"Өвөл жуулчин хүлээн авдаг баазуудын цахилгааныг хөнгөлдөг"

"Өвөл жуулчин хүлээн авдаг баазуудын цахилгааныг хөнгөлдөг"

"Өвөл жуулчин хүлээн авдаг баазуудын цахилгааныг хөнгөлдөг"

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ажлын албаны дарга Ц.Түвшинжаргалтай ярилцлаа. 


-Аялал жуулчлалын салбарынхан мэргэжлийн холбоотой болсон. Саяхан холбооны тэргүүн Ц.Баатарсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Холбоо ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Аялал жуулчлалын тухай хуулийг 23 жилийн дараа буюу өнгөрсөн 2023 онд шинэчлэн баталсан. Уг хуульд маш олон өөрчлөлт орсны нэг нь салбарын оролцогч компаниудын хамтарсан буюу Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулсан. Холбооны анхны ерөнхийлөгчөөр Ц.Баатарсайхан ажиллаж байгаад 2024 оны арванхоёрдугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа өгч, Удирдах Зөвлөлийн хурлаараа шинэ ерөнхийлөгчөөр Т.Баттулгыг сонгосон.

Холбооны Удирдах Зөвлөл нь 29 хүний бүрэлдэхүүнтэй, ямар нэгэн өөрчлөлт ороогүй.

Шинээр сонгогдсон ерөнхийлөгч маань өөрийнхөө бодлого, чиглэлийг тодорхойлж, ажиллах байх. Холбооны ерөнхийлөгч Т.Баттулга аялал жуулчлалын салбарт олон жил ажилласан туршлагатай хүн. Өмнө нь холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

-Өвлийн улиралд Монголыг зорин ирж, аялж буй гадаад жуулчдын тоо нэмэгдсэн байна. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Монголд нийт 33 мянган гадаад жуулчин ирсэн байна. Өнгөрсөн жилийн энэ үед 28 мянган гадаад жуулчин ирсэн. Үүнд нөлөөлөх хүчин зүйл гэвэл, Монгол Улс аялал жуулчлалын салбараа дэмжиж, "Монголд зочлох жил"-ийг зарласан. Нөгөөтэйгүүр, өвлийн аялал жуулчлалыг сурталчилсан мэдээлэл сурталчилгааны ажлыг олон улсад эрчимтэй хийж байна.

Жуулчид авч ирдэг байгууллагууд маань өвлийн хөтөлбөр зохион байгуулж, жуулчны бааз болон зочид буудлууд хүйтний улиралд тогтвортой ажилладаг болсон.

Өнгөрсөн жилүүдэд зуны улиралд олон тооны гадаад жуулчин хүлээн авч, өвөлд цөөн жуулчин ирдэг байсан. Энэ нь монгол орныг зорин ирж буй гадаад жуулчны тоог хязгаарладаг байсан. Тийм учраас энэ салбарын улирлын хамаарлыг бууруулж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлснээр гадаад жуулчдын тоог нэмэх боломжтой юм.

-Монголчууд "Саалиа бэлдэхээр саваа бэлд" гэдэг. Өвлийн улиралд 145 жуулчны бааз ажилладаг гэж бүртгүүлснээс 2023 онд 55 бааз л ажилласан гэх тоо байсан. Энэ тоог нэмэх шаардлагатай юм биш үү?

-Мэдээж зуны улиралд үйл ажиллагаа явуулдаг амралт, жуулчны баазтай харьцуулахад цөөн. Нарийн тоон статистикийг хэлж мэдэхгүй байна. Жуулчны баазууд өвлийн улиралд ажиллах нь санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг. Хүйтний улиралд орлого нь буурдаг бол халаалт, тог цахилгааны зардал өндөр гардаг. Жишээлбэл, зуны улиралд 2 сая төгрөгийн цахилгааны төлбөр гардаг аж ахуйн нэгжүүд өвөлд 15-16 сая төгрөгийн төлбөр төлдөг. Орон нутагт байрладаг жуулчны баазууд дэд бүтэцгүй газар байрладаг учраас 100 хувь цахилгаан халаалт ашигладаг тохиолдол ч бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд төрийн дэмжлэг, тур оператур компаниуд өвөл гадаад жуулчин авч ирэхийг эрмэлзэж байгаа нь байршуулах газруудад эерэг үр нөлөө үзүүлж байна.

