Хүүхдийн өвлийн спортын наадамд цасны гуталтай гүйлтийн төрөл нэмэгдсэн

Хүүхдийн өвлийн спортын наадамд цасны гуталтай гүйлтийн төрөл нэмэгдсэн

Хүүхдийн өвлийн спортын наадамд цасны гуталтай гүйлтийн төрөл нэмэгдсэн

Монголын хүүхдийн өвлийн спортын найм дахь наадам “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор энэ сарын 17-24-ний өдрүүдэд Улаанбаатар хот болон Орхон аймагт болно. Гүйлтийн цана, уулын цана, гүйлтийн тэшүүр, шорт трэйк, шайбтай хоккей, снөүбоард гэсэн үндсэн зургаан төрөл дээр тусгай олимпийн “цасны гуталтай гүйлт” гэх төрөл нэмэгдэж орсноороо энэ удаагийн наадам онцлог. Харин үзүүлэх тоглолтод тусгай олимпийн гүйлтийн цанын төрөл багтжээ.

Өвлийн спортын наадмын бэлгэдлээр хүүхдийн наадмын логоноос сэдэвлэн бүтээсэн галын дөл буюу Галхүү байх юм.

Уг наадамд аймаг бүрээс анхан шатны аварга шалгаруулах тэмцээний төрөл, ангилал зай тус бүрд шалгарсан 11-18 хүртэлх насны өсвөрийн шилдгийн шилдэг тамирчдыг шалгаруулан шигшээ тэмцээнд оролцох эрх олгохоор болжээ.

Өвлийн спортын наадмын тэшүүртэй холбоотой төрөл нь Улаанбаатар хотын Хандгайт дахь мөсөн гулгуурын талбай мөн Чингэлтэй дүүргийн мөсөн ордонд болно. Харин цанатай төрлүүд нь Орхон аймгийн Сархиа цанын баазад зохион байгуулагдах юм. Өвлийн наадмын нээлт Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд болж, хаалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-ны өдөр спортын төв ордонд болох ажээ.

Энэхүү наадмын гол зорилго нь өвлийн спортыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлж хөгжлийг нь эрчимжүүлэх, өсвөр үеийнхэнд спортын ач холбогдлыг ойлгуулж, чөлөөт цагаараа спортоор бие даан хичээллэх сонирхлыг нь төрүүлэх, нийгэмд эерэг манлайллыг бий болгож, тив дэлхийн тэмцээнд өрсөлдөх тамирчдыг нээн илрүүлэхэд оршино. Хүүхдийн өвлийн спортын наадмын нийт шагналын сан 190 сая төгрөг бөгөөд төрөл тус бүрдээ түрүүлсэн тамирчинд 600 мянган төгрөг гардуулан өгөхөөр болжээ.

Энэ талаар спортын хөгжлийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Баасансүрэнгээс тодрууллаа.

-Монголын хүүхдийн өвлийн спорт найм дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн зохион байгуулалтаа яагаад Орхон аймагтай хамтран хийхээр болсон бэ?

-Орхон аймаг 2003 оноос хойш өвлийн спортын том том тэмцээнүүд хийсэн туршлагатай. Мөн Орхон аймагтай хамтарч 2023 онд Өсвөрийн өвлийн спортын наадмыг амжилттай зохион байгуулсан. Үүнээс гадна орон нутгийн өсвөрийн тамирчид тэмцээн уралдаанд оролцоод үзчихсэн байдаг учир Орхон аймагт очих их дуртай байдаг.

-Дараа дараагийн жилүүдэд өөр аймагт зохион байгуулах боломжтой юу?

-Хамгийн гол зүйл нь цанатай холбоотой. Цасны материаллаг бааз Орхон аймгийн Сархиа цанын бааз болон Улаанбаатар хотын Скай резорт хоёр л байна. Өөр орон нутагт одоогоор цанын бааз байхгүйн улмаас зохион байгуулах боломжгүй. Харин материаллаг цанын бааз нь бэхжээд ирэх юм бол хөдөө орон нутгуудад хийх боломж байгаа.

-Ойрын жилүүдэд Өвлийн спорттой холбоотой бүтээн байгуулалт хэр хийгдэж байгаа вэ?

-Аймаг орон нутгууд цанын бааз, хоккейн талбайтай болох хүсэлтэй байгаа. Монголд цаанын бааз барихад өртөг өндөртэйгөөс гадна цанын бааз, хоккейн талбай барих газраа тухайн орон нутгийнхан өөрсдөө сонгодог учир одоогоор төлөвлөсөн бүтээн байгуулалт байхгүй.

-Яагаад хоёр жилд нэг удаа зохион байгуулах болсон бэ?

-Өмнө нь спортын наадмын дөрвөн төрлөө дөрвөн жилд нэг удаа ээлжлүүлээд зохион байгуулдаг байсан. Харин 2018 оны Засгийн газрын тогтоолоор  2019 оноос хойш Монголын оюутны спортын наадам, Монголын хүүхдийн өвлийн спортын наадмыг хоёр жилд нэг удаа, Монголын бүх ард түмний спартакиад болон Үндэсний спортын наадмуудыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулахаар болсон.

Э.Ариунтөгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж