Менингококкт халдварын тохиолдлоор гурван настай хүү харамсалтайгаар эндэж, олон хүн үр хүүхдээ олон нийтийн үйл ажиллагаанд оролцуулах, хичээлээс гадуур хамрагддаг дугуйлан секцэд нь явуулахаа больсон талаар мэдээлэл гарсан. Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн өвлийн амралтаар бага насныхны хамрагддаг цэцэрлэг, дугуйлангийн ирц буурдаг ч хичээл орохоор хэвийн болдог байна. Харин энэ удаа хичээл орсон ч цэцэрлэг, өдөр өнжүүлэх, сургалт, дугуйлангийн ирц нэмэгдээгүйг багш нар хэлж байлаа.
"ДУГУЙЛАНД ХАМРАГДАХ ХҮҮХДИЙН ИРЦ БУУРСАН"
Хүүхдийн ертөнц, тэдний аливаа зүйлийг сэтгэх, урлан бүтээх чадвар өвөрмөц бөгөөд сонирхолтой. Тиймдээ ч нийслэлийнхэн жилдээ ганц хоёрхо удаа элсэлт авдаг Хүүхдийн урлан бүтээх төвийн сургалтуудад амжиж хүүхдээ бүртгүүлэхийг хүсдэг. Тус төв үнэ төлбөргүй олон сургалтыг анхан шатнаас эхлэн анги, бүлэг болгон заадаг онцлогтой. Жил бүрийн 12-1 дүгээр сард дугуйланд хамрагддаг хүүхдүүд цөөрч, хичээл орохоор эргээд хэвийн болдог тус төв энэ сард нам гүм байв.
Хүүхдийн урлан бүтээх төвөөс өгч байгаа мэдээллээр, хүүхдүүд энэ долоо хоногоос л жигдэрч эхэлж байна. Долоо хоногийн дөрвөн өдөр хоёр ээлжээр манай дугуйлангууд хичээллэж байгаа. Халдварт өвчин гарсантай холбоотой эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ дугуйланд явуулахгүй байгаа.
Манай төв энэ хичээлийн жилд сүрэл сүлжмэл, наамал хүүхэлдэй, билэг дурсгал, арьсан урлал гэх мэт 20 гаруй төрлийн дугуйланд элсэлт авсан. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралттай холбоотойгоор ирц буурч, өнгөрсөн нэгдүгээр сард дахин элсэлт авсан. Дугуйланд хамрагдах хүсэлтэй хүүхдүүд бүртгүүлж болно. Өглөөний ээлж 09:00-11:00 цагийн хооронд, оройн ээлж 14:00-16:00 цагийн хооронд нэг ээлжид 10-15 хүүхдийн анги дүүргэлттэй хичээллэж байгаа гэлээ.
Тус төв одоо:
- Уран баримал,
- уран зураг,
- шүрэн урлал,
- монгол бичиг,
- монгол уран бичлэг,
- сүрлэн наамал,
- хүүхэлдэй бэлэг дурсгал,
- хар зураг, уран зураг,
- үндэсний уламжлалт уран хатгамал,
- уран зураг, уран баримал зэрэг дугуйландаа нэмэлт элсэлт байна.
ХАНИАД ТОМУУГИЙН ӨВЧЛӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮМҮҮС ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ЯВУУЛАХГҮЙ БАЙГАА ГЭВ
Нийслэлийн 4, 18, 37 дугаар цэцэрлэгүүдээс ирцийн талаар асуухад мөн л бага байгаа. Ханиад томуугийн өвчлөл ихтэй байгаа учир эцэг, эхчүүд санаа нь зовоод хүүхдээ цэцэрлэгт нь явуулахгүй байгаа. Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Алтанзаяагийн хэлж байгаагаар, манай цэцэрлэг 12 бүлэгтэй. Нийт 337 хүүхдээс тал хүрэхгүй хүүхэд нь л ирж байна. Ирц багасдаг нь ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн амралт, ханиад томуутай холбоотой. Ирц багассан хугацаанд өнгөрсөн сард багш, багшийн туслахыг цалинтай амраах сайдын чиглэл албан бичгээр ирж, багш нар маань амралтаа ээлжилж аваад ажилдаа орсон. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа гэлээ. Харин 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Удвал, 281 хүүхдээс 40 орчим хувь нь өдөрт ирж байгаа. Өвчлөл их байгаатай холбоотой ирц муу л байна. Гэхдээ бид хүүхэд цөөн ирсэн ч сургалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа гэсэн юм.
