АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп батлан хамгаалах армиасаа бүх трансжендер цэргүүдийг хөөх хоёр дахь зарлигаа буулгасан билээ. Үүний өмнө тэрбээр трансжендер тамирчдыг аль ч спортын тэмцээн уралдаанд оролцуулахгүй гэх зарлиг буулгасан юм. Улмаар хүйсийн эрх тэгш байдлыг алдагдуулж, хүний эрхийг зөрчсөн хэргээр хуулийн маргаан гарах төлөвтэй байна. Шинэ тушаал нь Америкийн 2.1 сая цэргийн албан хаагчтай армийн өчүүхэн хэсэгт хамарна. Гэсэн хэдий ч Трампийн засаг захиргаа трансжендер албан хаагч нь АНУ-ын армийн нэр төрийг бууруулж буй шинж тэмдэг гэж үздэг тул ач холбогдол өгч байна.
Үүний нэг илрэл нь шинээр сонгогдсон батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Пит Хегсэтийн "Дайчдын эсрэг дайн" номд "Цэрэгт элсэгч, цэргийн анги, тэр дундаа улс орны аюулгүй байдлын төлөө трансжендер хүмүүс хэзээ ч алба хааж болохгүй. Энэ маш энгийн" гэж бичсэн байдаг.
Трампийн трансжендер цэргүүдийг хөөх зарлигийг хүний эрхийн бүлгүүд буруутгаж, энэ нь нэн харгис хэрцгий бөгөөд эцсийн дүндээ цэргийн бэлэн байдалд хор хөнөөл учруулна гэж мэдэгджээ. Мөн трансжендер хүмүүс олон жилийн турш, тэр дундаа сүүлийн 10 жилийн хугацаанд АНУ-ын аюулгүй байдлын төлөө идэвхитэй зүтгэсэн гэж онцолж буй.
Улмаар АНУ-ын үндсэн хуульд заасан байдаг "хүн өөрийн хүссэн шашин шүтлэг, үзэл баримтлал, хүйсийн чиг баримжаагаараа амьдрах эрх"-ийг ноцтой зөрчсөн гэж үзэж, хариу арга хэмжээ авахаа зарлаад байна.
ЗАРЛИГТ ЮУ ГЭЖ ЗААСАН БЭ?
Трампийн зарлигт хүйсийн "дисморфи" өвчтэй гэж оношлогдсон хэн нэгэн хүн цэргийн алба хааж болохгүй гэж заажээ. Батлан хамгаалах нарийн бичгийн даргад уг өөрчлөлтийг хэрэгжүүлэх 60 хоногийн хугацаа өгдөг бөгөөд энэ нь цэрэгт элсүүлэх, дахин элсүүлэх эмнэлгийн стандартыг шинэчлэх ажлаас эхэлнэ. Гэхдээ эхний 30 хоногт хэрхэн, яаж, хаанаас эхлэх зэрэг төлөвлөгөө боловсруулдаг учир шинээр сонгогдсон батлан хамгаалах нарийн бичгийн дарга Хегсэт улс төртэй холбогдохоосоо ч өмнө төлөвлөсөн байсан гэж ажиглагчид үзэж байна.
Түүнчлэн, зарлигт "Хувь хүн хүйсийн баримжаа ялгаатай байдлаа хуурамчаар илэрхийлэх гэж оролдох нь цэргийн албанд тавигдах хатуу стандартыг давж чадахгүй" гэж заасан байжээ.
Учир нь төрөлх хүйсээсээ өөр хүйсийн шинж чанарыг олж авах гэж дааврын болон мэс заслын арга ашиглах нь цэргүүдийн нэр төртэй, үнэнч, сахилга баттай амьдралын хэв маягтай зөрчилддөг гэж тайлбарласан байв. Мөн "Эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хүн гэж нотолж, бусад хүмүүсийг энэхүү худал хуурмагийг хүндэтгэхийг шаардах нь алба хаагчийн даруу байдал, аминч бус зантай нийцэхгүй" гэж дүгнэжээ.
