Дональд Трамп бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээсээ хойш гадаадын удирдагчтай хоёр дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийх гэж байна. Тодруулбал, Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2025.02.06/ Трамптай уулзахаар АНУ-ыг зорилоо. Трамп, Ишида нар Баасан гаригт уулзана.
Япон бол АНУ-ын Ази дахь хамгийн ойрын холбоотнуудын нэг. АНУ-ын 54 мянга орчим цэргийн албан хаагч Японд байрладаг.
Трампийн дэвшүүлсэн "Америк нэгдүгээрт" мөрийн хөтөлбөр нь улс орнуудын худалдаа, батлан хамгаалахын харилцаанд халдах эрсдэлтэй. Иймд Ишиба эвслийн ач холбогдлыг онцлон, байдлыг зөөлрүүлэхийг хичээх болно.
Мөн АНУ-ын байгалийн хийн импортыг нэмэгдүүлэхийг санал болгож магадгүй гэж таамаглаж байна. Трампийн "drill, baby, drill" бодлогыг дэмжсэнээр байгалийн нөөц багатай Япон улс эрчим хүчний аюулгүй байдлаа бататгаж чадах юм. Япон улс Оросоос авах шингэрүүлсэн байгалийн хийн хэмжээгээ багасгасан. Тиймээс Японд шингэрүүлсэн хий болон бусад эрчим хүчний шинэ эх үүсвэр хэрэгтэй байгааг Ишиба онцолжээ.
Дашрамд дурдахад, Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа Японы ерөнхий сайд агсан Шинзо Абэтэй ойр харилцаатай байв. Энэ удаад ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа ч баярын зоогтоо Абэгийн бэлэвсэн эхнэр Аки Абэг урьсан билээ.
Холбоотой мэдээ