Хүүхдээ авахаар цэцэрлэг дээр ирсэн эцэг, эхчүүд ч харах хүнтэй бол цэцэрлэгт явуулмааргүй байгаа. Ханиад их, өвдвөл гэрээрээ хүүхдээ асрах, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хүнд тусах төдийгүй олон асуудал үүсдэг гэв. Мөн агаарын бохирдол өглөө, оройд үзэгдэх орчин хязгаарлагдах хэмжээнд байхад гамшгийн байдал зарлах, ажил, сургуулийн цагт өөрчлөлт хийх хэрэгтэйг ч илэрхийлэв.
Цэцэрлэгийн хувьд бага, дунд, бэлтгэл бүлгийнхний ирц яг адил багассан байна. Гэхдээ өнгөрсөн нэгдүгээр сараас хүүхдүүд өдөрт 20-30 илүү ирэх болжээ.
ХИЧЭЭЛ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНХИМААР ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОХ ШИЙДВЭР ГАРГАХГҮЙ!
Эрүүл мэндийн яам, Боловсролын яамнаас халдварт өвчний тархалттай холбоотойгоор хичээл сургалтыг цахимд шилжүүлэх шийдвэр гаргах эсэх талаар тодруулахад аль, аль тийм шийдвэрийн талаар яригдаагүй. Бүх шатны боловсролын байгууллага хуваарийн дагуу хэвийн хичээллэнэ гэв. Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс асуухад, менингококк халдварт өвчний тохиолдол 2025-2026 онд 10-15 бүртгэгдэж магадгүй тооцоолол гарсан. Тус өвчлөлийн тухайд дэгдэлт гэж үзэхгүй. Тиймээс эмзэг бүлгийнхэн болоод зайлшгүй шаардлагатай хүмүүсийг ирэх долоо хоногоос вакцинжуулна. Олон нийтийн үйл ажиллагааг нийтээр хязгаарлах хэмжээнд өвчлөл тархаагүй гэх тайлбарыг өглөө.
Боловсролын ерөнхий газраас ханиад томуугийн тархалттай холбоотойгоор бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын эрхлэгч, захирал, ректоруудад амны хаалт тогтмол зүүх чиглэл өгсөн. Энэ дагуу цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулийн оюутнууд бүгд маск зүүж эхэлжээ.
Цар тахлын үеийн дэглэмийг дахин сахиж байгаа нь нэг талаар өөрийгөө, нөгөө талдаа бусдын эрүүл мэндийг хамгаалж байгаа хэлбэр. Бага насныхны цэцэрлэг, дугуйлангийн ирц буурсантай холбоотой ханиад томуугаар өвдөж, өрх болон яаралтай тусламжид хандах хүүхдийн тоо мөн буурсан байна. Гэхдээ менингококк халдвар байз болзошгүй тохиолдлоор ХӨСҮТ-ийн яаралтай тусламжид хандах хүний тоо ихэсч. Иймд иргэд тэр дундаа 5-аас доош насны хүүхэдтэй эцэг, эхчүүд ханиад томуу, халдварт өвчний эрсдэлтэй байгаа энэ үед хүүхдүүдээ дагуулж олон нийтийн газраар аль болох явахгүй байх. Мөн амны хаалтыг тогтмол зүүлгэж, өөрсдөө ч мөн масктай байж, гарын болон амны ариун цэврээ сайн сахихыг зөвлөж байна.
Харин халдвар бүртгэгдсэн Налайх дүүргийн эрүүл мэндийн төвтэй холбогдоход, дүүрэгт менингококкт халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан цэцэрлэг, сургуулийн бүх хүүхдүүдийг хяналт, тандалтын үзлэгт хамруулж эхэлсэн.




Нэргүй 2025-02-06 14.1.81.5
Хүн мөнгөтэй болж байж соёл, боловсролд мөнгө зарцуулна шүү дээ, хоолны мөнгөнөөс илүү гарахгүй байгаа юм чинь явуулж чадахгүй байна шүү дээ. Уг нь явуулаад баймаар л байна шд…