Сар шинийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярыг угтан “Амар байна уу-2025” үзэсгэлэн худалдаа "Их наяд" худалдааны төвийн тав, зургадугаар давхарт болж байна. Хаалгаар оронгуут л хүмүүсийн хөл хөдөлгөөн тасрахгүй, худалдаа наймаа ид өрнөж байв. Шатаар өгсөхөд төрөл бүрийн үндэсний хэв маягтай бүтээгдэхүүнүүд нүдэнд тусч байлаа.
Тавдугаар давхарт гарахад хамгийн түрүүнд эсгий эдлэлүүд өрөөстэй харагдана. Эсгийгээр хийсэн малгай, цүнх, Монгол гэрийн эдлэл хэрэглэл гээд олон төрлийн бүтээгдэхүүн лангуу дээр жагсаатай аж. Худалдаа эрхлэгчдийн завгүй ажиллах нь баярын уур амьсгал орсныг илтгэнэ. Бараа таваараа сонирхуулан зогсож байсан нэгэн эмэгтэйгээс бүтээгдэхүүнийх нь тухай асуувал “Малгайнууд 50-120 мянган төгрөгийн хооронд зарагдаж байгаа. Хэлбэр, хэмжээнээсээ шалтгаалан нэг малгайг 1-2 өдөрт хийдэг. Энэ жил талбайн түрээс авахгүй байгаа болохоор худалдаа хийхэд арай амар байна” гэж сэтгэл хангалуун ярилаа.
Цааш явахад нэгэн буланд төрөл бүрийн эмийн ургамал өрөөтэй харагдана. Лангуун дээр тайгын хунчир, хар, улаан жүр үр, хүрээмэг мөөг зэрэг ховор ургамлуудыг өрсөн байх аж. Худалдаа эрхэлж буй хүнээс борлуулалтын талаар тодруулахад “Тайгын хунчир, хар, улаан жүр үр, хүрээмэг мөөг зэрэг ховор эмийн ургамлууд 5-30 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна. Гэхдээ буланд байрлаж байгаа болохоор хүн харьцангуй цөөн ирж байна” гэж хариулав.
Тэрбээр үргэлжлүүлэн “Би Хөвсгөл аймгийн хүн. Олон жил эмийн ургамал судалж, өөрийн гараар уул хаднаас ургамлуудаа түүж бэлтгэдэг. Манай нутгийн ургамлууд онцлогтой. Дэлхийн хаана ч ийм төрлийн ургамал ургадаггүй. Ер нь хүн хаана төрсөн, тэр нутгийнхаа ургамлыг эмчилгээнд хэрэглэх нь хамгийн тохиромжтой” хэмээн итгэл дүүрэн өгүүлэв.
ХҮНСНИЙ НОГООГ БӨӨНИЙ ҮНЭЭР ЗАРЖ БАЙНА
Дархан-Уул аймгийн Орхон сумын "Орхон бялхам" хоршоо гэх хаягтай лангуу содон харагдана. Энд зөвхөн цэвэр органик хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдаж байв. Худалдаа эрхлэгч залуугаас тодруулахад “Манай хоршоо есөн хүнтэй. Бүгдээрээ өөрсдийн гараар хүнсний ногоогоо тарьж ургуулдаг. Ширхэг ногоог ч бөөний үнээр зардаг гэдгээрээ бид онцлогтой” гэж хэлэв. Харин хүмүүсийн худалдан авалтын талаар лавлахад “Одоогоор хүмүүс зүгээр л амсч үзэж байна. Харин энэ сарын 10-ны дараа гэхэд худалдан авалт эрс нэмэгдэх байх” гэж хариулав.
Үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн Хотонт сумаас ирсэн малчин залуу айраг худалдаалж байв. Тэрбээр сонирхсон хүмүүстээ жижиг цаасан аягаар амсуулан өгөх аж. Айрагны талаар асуухад “Би өөрөө малчны хотноосоо гаргаж авдаг. Цэвэрхэн сааж, хадгалалтдаа анхаарч байж айргийн амт чанарыг алдагдуулахгүй байх нь чухал. Нэг литр айраг 9,000 төгрөгөөр худалдаалагдаж байна” гэж ярилаа.
Лангууны өмнө үйлчлүүлэгчид тасралтгүй эгнэн зогсч, зарим нь шанага дүүрэн авч байв.
ҮНДЭСНИЙ ХУВЦАС – ДЭЭЛ, ЦАМЦ, ГУТАЛ
Тавдугаар давхартай танилцаж дуусаад зургадугаар давхарт байрлах дээл хувцасны хэсэг рүү явлаа. Шат өгсөн гарахтай зэрэгцэн өнгө өнгийн дээл, гутал, малгай эгнэн харагдав. Хүмүүс дээл сонирхон барьж үзэн, худалдаачид нь өөрт нь тохирсон загварыг санал болгож байлаа. Лангуун дээр зогсож байсан залуугаас үнэ ханшийн талаар тодруулахад “Монгол цамц 100 мянган төгрөг, дээл 350-750 мянган төгрөгийн хооронд байгаа. Харин хос дээл 1.2-1.5 сая төгрөгөөр худалдаалж байна” гэж хариулав.
Үзэсгэлэн худалдааны тухай сэтгэгдлийг лавлахад “Хотын төвд болж байгаа болохоор маш давуу талтай байна. Хүмүүс ихэнхдээ хүүхдийн хувцас, дээл сонирхон авч байна” хэмээн хариулав.
Үйлчлүүлж буй иргэд ч сэтгэл хангалуун байлаа. “Цагаан сар болох гэж байхад хямд, боломжийн үнэтэй бараанууд олдож байгаа нь сайхан байна” гэж нэгэн үйлчлүүлэгч хэлэв.
Энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх "Амар байна уу-2025" үзэсгэлэн худалдаа цаашид ч хүний хөл хөдөлгөөн ихтэй үргэлжлэх нь гарцаагүй. Тун удахгүй иргэдийн худалдан авалт илүү идэвхжиж, цагаан сарын бэлтгэл жинхэнэ утгаараа жигдэрч эхлэх биз ээ.
Нэргүй 1 цагийн өмнө 203.217.139.240
Монголчууд идэж ууж, баярлаж цэнгэхээ л урдаа барих юм! Ингэж баяраас баярт үхэлддэг шигээ эрх ашиг, амьдрах орчин, цалин, утаа, авилагын эсрэг тэмцдэг болоосой.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.161.93
түрээсээ 5дахин өндөр болгох хэрэгтэй угаасаа хэд нугарсан ашиг хүүлж байгаа
Нэргүй 22 минутын өмнө 59.153.113.38
ТЭГХЭЭР ЧИНЬ ТҮРЭЭСЧИНГҮҮД БАЯЖИНА БИЗ ДЭ ЭРГҮҮ МИНЬ.
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.86
Үхсн ацны манж х***а хулгайг тасд. Юун цгаан сар.