Трамп албан тушаалдаа орсон эхний өдрөө жендер буюу ямар ч хүйсийн чиг хандлагад ашиглаж болох үгийг хасч, оронд нь төрөлх хүйсийг тодорхойлох үг ашиглахыг зарлигдсан юм. Энэ нь хүн эхээс төрөхдөө ямар хүйстэй байснаараа л амьдрах биологийн үнэнийг сэргээнэ гэж тэрбээр мэдэгдсэн юм. Мөн холбооны засгийн газар дахиж хэзээ ч хүн өөрийгөө тодорхойлохыг хүссэн хүйсээр нь тодорхойлохгүй гэдгийг Трамп онцолж, зөвхөн эхээс төрөхдөө ямар хүйстэй байснаар нь хүндэтгэн, үйлчилнэ гэсэн байна.
Трансжендерийг эсэргүүцсэн зарлигийн сүүлийн заалтад "Армид эмэгтэй хүнд зориулсан хувцас, угаалгын өрөө, хувцас солих өрөө болон унтах зэрэг ямар ч хэсгийг эрэгтэй хүн ашиглахыг зөвшөөрөхгүй. Эмэгтэй цэрэг мөн эрэгтэй цэргийн унтах, хувцас солих, усанд орох хэсгийг ашиглах, хуваалцахыг зөвшөөрөхгүй" гэсэн байна.
ЦААШИД ЯАХ ВЭ?
Сүүлийн жилүүдэд трансжендер цэргийн нийт тоог гаргах боломжгүй болсон гэж Пентагон мэдэгдсэн. Цэргийн дээд албанаас трансжендер алба хаагчдыг тусад нь хянах ямар ч боломжгүй бөгөөд эмнэлгийн нууцлалын хуулиас шалтгаалан их хэмжээний мэдээлэл хязгаарлагдмал байдаг аж.
Одоогийн байдлаар 9 мянгаас 12 мянган трансжендер алба хаагч байгаа гэх тооцоо бий.
Гэсэн хэдий ч онож тодорхойлон, албанаас хөөхөд маш хэцүү байх болно. "Lambda Legal"-ийн хуулийн зөвлөх Саша Бучерт хэлэхдээ,"Энэ нь зургаан сарын турш гадаадад цэргийн алба хаахаар бэлтгэж байгаа эсвэл байлдааны даалгаварт явахаар бэлтгэж буй хүмүүст асар их дарамт үүсгэж байна" гэж хэлэв. Мөн "Энэ зарлиг нь трансжендер алба хаагчдыг хэн дараа нь баригдах бол, хөөгдөх бол гэх сэтгэл санааны хүнд дарамтад оруулж, үргэлж сонор сэрэмжтэй байхыг шаардаж байна" гэжээ.
Трансжендэр алба хаагчид олон жилийн турш жирийн цэрэг адил алба хааж ирсэн. Тэдний заримыг нь хэн болохыг ангийн гишүүд, командлагч нь мэддэг байж магадгүй юм. Гэсэн хэдий ч энэ нь трансжендер алба хаагчийг армиас хөөхийн тулд хэн болохыг нь зарлах вий гэсэн айдсыг төрүүлж буй.
Энэ нь мөн ижил хүйстэн гэдгээ мэдэгдүүлээгүй л бол армид орохыг зөвшөөрдөг Клинтоны засаг захиргааны үеийн "Бүү асуу, бүү хэл" бодлоготой ижил төстэй байдлыг бий болгоно.
"ЭНЭ АНХНЫ ТОХИОЛДОЛ БИШ"
Анх 2015 онд тухайн үеийн батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Эш Картер трансжендер цэргүүдэд тавьсан хоригийг цуцалж, тэдэнд нээлттэй алба хаах боломжийг олгох тухай санаагаа дэвшүүлсэн байдаг. Энэ нь цэргийн удирдагчдын санааг зовоосон юм. Тэрбээр судалгаа хийж, жилийн дараа буюу 2016 оны зургадугаар сард хоригийг цуцалснаа зарлав. Гэвч тухайн жилийн ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялалт байгуулж, тангараг өргөснөөсөө зургаан сарын дараа трансжендер хүн ямар ч чадвартай байсан цэргийн алба хаахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв. Энэ нь Пентагоныг гайхшируулж, хүний эрхийг хөндөж буй Трампийн хоригт хэн өртөх, хэрхэн ажиллах зэрэг бүрэн тайлбар гарах хүртэл хоёр жилийн турш "LGBTQ+" нийгэмлэгийн тэмцэлтэй тулгарчээ.
