Бангладешийн жагсагчид огцорсон ерөнхий сайд Шейх Хасина болон түүний намын бусад гишүүний гэр байшинг сүйтгэж, галдан шатаажээ. Оюутнуудын тэргүүлсэн бослогын улмаас Шейх Хасина өнгөрсөн жил огцорч, эх орноосоо дүрвэсэн билээ. Гэтэл Хасина Энэтхэгээс бангладешчуудад хандаж хэвлэлээр үг хэлнэ гэсэн мэдээлэл цацагдсанаар дахин эмх замбараагүй байдал үүсэв.
Хасинагийн талийгаач эцэг, Бангладешийг үндэслэгч ерөнхийлөгч Шейх Мужибур Рахманы байшинг Лхагва гаригийн орой экскаватороор нураасан байна. Тус байшинг музей болгон өөрчилсөн байжээ. Шейх Мужибур Рахманыг тусгаар тогтнолын баатар гэж үздэг ч гэлээ ард иргэд ийнхүү охинд нь уурласан уураа байшинд гаргасан аж. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Лхагва гаригийн орой 700 орчим жагсагч байшингийн гадаа цугларсан байна.
Харин Хасина энэ үйл явдлыг буруушааж, шударга ёс шаардсан мэдэгдлийг цахим хаягаараа хийв. Тэрбээр "Тэд барилгыг нурааж болох ч түүхийг арилгаж чадахгүй" гэжээ.
Дашрамд дурдахад, өдгөө 77 настай Шейх Хасина Бангладешийг 20 жил удирдсан. Түүнийг эсэргүүцэгчдийг хайр найргүй дардаг, автократ нэгэн гэж үздэг байв. Тэр хэдийгээр Энэтхэг рүү дүрвэсэн ч гэлээ ард иргэдийн уур хилэн бүрэн арилаагүй хэвээр.
Хасинаг огцорсноос хойш Нобелийн шагналт Мухаммед Юнус тэргүүтэй түр засгийн газар улс орныг тогтвортой байлгасаар ирсэн. Тэрбээр 2025 оны сүүл эсвэл 2026 оны эхээр сонгууль явуулахаа амлажээ.
Холбоотой мэдээ