SOS: Сайжруулсан түлшинд шалгалт оруулъя!

Хуучирсан мэдээ: 2025.02.10-нд нийтлэгдсэн

SOS: Сайжруулсан түлшинд шалгалт оруулъя!

SOS: Сайжруулсан түлшинд шалгалт оруулъя!

Нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарч, монголчууд нийтээрээ халаглаж, харааж, харамсч сууна. Угаартаж нас барсан хүмүүсийн тоо сүүлийн 8 жилийн статистикээс харвал 779+6 хүн нас барсан байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн найман жилийн хугацаанд 785 хүн зөвхөн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан ч өнөөдрийг хүртэл угаартсан үндсэн шалтгаан, нөхцөл юунаас болсон, хэний буруутай шийдвэрээс болов гэдэг асуулт хариултгүй өнөөдрийг хүрэв.

Ерөөсөө утаатай тэмцсэн өнгөрсөн хугацаанд бид 4,7 их наяд төгрөгийг зарцуулсан боловч угаартаж нас барж байгаа тохиолдол бүрийн шалтгааныг эрж хайж, олж тогтоосон нь тун цөөн. Дийлэнхдээ иргэд өөрсдөө буруутай болоод дуусдаг.

Саяхан УИХ дээр утааны сонсгол хийсэн. Энэ сонсгол ямар үр дүнтэй байв, сайжруулсан түлш сайн уу, муу юу, орц найрлага нь хэвийн үү, хүний эрүүл мэндэд ямар ноцтой, сөрөг зүйл үзүүлж байгаа эсэхэд лав хариулт өгсөнгүй. Цаашлаад сайжруулсан түлш алдаа, оноотой бол засч сайжруулах уу, хэрэглээнд нэвтрүүлэхдээ хаана, хэн ямар нэг алдаа гаргасан уу гэдэгт лав хариулт өгсөн. Яг л ийм байдлаар бид утаатайгаа тэмцэж, сайжруулсан түлш сайн, мууг амаараа хэлэлцсээр өнөөдрийг хүрэв. УИХ-ын гишүүд нь баахан мэргэжилтнүүд, баахан хүмүүс авчирч загнаж, зандарч, асуултаа хариулт авсан ч юмгүй сонсгол болоод өнгөрөв. Ийн сонсголтой зэрэгцэн нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан нь олон нийтийг сайжруулсан түлш рүү анхаарлыг нь бүр их татав.

Бид хэдэн жил утаатайгаа тэмцэж байна. Өнөөдөр утааны асуудал шийдэгдсэн гэвэл үгүй. Ярьсаар, нэг хэсэг нь бизнес эрх ашиг, улс төрийн амбицаа өсгөсөн болохоос өөрөөр бид утаагаа шийдсэн зүйлгүй, эсрэгээрээ 785 эрдэнэт хүнийхээ алтан амийг алдсан харамсалтай нөхцөл байдалтай л сууж байна.

Найман жилийн дотор 785 хүнээ алдана гэдэг дайны нөхцөл байдлаас дор гэсэн үг. Мэдээж, сайжруулсан түлш хэрэглэж байгаа иргэдэд алдаа дутагдал байж болох ч төрийн шийдвэрээр түлж байгаа түлш нь алтан амьны үнэтэй байж болохгүй. Тиймээс нийтээрээ сайжруусан түлш хэрэглэх шийдвэрээ эргэн харах, сайжруулсан түлшинд асуудал байна уу, хэрэглэж байгаа зууханд нь асуудал байна уу гэдгийг төр нэг дуугаар, нэг сэтгэлээр шалгаж, хайж олоод тогтоох цаг ирснийг зургаан хүний алтан амь харууллаа.

Бид ярьж, хуралдаж, цаасан дээр шийдвэр гаргасаар олон амь, цаг хугацаа, эрүүл мэндээрээ хохирсоор л дуусах нь. Тиймээс яг одооноос эхэлж сайжруулсан түлшний сайн, мууг нь шинжилж, яагаад иргэд угаартаад байгаа шалтгааныг зөв олж, зоригтой, жинхэнэ утгаараа шийдэл олсон шийдвэр гаргахыг олон нийт хүсч, хүлээж байна. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ байгаа бол зөвхөн утаа, сайжруулсан түлшний асуудал дээр онцгой анхаарч, ажиллахгүй бол цаашид хэдэн амь, хэдэн хүн эрүүл мэндээрээ хохирох ёстой вэ гэж олон нийт халаглаж, харамсч байна.

Монголын төр дахин нэг ч гэсэн иргэнийхээ алтан амины төлөө одоо л ажиллах, асуудал алдаагаа олж, хариуцлагаа тооцож, ажиллах цаг ирлээ. Олон нийт ч үүнийг хүсч, хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж