ОХУ-ын Сбербанк хиймэл оюун ухааны төслүүд дээр Хятадтай хамтран ажиллахаар төлөвлөж буйг тус банкны тэргүүн дэд захирал Александр Ведяхин мэдэгдэв. "Хязгааргүй" стратегийн түншлэлээ зарлан тунхагладаг Орос, Хятад улсууд хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах талаар эртнээс ярьсаар ирсэн. Тэр дундаа хиймэл оюун ухааныг цэргийн хэрэглээнд ашиглах тухай онцолдог байв.
Гүйцэтгэх захирал Герман Грефийн удирдлага дор Сбербанк нь Зөвлөлт маягийн хүнд сурталтай банкнаас хиймэл оюун ухааны салбарын тэргүүлэх тоглогчдын нэг болон хувирсан. Тодруулбал, тус банк 2023 онд хиймэл оюун ухаант "GigaChat" програмыг гаргажээ. Александр Ведяхиний хэлснээр Сбербанк олон эрдэмтэнтэй. Тэднээр дамжуулан Хятадын судлаачидтай хамтрахаар төлөвлөж байгаа аж.
Хятадын "DeepSeek" платформ хямд өртөгтэй шийдлээрээ Сбербанкны стратегитэй нийцэж буйг Александр Ведяхин хэлжээ.
Орос, Хятад улсууд хиймэл оюун ухааны салбарт хамтрах нь барууны орнуудад том аюул болох юм. Владимир Путин, Ши Жиньпин нар хиймэл оюун ухаан, квантын тооцооллоос эхлээд синтетик биологи, цэрэг зэрэг бүх салбарт АНУ-ын ноёрхлыг сорьж байна. Цаашилбал, Украин дахь дайны улмаас барууныхан Оросыг тусгаарлах гэж оролдож буй нь Москва, Бээжин хоёрыг улам ойртуулж байна. Путин сүүлийн саруудад Хятадыг "холбоотон" гэж тодорхойлох болжээ.
Сбербанкинд хиймэл оюун ухааны чиглэлээр Хятадаас гадна БРИКС-ийн бусад улстай хамтран ажиллах чиглэлийг Путин өгчээ.
Дашрамд дурдахад, ОХУ дэлхийн хиймэл оюун ухааны индексээр 83 орноос 31-т бичигдэж байна. Ингэхдээ АНУ, Хятад төдийгүй БРИКС-ийн гишүүн Энэтхэг, Бразилийг ардаа орхижээ.
Холбоотой мэдээ