Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей ДЭМБ-аас Аргентин гарна гэж мэдэгдэв. Тэрбээр, АНУ тус агентлагаас гарах шийдвэр гаргасны дараа уг мэдэгдлийг хийж байна. Мөн Милей, Трамп нар найрсаг, дотно харилцаатай тул Аргентины ерөнхийлөгч санаа нэг байгаагаа энэхүү мэдэгдлээр харуулж байна гэж ажиглагчид үзэв.
Аргентины ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Лхагва гаригт хэлэхдээ, уг шийдвэр нь ДЭМБ-ын эрүүл мэндийн менежмент, ялангуяа "Covid-19" цар тахлын үед гүнзгий санал зөрөлдөөн үүсгэж байсан дээр үндэслэсэн болно.
Мөн НҮБ-ын эрүүл мэндийн агентлаг зарим улсын нөлөөлөлд хараат байдгийг онцлон тэмдэглэсэн байна. Трамп өнгөрсөн сард ДЭМБ-аас АНУ гарч, дахин санхүүжилт олгохгүй гэж мэдэгдсэнээр тус агентлагийн 2026-2027 оны санхүүгийн төсөв тал хувиар буурах эрсдэлд оруулсан. Учир нь АНУ жил бүр ДЭМБ-ын нийт санхүүжилтийн 41 хувийг олгодог хамгийн том хандивлагч улс байсан юм. Гэвч, санхүүжилтийн тал хувь нь байхгүй болсноос үүдэн халдварт өвчинтэй тэмцэж буй зарим орны ирээдүй бүрхэг болжээ.
Үүнээс гадна, Милей дэлхийн дулааралтай тэмцэх олон улсыг хамарсан Парисын гэрээнээс Аргентиныг гаргах тухай бодолцож эхэлснийг хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн байна.
Хачирхалтай зан, хатуу үзэл бодлоороо алдартай Милейг заримдаа "Аргентины Трамп" гэж нэрлэдэг. Тэрбээр 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялсны дараа хамгийн эхэнд Вашингтонд айлчилж, шинэ ерөнхийлөгчтэй уулзсан анхны гадаад удирдагч болсон гэж яригддаг. Милей мөн Трампийн тангараг өргөх ёслолд оролцсон юм.
Нэргүй 34 минутын өмнө 70.54.71.56
өөрийн бодолтой сүрxий эр шиг байгаам даа