2019 оны зургадугаар сар гэхэд Дээд шүүх Трампийн хоригийн эсрэг шийдвэр гаргасан байна.
Улмаар өдийг хүртэл хэрэгжиж байсан Трампийн хүйсийн дисфори өвчтэй гэж тодорхойлж буй трансжендер цэргүүдэд дааврын эмчилгээ, хүйс шилжилтийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх боломжийг олгосон Пентагоны бодлогыг гарчээ. Үүнээс гадна Жо Байден 2021 онд ерөнхийлөгч болсноор Трампийн хоригийг цуцалж, Пентагон мөн трансжендер цэргүүдийн хүйс шилжих үеийн эмчилгээний зардлыг даана гэдгээ мэдэгдэв.
"ХҮЙСИЙН ЧИГ БАРИМЖАА ЭХ ОРОНДОО ҮЙЛЧЛЭХЭД НӨЛӨӨЛӨХГҮЙ"
Тэнгисийн цэрэг Сара Климм 23 жил алба хаасан бөгөөд Трамп 2016 онд трансжендер хүн алба хаахыг хориглосны дараа тэтгэвэртээ гарчээ. Тэр цагаас хойш дахин хэзээ ч нээлттэй алба хаагаагүй байна. Климм хэлэхдээ, "Одоо алба хааж буй бүхий л транс цэрэг бөмбөг хаяж, гох дарж, зэвсгийн системийг засч байна. Тэд хүссэн учир эх орондоо зүтгэдэг. Одоо та /Трамп/ тэднийг холдуулахыг хичээж байна" гэв.
Климм өдгөө Америкийн Цөөнхийн ахмад дайчдын бодлогын шинжээчээр ажилладаг бөгөөд арми орон тооны дутагдалд орж буй эгзэгтэй цаг үед хэдэн мянган алба хаагчийг халах нь болчимгүй үйлдэл гэж онцолж байна.
2019 онд "come out" хийсэн Эмили Шилинг өдгөө Тэнгисийн цэргийн хүчинд 19 гаруй жил ажилласан командлагч юм.
Тэр дундаа Ирак, Афганистаны дайнд 60 удаа байлдааны нисгэгчээр ажилласан.
Шилинг "Би сөнөөгч онгоцны нисгэгч, удирдагчийн хувьд надад хөрөнгө оруулснаар сурсан ур чадвараа ашиглаж эх орондоо үргэлжлүүлэн үйлчлэхийг л хүсч байна" гэв. Мөн “Бараг хорин жилийн турш би байлдааны болон энх тайвны чиглэлээр багийг тэргүүлж, шилдэг стандартыг баримталж ирсэн. Би энэ улсад нэр төр, эр зориг, чин сэтгэлээсээ үйлчлэхийн тулд өөрийн сургалт, туршлагаа үргэлжлүүлэн ашиглах боломжийг л хүсч байна" гэжээ.
Нэргүй 42 минутын өмнө 202.126.90.233
Энэ маш зөв. Монголд ч гэсэн зөвхөн ЭР ЭМ байна гэж тогтоох хэрэгтэй
333 60 минутын өмнө 103.212.116.225
Пит Хегсит АНУ-ын батлан хамгаалах яамны сайд хүн.
Нэргүй 1 цагийн өмнө 103.212.119.24
Зөв эрэгтэй хүн өөрийгөө эм хүн гэж ярьдаг бол галзуу солиотой сэтгэцийн юмтайн шинж. Бурханаас байгалиас эцэг эхээс заяасан махбодиороо амьдрах ёстой. Хүйсээ солиулах нь хүний эрх чөлөө биш бөгөөд харин ч жам ёсны эр эм байх эрхэнд халдаж байгаа хэрэг тул төр шашнаас ийм гаж эрхийг хязгаарлах ёстой
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.68
Элбэгээг нааш нь явуулаадхаарай зөнөгөө