УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулж, нэгдүгээр сарын 24-нд намрын чуулганыг өндөрлүүлсэн. Тэгвэл холимог тогтолцооны үр дүнд олон намын төлөөлөөс бүрдсэн 126 гишүүн 81 удаа чуулахдаа ямар хууль, тогтоомж баталсныг тоймлон хүргэе.
УИХ-ын намрын чуулганы нэг онцлог нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн 11 хууль, тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэн баталсан нь УИХ-ын гишүүдэд төсөлтэй танилцах боломж олгосонгүй гэх шүүмжлэл дагуулсан ч нэг талдаа том төслүүдийг УИХ дээр гацаадаг байсан урьдын алдаанд цэг тавьж чадсан нь нэг талаараа дэвшил байв.
УИХ-ын намрын чуулган эхлэх үеийн макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг сануулъя. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5 хувьтай, үүнээс хөдөө аж ахуйн салбар 3.5 хувийн агшилттай, уул уурхайн салбарын өсөлт 1.4 хувь болж нэрлэсэн ДНБ 56 их наяд төгрөг хүрсэн байсан. Инфляц 6.7 хувьтай, гадаад худалдааны тэнцэл 3.2 тэрбум ам.долларын ашигтай, төлбөрийн тэнцэл 250 сая гаруй ам.долларын алдагдалтай, гадаад валютын нөөц 4.7 тэрбум ам.доллар хүрсэн байв. 2024 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар төсвийн орлого 22.8 их наяд, зарлага 20 их наяд, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд, банкны салбарын нийт зээл 35 орчим их наяд төгрөгт хүрсэн эдийн засгийн ийм орчинд УИХ 2025 оны төсвийн болон мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн. УИХ-аас гарсан аливаа шийдвэр, хууль тогтоомж ард иргэдийн амьдралд ямар нэгэн байдлаар эерэг нөлөө үзүүлсэн байх ёстой гэдгийг дахин сануулъя.
НАМРЫН ЧУУЛГАНААР БИЕ ДААСАН 8 ХУУЛЬ БАТАЛЖ, 29 ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ
УИХ-ын намрын чуулганы хугацаанд бие даасан хууль 8, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль, УИХ-ын 57 тогтоол хэлэлцэн баталсан байна. УИХ-ын нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын хорооны хуралдаан 146 удаа, Дэд хорооны хуралдааныг 6 удаа тус тус хийжээ. УИХ-ын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 60 гаруй ажлын хэсэг давхардсан тоогоор 90 гаруй удаа хуралдсан байна. Эдгээр ажлын хэсгүүд өнөөдөр эрх зүйн шийдэл нь хүлээгдэж байгаа болон цаг үеийн шаардлагад нийцүүлэн зохицуулалтыг зайлшгүй боловсронгуй болгох шаардлагатай асуудлыг олж тогтоон шинэчлүүлэх зорилгоор байгуулагдсан аж. Ажлын хэсгийн эхний үр дүнгүүд гарч байна гэж үзсэн байна. 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлын хэсэг товлосон цаг хугацаандаа төслийг өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг баталжээ. Ийнхүү УИХ нэгэн бүрэн эрхийн хугацаандаа баримтлах “хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаа” бүхий алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлтэй байхаа тодорхойлсон нь парламент төлөөллийн байгууллагын хувьд үр дүнд чиглэх, хариуцан тайлагнадаг байх зарчим бодитой хэрэгжихэд ач холбогдолтой гэж үзсэн байна.
ТӨСВИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦСЭНЭЭР ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ АЛДАГДАЛГҮЙ БОЛОВ
УИХ-ын намрын чуулган ирэх оныхоо улсын төсвийг хэлэлцэн баталдаг нь хуулиар тогтоосон үүрэг. Гэхдээ 126 гишүүнтэй парламентын намрын чуулган өмнөх намрын чуулгануудын хэвшмэл жишгийг өөрчилж чадсан гэж үзсэн байна. Сүүлийн 10 жилд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлагын өсөлтийн хувь ойролцоо байгаа боловч дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх зарлагын хувь нь орлогоосоо дунджаар 4 пунктээр илүү байсаар ирсэн. Улмаар алдагдлыг өр, зээлээр нөхөх замаар шийдвэрлэж, тухайн жилд авсан зээлийн заримыг өмнөх зээлээ төлөхөд, үлдсэн хэсгийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсаар байсан. Монгол Улсын Засгийн газрын нийт өр 2024 оны байдлаар 35,2 их наяд төгрөг байсан бол 2025 оны төсвийн төсөлд энэ өр даруй 5.0 их наядаар нэмэгдэхээр орж ирсэн. Засгийн газрын өр сүүлийн 15 жилд буурах биш байнга өссөн, 2010 оноос хойш жил бүр дунджаар 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэсэн статистик үзүүлэлт бий. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь тавьсан хориг нь төсвийг эргэн харах нөхцөл бүрдүүлсний зэрэгцээ төсөв хэлэлцэх дэгийг цаашид сайжруулах шаардлагатай байгааг харуулсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэх дэгийн тухай нэг удаагийн хуулийг хэлэлцэн баталж, улсын төсвийг өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах хугацааг тусгай дэгээр зохицууллаа. Төсвийг дахин хэлэлцсэнээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35.2 хувьд хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай байх төсвийг баталсан. Төсвийн хүрээнд орон нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх зарчмыг баримталсан бөгөөд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дэд бүтцийн шинж чанартай хөрөнгө оруулалтуудыг чухалчилснаар эдийн засаг 8 хувь өсөхөөр төсөөлсөн байна.
НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН ГУРВАН ГИШҮҮН ОРОНТОЙ ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРТ ХАМТРАХААР БОЛОВ
Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд 4 тэргүүлэх чиглэлийн хүрээнд 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийг хэрэгжүүлж, салбарын реформуудыг хөшүүрэгдэх цогц асуудал, түүний шалгуур үзүүлэлт, шаардагдах санхүүжилтийн хэмжээ, эх үүсвэр, хариуцагч байгууллагуудыг тусгаж баталсан. Сүүлийн 30 гаруй жил ярьсан ч амьдралд бодит биеллээ олоогүй, “гацсан” төслүүдийг гацаанаас гаргаж, хөгжил дэвшлийг тушсан чөдрийг тайлах эхний алхмуудыг УИХ энэ удаагийн чуулганаараа хийж чадсан гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, УИХ улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж, дээр дурдсан мега төслүүдийг хөдөлгөхөд онцгой анхаарч ажилласан гэдгийг УИХ-ын дарга онцолсон. Цаашид энэхүү төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, Засгийн газраас үр дүн шаардаж ажиллах ёстой гэв.“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай" тогтоолыг баталж, 12 үндсэн чиглэл баримталж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна. Зөвхөн төмөр замын бүтээн байгуулалт амжилттай хэрэгжсэнээр Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч боомтын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн терминал ашиглалтад орж, Монгол Улсын экспортын хүчин чадал нэмэгдэж, экспортын орлого хоёр дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ гэж үзжээ.
- Төр, хувийн хэвшлийн түншлэл бусад эх үүсвэрээр хийгдэх томоохон төслүүд болох 1.2 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтаар 366 сая кв.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн аймгуудын цахилгаан эрчим хүчний асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.
- Монгол-Францын хамтарсан уран үйлдвэрлэлийн төсөл хэрэгжсэнээр жилд 2500 тонн уран экспортолж, төсөл хэрэгжих хугацаанд улсын болон орон нутгийн төсөвт 5.2 тэрбум доллар төвлөрөх боломж бүрдэнэ. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр хэдэн мянган шинэ ажлын байрууд бий болж, тэр хэрээр монгол айл өрх, аж ахуйн нэгжийн орлого бодитой нэмэгдэнэ.
