хүнд нь цаг алдалгүй өгөөд зайлах хэрэгтэй шүү дээ
Нэргүй 2025-02-10 139.5.219.132
Шийдвэр (цаас) гаргаснаа ажил хийсэн гэж боддог гудамжны банди нар сайд болж тоглосоор энэ улсыг самраад дууслаа!!! Төрийн албан хаагч гэдэг бол гудамжнаас гэнэт ороод ирсэн хүмүүс ыиш, бүр залуугаасаа төрийн албаны анхан шатанд нухлуулан, аажмаар шат ахин дэвшсээр дээд зиндаанд хүрсэн хүн байдаг!!! Төрийн ажлын туршлага гэдэг ингэж бүрэлддэг юм!!!