NBA төдийгүй дэлхий дахиныг цочроосон солилцооны дуулиан шуугиан одоо ч намжаагүй байна. Лос Анжелес Лэйкерс болон Даллас Маверикс багууд Энтони Дэвис, Лука Дончич хоёрыг сольж, хэний ч төсөөлөөгүй нүүдлийг хийсэн. Тамирчид ч хэдийнэ шинэ багийнхантайгаа нэгдэж, эхний бэлтгэлдээ оролцоод амжсан аж.
Өчигдөр/2025.02.05/ Лука Дончичийг танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо. Хурлын эхэнд Дончич "Хүн бүр цочирдсон. Та нар ч намайг хэр гайхсаныг мэдэж байгаа байх. Би бараг л унтаж байсан. Гэтэл дуудлага ирсэн. Утсаа хараад дөрөвдүгээр сарын 1-н биш биз дээ л гэж бодсон. Эхлээд үнэхээр итгээгүй. Том цочролд орсон. Миний хувьд хүнд туссан. Даллас бол миний гэр орон байсан. Тиймээс улам хүнд туссан. Ялангуяа эхний өдөр" гэжээ.
Лэйкерсийн менежер Роб Пелинкагийн хэлснээр Мавериксын менежер Нико Харрисон түүнтэй Даллас хотноо кофе уух зуураа, солилцоо хийх талаар ярьжээ. Энэхүү яриа гурван долоо хоногийн турш үргэлжилж, зөвхөн хоёр менежер болон багийн эзэд л мэдэж байсан гэнэ.
Лука Дончичийн хувьд энэ улиралд 28.6 оноо, 8.7 самбар, 8.3 ашигтай дамжуулалт дунджилж байгаа. Тэрбээр өнгөрсөн улирал багаа манлайлан финалд хүртсэн билээ. Гэвч энэ улирал бэртэл гэмтлийн асуудал нь үргэлжилж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-наас хойш талбайд гараагүй байна.
Түүнээс Далласын шийдвэрийн талаар асуухад "Энэ бол тэдний шийдвэр. Надад хэлэх зүйл алга. Тэд шийдвэрээ гаргасан. Яагаад гэдгийг нь би мэдэхгүй байна. Тэдний л шийдвэр. Надад хийж чадах зүйл байхгүй" гэв.
Харин Дончич Лэйкерст нэгдэж буй талаараа "Лэйкерс бол дэлхийн хамгийн агуу баг. ЛеБрон солилцооны дараа шууд над руу залгасан. Бид нэг их яриагүй ч тэр намайг ойлгож байгаагаа хэлсэн. Түүнээс дуудлага ирж, Лос Анжелест тавтай морил гэхэд сайхан санагдсан" гэж ярьжээ.
Үргэлжлүүлэн тэрбээр ЛеБронтой хамт тоглох талаараа "Мөрөөдөл биелж байна. Би үргэлж түүнээс үлгэрлэж ирсэн. Түүнээс суралцах зүйл их байна. Түүнээс бүхнийг сурч, хамт тоглоно гэхээс догдолж байна. Гайхалтай мэдрэмж төрж байна. Бид хоёулаа багийнхнаа сайжруулна гэж бодож байна. Бидний IQ өндөр. Тэр чадвар бусдад маань туслах биз" гэлээ.
Роб Пелинка Дончич "Манай ертөнцийн топ гурван тамирчны нэг" гэсэн аж.
Лэйкерсийн солилцоо дуусаагүй гэдгийг Роб Пелинка хэлсэн. Тэрбээр "Бидэнд төвийн тоглоч хэрэгтэй гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Зах зээлд ч том тоглогчид байна. Гэхдээ төдийлөн өргөн сонголт алга. Бид өөр зүйл хийхийг үгүйсгэхгүй. Одоо гэхээсээ илүүтэйгээр улирал дууссаны дараа төвийн тоглогчийн араас явбал илүү бодитой шийдвэр болох биз" гэжээ.
Дээрх солилцооны дараа Стефен Көрри нэгэн сонирхолтой ярилцлагыг өгсөн. Тэрбээр "Энэ солилцоо гэнэт л гараад ирчихсэн. Ямар ч шуум, бор шувуу гарсанүй. Ялангуяа Маверикс финалд гарсаны дараа шүү дээ. Одоогоор лигт тайван унтаж чадах хэдхэн л хүн байна. Үнэхээр сонирхолтой тохиолдол. Энэ солилцоог хийнэ гэсэн санаа нь галзуу. Ийм солилцооны талаар сонсвол тэр хүн утсаа хакдуулсан байна л гэж ойлгоно" гэв.
Холбоотой мэдээ