- Мөн Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрээр Оросын Холбооны Улстай хамтран 20 сая ам долларын өртгөөр Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцыг үе шаттайгаар өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөж, өндөр даралтын хэсгийг эхний үе шатанд 50 МВт-ын дулааны станцыг шинээр барихаар, дараагийн шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцыг буулган, суурин дээр нь 250 МВт-ын дулааны цахилгаан станц шинээр барих төслийн зураг төсөл боловсруулах хүрээнд инженерийн судалгаа, шинжилгээ явуулах ажлын ерөнхий нөхцөлийг тодорхойлж, төслийг 1 алхам урагшлууллаа. Ингэснээр нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр дулаан, цахилгааны эрчим хүчээр найдвартай хангах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Эдгээр төслүүд нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх төдийгүй, улс төр, геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн 5 гишүүн улсын гурван оронтой эдийн засгийн салбарт нягт хамтын ажиллагаа өрнүүлэх нь Монгол Улсын цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэв.
НАМРЫН ЧУУЛГАНААР НИЙТ 11 ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСӨЛ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭН БАТЛАВ
Монгол Улсын Үндсэн хуульд хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана хэмээн заасан. Тиймээс хууль тогтоох үйл ажиллагаа илүү чанартай, үндэслэл гаргалгаа сайтай, судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанч хандлагад суурилсан, гарцаагүй шийдлээ хүлээсэн асуудал, харилцааг оновчтой олж, тодорхойлсон байх ёстой. Ес дэх удаагийн парламентын баталсан Стратеги төлөвлөгөө, “Гурван төгөлдөршил”-ийн нэг үндсэн чиглэл чухамхүү үүнд чиглэсэн гэж тодотгов. Ирэх хаврын чуулганаар хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Ажлын хэсгүүдийн санал дүгнэлт, боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Намрын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн, “яаралтай горим”-оор хэлэлцэх асуудлыг УИХ аль болох нааштай хүлээн авч, холбогдох хууль эрх зүйн орчныг цаг алдалгүй бүрдүүлэхийг эрмэлзэж ажилласан. УИХ-аар баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь зүйн хэрэг ч хэт цаг хугацааны шахалтад орох нь алдаа дутагдал гаргах эрсдэлтэйг тал талдаа анхаарах ёстой. Хуулийг яаралтай горимоор хэлэлцэх заалт 2016 оноос хэрэглэх болсноос хойш 9 жилийн хугацаанд УИХ нийт 76 буюу жилд дунджаар 8-9 хууль, тогтоолын төслийг энэ горимоор хэлэлцжээ. 2016-2020 оны парламентын үед 22 хууль, тогтоолын төсөл яаралтай горимоор хэлэлцэж байсан бол 2020-2024 оны парламентын үед энэ тоо 2.4 дахин өсөж 53 хууль, тогтоолын төслийг яаралтайгаар хэлэлцсэн байна.Ээлжит бус болон энэ удаагийн намрын чуулганаар нийт 11 хууль, тогтоолын төсөл яаралтай горимоор шийдсэн байгаа нь нэг талаар УИХ-ын гишүүд богино хугацаанд өндөр ачаалалтай ажилласныг илтгэх боловч, нөгөө талаар хэлэлцэж буй асуудалд иргэд сонгогчдын санал бодол, мэргэжилтэн, судлаачдын дуу хоолойг сонсож тусгах нөхцөл хомсдож байна гэж үзжээ. Тиймээс Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд заасан “ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулан, иргэдийн санал бодлыг сонсож, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн талуудын тэгш оролцоог хангах” зорилт хэрэгжих ёстой. Иймд асуудлыг бүх талаас, ул суурьтай судалж танилцах, олон талын оролцоог ханган хэлэлцэх нөхцөл бүрдүүлэх, хангалттай цаг хугацаатай байх шаардлагатайг Засгийн газар анхаарч, хууль тогтоолын төслийг аль болох энгийн горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх зарчим баримтлах хэрэгтэй гэж үзсэн байна.
Холбоотой мэдээ