Өнгөрсөн өвөл ажилласан жуулчны баазуудад тог цахилгааны хөнгөлөлтийг төрөөс үзүүлсэн. Энэ жилийн тухайд өвлийн улиралд ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг хэрхэн дэмжих вэ гэдэг асуудлыг ярьж байна.

Гадаад жуулчид Хөвсгөл, Архангай, Элсэн тасархай, Улаанбаатар болон Горхи-Тэрэлжид жуулчны баазуудад байршиж байна. Цаашдаа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд амралт, жуулчны баазын тоог нэмэх шаардлагатай.

-Ямар улсын иргэд Монголд олноор аялж байна вэ? 

-Хамгийн олон жуулчин БНСУ, Хятад, ОХУ-аас зорин ирж байна. Үүний араас Япон, Казахстан, АНУ, Герман, Франц улсын иргэд орж байгаа. Бид өндөр өсөлттэй байгаа зах зээл дээрээ түлхүү ажиллаж, жуулчдын тоог нэмэх шаардлагатай. Мөн хил орчмын аялал жуулчлалыг нэмэгдүүлэхээр хоёр хөрш улстайгаа хэлэлцээр хийж, аяллын бүсүүдийн бэлтгэлийг хангаж байна. Визний асуудлыг амжилттай шийдвэрлэвэл газраар Монгол руу орж  ирж буй жуулчны тоог нэмэх боломжтой. Ойрын хугацаанд өндөр өсөлтийг үзүүлнэ гэж харж байна.

-Монголд 808.956 гадаад жуулчин ирж байгаа бол Монгол Улсын 3.4 сая иргэн давхардсан тоогоор гадаад улсад аялж байна гэх статистик байсан. Энэ талаарх тоон мэдээллийг өгөөч?

-Монгол Улсад 2024 онд 808.956 жуулчин ирж, 1.6 сая ам.долларын орлого оруулсан. Бид 2025 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилтыг дэвшүүлсэн. Өнгөрсөн оны нэгдүгээр сартай харьцуулахад одоогийн байдлаар 10 орчим хувийн өсөлттэй байгаа нь энэ зорилтод хүрэх боломжтойг харуулж байна. Төр, хувийн хэвшлийнхэн энэ чиглэлд хамтран ажиллаж байна. Аялал жуулчлал Монголын эдийн засгийн тулгуур гурван салбарын нэг болно гэдэг зорилт тавьсан. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо өнгөрсөн жилээс эхлэн "Аялал жуулчлалын долоо хоног"-ийг зохион байгуулж, энэ салбарынхны уялдаа холбоог сайжруулах, төрийн бодлого, зорилт, төлөвлөгөөг гаргах, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх, Монгол Улсаа олон улсад хэрхэн сурталчлах вэ гэх мэт олон арга хэмжээг зохион байгуулахаар бэлдэж байна.

Харин Монгол Улсын иргэд гадаад руу аялж байгаа нарийн тоон мэдээллийг хэлж мэдэхгүй байна.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хуулиараа аяллын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудыг бүртгэдэг. Бүртгүүлэхийн тулд ажилласан туршлага, мэргэжлийн байх зэрэг шалгуурыг тавьдаг. Одоогийн байдлаар холбоонд бүртгэлтэй 400 гаруй байгууллага, хувь хүмүүс байна.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.131.234.123

аймаар юм аа. манай саад аймаар сэтгэж байдаг байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж