ТикТокийн "амархан" эрхэм

ХҮМҮҮС

ТикТокийн "амархан" эрхэм

ТикТокийн "амархан" эрхэм

Янз бүрийн зүйлсийг хялбар, сонирхолтой аргаар хийх “life hack” бичлэгүүд цахим сүлжээнд алхам тутамд тааралддаг. Гэвч тэр нь хялбар гэхээсээ илүү төвөгтэй байх нь олон аж. Тэдгээрийг илүү энгийн аргаар хийх бичлэгүүдээрээ ТикТок платформд алдаршсан Хаби Лэймийг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.


Сенегал-Итали гаралтай Хаби Лэйм 2000 оны гуравдугаар сарын 9-нд төржээ. Түүнийг нэг настай байхад гэр бүл нь Итали руу нүүж, Турины ойролцоох Чивассо хороололд амьдрах болсон. Тэр эцэг эхээс гурвуулаа. Хаби 14 нас хүртлээ Италийн сургуульд сурсан бөгөөд хожим нь Дакарын ойролцоох Коран сударт сургуульд эцэг эхийнхээ зөвлөснөөр сурчээ.

Цахим ертөнцийн “од” болохоосоо өмнө тэр Турины ойролцоох үйлдвэрт машины оператороор ажиллаж байжээ.

АМЖИЛТЫН ШАТААР ЗОГСОЛТГҮЙ ӨГССӨН НЬ

Өнөөдрийн байдлаар тэр ТикТокийн хамгийн олон дагагчтай нөлөөлөгч болоод байна. Covid-19 цар тахлын үеэр дэлхий даяар хүмүүс орон гэртээ бүгсэн нь олон хүний цахим орчинд контент бүтээх, сонирхлоо олох, алдарших шалтгаан болсон. Гэхдээ “ийм амархан” гэх трэнд контентыг тэр шууд эхлүүлсэнгүй. Анхандаа Хаби бүжиглэж, видео тоглоом үзэж буй реакшн бичлэгээ нийтэлдэг байв. Энэ төрлийн бичлэгүүд нь төдийлөн амжилт олоогүй боловч “ийм амархан” трэнд нь түүнийг 2021 оны дөрөвдүгээр сард Италийн хамгийн олон дагагчтай ТикТокер болгожээ. Удалгүй зөвхөн Итали төдийгүй дэлхий даяарх бүх ТикТокеруудыг дагагчийн тоогоороо гүйцсэн байна.

2021 оны есдүгээр сард тэр Венецийн кино наадамд тусгай зочны хувиар оролцжээ. Мөн 2022 оны нэгдүгээр сард “Hugo Boss” брэндтэй олон жилийн гэрээ байгуулж, #BeYourOwnBoss буюу Өөрөө өөрийнхөө дарга бай кампанит ажлын нүүр царай болсон байна.

Түүний амжилтын замнал энэ хүрээд зогсохгүй. Тодруулбал, Хаби 2022 онд “Fortune” сэтгүүлийн 40-өөс доош насны шилдэг 40 манлайлагч, “Forbes” сэтгүүлийн 30-аас доош насны шилдэг 30 манлайлагчийн тоонд багтсан. Мөн “Авьяаслаг италичууд” телевизийн шоуны 2023 оны дугаарт шүүгчээр ажиллажээ.

Хаби анхандаа ТикТокийн контентоос 750 мянган ам.долларын орлого олдог байсан бол 2022 оны эцэс гэхэд 10 сая ам.долларыг өлхөн олдог болжээ.

ТикТокийн бусад одоос ялгаатай нь Хабигийн амжилтыг “органик” гэж нэрлэнэ. Яагаад гэвэл тэр хэт хичээдэггүй, мөн тууштай. Энэ байдал нь хүмүүсийн сэтгэлийг хамгийн ихээр татжээ.  2025 оны нэгдүгээр сарын байдлаар ТикТок платформ дээр хүмүүст хамгийн их таалагдсан 25 контентын зургаа нь Хабигийнх байна.

ХУВИЙН АМЬДРАЛ

Хаби Лэйм мусульман шашинтай. Тэр 2023 оны арваннэгдүгээр сард Вэнди Тэмбэлиле Жуэл гэх эмэгтэйтэй гэрлэсэн боловч ердөө зургаахан сарын дараа салжээ.

Нэг настайгаасаа хойш Италид амьдарсан тул тэр италиар чөлөөтэй ярьдаг. Гэхдээ 2022 оны наймдугаар сар хүртэл тэр Сенегал улсын иргэн байв. Италийн Дотоод хэргийн яамны дэд нарийн бичгийн дарга Карло Сибилиа түүнд иргэншил олгоно гэж мэдэгдсэний дараа Чивассо хотод Италийн иргэн болсон байна.

Тэр контент бүтээхээс гадна кино уран бүтээлд ч дүр бүтээжээ. Тодруулбал, 2022 онд “Black Panther: Wakanda Forever” киноны итали хэлт хувилбарт дуу оруулсан байна. Мөн 2024 онд “Bad Boys: Ride or Die” хэмээх тулаант инээдмийн кинонд үг хэлдэггүй, богинохон хугацаанд гараад өнгөрдөг дүрд тогложээ. “Хаби Америкт ирж байна” гэх түүний дуугүй инээдмийн цуврал 2024 оны зургадугаар сарын 28-нд нээлтээ хийсэн.

ТИКТОКИЙН ХААНААС НҮБ-ЫН ЭЛЧ

24 насандаа 162.8 сая дагагчийг цуглуулж чадсан ТикТокийн хаан нэг л өдөр НҮБ-ын элч болов. Тэрбээр долоо хүрэхгүй хоногийн өмнө НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элч төлөөлөгчөөр томилогджээ. Энэ томилгооны хүрээнд тэр баруун Африк руу дөрвөн өдөр аялсан. Дакар дахь зочид буудалд болсон ёслолын арга хэмжээний үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн бүс нутаг хариуцсан захирал Жиллес Фагниноу түүний үнэнээрээ, өөрийнхөөрөө байдаг чанарыг онцолсон юм.

Харин Хаби Лэйм НҮБ-ын элч болсон тухайгаа ярихдаа “Хүүхэд байхдаа ядуу зүдүү өссөн, хүсэл тэмүүллээ олох гэж сурагч байхдаа тэмцсэн, цар тахлын үеэр ажлаа алдсан гээд хувийн туршлагаасаа хэлэхэд боломж л олгочих юм бол хүүхэд бүхэн хөгжих болно” гэсэн юм.

Хаби ийнхүү НҮБ-ын Хүүхдийн сангийн элч болсноор Лионель Месси, Дэвид Бекхэм, Кети Перри зэрэг дэлхийн одуудтай мөр зэрэгцэх болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж