Эмэгтэйчүүдийг ажлаас чөлөөлсөнд Ерөнхий сайдын оролцоо байхгүй гэв | News.MN

Эмэгтэйчүүдийг ажлаас чөлөөлсөнд Ерөнхий сайдын оролцоо байхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийг ажлаас чөлөөлсөнд Ерөнхий сайдын оролцоо байхгүй гэв

Европын холбооны улсад айлчлаад ирсэн Ерөнхий сайд С.Батболд өнгөрөгч даваа гаригт ажилдаа орсон. Харин түүнийг ажилдаа ороход нь өөрийнх нь доор ажиллаж байсан эмэгтэйчүүдийг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэдэг шүүмжээр угтсан билээ. Энэ тухай Ерөнхий сайдын нийтлэг бодлого, мэдээлэл, олон нийтийн харилцааны асуудал хариуцсан зөвлөх Г.Өнөрбаяраас зарим зүйлийг тодруулав.

-ЗГХЭГ-ын дарга Б.Долгор, Зас­гийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Нинж­жамц, Нийс­лэлийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү нарыг ямар үндэс­лэ­лээр ажлаас нь чөлөөл­сөн юм бэ? 

-Иймэрхүү яриаг хэсэг хүмүүс зориуд зохион байгуулалттайгаар тарааж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч байгаа л даа. Хэн ямар зорилгоор тарааж байгааг нь ч мэднэ. Ерөнхий сайд ажлаа хүлээж аваад кабинетын гишүүдээ сонгох эрхийн дагуу Б.Дол­гор гуайг ЗГХЭГ-ын даргаас нь чө­лөөлж ахлах зөвлөхөөрөө томилсон. Одоо биднийг удирдаад хамт ажиллаж байна. Харин бусад хүмүүсийн асуу­далд Ерөнхий сайдын ямар ч оролцоо байхгүй. Тухайлбал, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргыг Ерөнхий сайд мэдэж томилдоггүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын мэдлийн асуудал. Тэгэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хэвлэл мэдээллийн албаны даргаа чөлөөлсөн гэсэн үг. Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ж.Нинжжамц Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны даргын зөвлө­хөөр томилогдсон. Өөрөөр хэлбэл, албан тушаал дэвшсэн. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүүг халж чөлөөлсөн асуудал ч мөн л Ерөнхий сайдад хамаарахгүй. Нийс­лэлийн засаг дарга бөгөөд Улаан­баатар хотын захирагчийн мэдлийн асуудал. Тэгэхээр хуулиараа, ажил үүргийн хувиараараа, эрх мэдлийн хуваарилалтаараа Ерөнхий сайдтай ямар ч хамаагүй асуудлуудыг хамаа­тай болгож ярих нь утгагүй. Итгэхгүй бол энэ хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн тушаалыг үзэж болно. Тушаалд хэн гарын үсэг зурсан, хэний шийдвэр вэ гэдгийг харах хэрэгтэй. Тэгээд ч ажлаас халагдсан гэх эмэгтэйчүүдээс бас тайлбар авах хэрэгтэй. Тэд үнэнийг хэлнэ.  

-Сүүлийн үед Ерөнхий сайд зарим нэг хүмүүстэй хариуцлагын асуудал ярьж эхэлсэн гэсэн. Үүнд ч гэсэн шалтгаан байгаа биз дээ?

-Ерөнхий сайд ажилдаа тэнцэхгүй хүмүүстэй хариуцлагын асуудал ярьж байгаа. Тэр нь дандаа эрчүүд л байгаа шүү дээ. Ажлын шаардлага хангаж ажиллаагүй албан тушаалт­нууд сүүлд нь хэн нэгний нэрийг барьж элдэв гүтгэлэг хийх хандлага их бий болж. Тэглээ гээд хариуцлагын асууд­лыг орхигдуулахгүй.
Б.ЗАЯА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж