"IEM Katowice" тэмцээний урьдчилсан шат болон хэсгийн шатны тоглолтууд өндөрлөлөө. Ийнхүү дэлхийн шилдэг 24 багтай эхэлсэн аялал зургаан багтай хасагдах шатаа эхлүүлж байна. Нэг сая ам.долларын шагналын сантай тэмцээний хасагдах шатанд дараах багууд үлджээ.
- Францын "Team Vitality"
- Монголын "The MongolZ"
- Оросын "Virtus.pro"
- Туркийн "Eternal Fire"
- Оросын "Team Spirit"
- Украины "Natus Vincere"
Өмнөх шатнаас "MOUZ", "Team Liquid", "FaZe", FURIA", "Astralis", "G2 Esports" тэргүүтэй шилдэг багууд хасагдсан нь харамсалтай.
"The MongolZ" багийн хувьд өчигдөр/2025.02.04/ В хэсгийн аваргын төлөө Украины "Natus Vincere" багийн эсрэг тоглож, 0-2 гэсэн харьцаатай хожигдсон юм. Улмаар "Natus Vincere" шууд хагас шигшээд шалгарсан бол "The MongolZ" дунд шөвөгт шалгарсан. Тэдний өрсөлдөгч нь Туркийн "Eternal Fire" баг. Хоёр багийн хожсон нь хагас шигшээд Францын "Team Vitality"-тай тоглох болно.
"The MongolZ"-ийн хувьд одоо үлдсэн байгаа таван багаас "Team Vitality" болон "Natus Vincere" багуудыг л хожиж үзээгүй явна.
Хэсгээ тэргүүлсэн хоёр баг шууд хагас шигшээд шалгарч, хэсэгтээ аман хүзүүдсэн болон гуравдугаар байраар шалгарсан дөрвөн баг дунд шөвөгт хоорондоо учраа таарчээ.
"The MongolZ" болон "Eternal Fire" багууд өнгөрсөн жил цөөнгүй удаа учраа таарсан. Түүхэндээ хоёр баг нийт таван удаа тоглоход "The MongolZ" гуравт нь хожжээ. Сүүлд "IEM Rio" тэмцээнд таарахад "The MongolZ" баг 2-1 гэсэн харьцаатай хожсон түүхтэй. Гэхдээ "Eternal Fire" баг энэ жил багтаа өөрчлөлт хийж, сайжирсан гэдгийг тэдний тоглолтуудаас хангалттай харж болно. "Calyx"-ийг явуулж, "jottAAA"-г нэгтгэсэн Туркийн бахархлууд "FaZe"-ийг буулган авчээ.
Нэргүй 18 минутын өмнө 202.9.40.19
За одоо формондоо эргэж ороод дараагийн учраануудаа хожиж финалд үлдэх болтугай.