-ЗГХЭГ-ын дарга Б.Долгор, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Нинжжамц, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү нарыг ямар үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн юм бэ?
-Иймэрхүү яриаг хэсэг хүмүүс зориуд зохион байгуулалттайгаар тарааж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч байгаа л даа. Хэн ямар зорилгоор тарааж байгааг нь ч мэднэ. Ерөнхий сайд ажлаа хүлээж аваад кабинетын гишүүдээ сонгох эрхийн дагуу Б.Долгор гуайг ЗГХЭГ-ын даргаас нь чөлөөлж ахлах зөвлөхөөрөө томилсон. Одоо биднийг удирдаад хамт ажиллаж байна. Харин бусад хүмүүсийн асуудалд Ерөнхий сайдын ямар ч оролцоо байхгүй. Тухайлбал, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргыг Ерөнхий сайд мэдэж томилдоггүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын мэдлийн асуудал. Тэгэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хэвлэл мэдээллийн албаны даргаа чөлөөлсөн гэсэн үг. Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ж.Нинжжамц Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны даргын зөвлөхөөр томилогдсон. Өөрөөр хэлбэл, албан тушаал дэвшсэн. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүүг халж чөлөөлсөн асуудал ч мөн л Ерөнхий сайдад хамаарахгүй. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдлийн асуудал. Тэгэхээр хуулиараа, ажил үүргийн хувиараараа, эрх мэдлийн хуваарилалтаараа Ерөнхий сайдтай ямар ч хамаагүй асуудлуудыг хамаатай болгож ярих нь утгагүй. Итгэхгүй бол энэ хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн тушаалыг үзэж болно. Тушаалд хэн гарын үсэг зурсан, хэний шийдвэр вэ гэдгийг харах хэрэгтэй. Тэгээд ч ажлаас халагдсан гэх эмэгтэйчүүдээс бас тайлбар авах хэрэгтэй. Тэд үнэнийг хэлнэ.
-Сүүлийн үед Ерөнхий сайд зарим нэг хүмүүстэй хариуцлагын асуудал ярьж эхэлсэн гэсэн. Үүнд ч гэсэн шалтгаан байгаа биз дээ?
-Ерөнхий сайд ажилдаа тэнцэхгүй хүмүүстэй хариуцлагын асуудал ярьж байгаа. Тэр нь дандаа эрчүүд л байгаа шүү дээ. Ажлын шаардлага хангаж ажиллаагүй албан тушаалтнууд сүүлд нь хэн нэгний нэрийг барьж элдэв гүтгэлэг хийх хандлага их бий болж. Тэглээ гээд хариуцлагын асуудлыг орхигдуулахгүй.
Б.ЗАЯА