АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны эхээр тангараг өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн билээ. Тэгвэл түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлсэнтэй холбогдуулан Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху бусад орны төрийн тэргүүн нараас урьтаж Цагаан ордонд айлчилж байна. Өнгөрсөн жилүүдэд АНУ нь Израилийн хамгийн том дэмжигч байсан төдийгүй Жо Байдены засаг захиргаа Израилийн батлан хамгаалах хүчинд 17.9 тэрбум ам.доллараар үнэлэгдэх зэвсэг нийлүүлж байсан юм. Гэсэн хэдий ч АНУ-ын засаг захиргаа солигдсон тул ерөнхий сайд Нетаньяху урьдын адил тусламж авч, хамтын түншлэлээ хэвээр хадгалах зорилгоор тус улсад айлчилж байна.
Цагаан ордонд болж буй дээд хэмжээний уулзалт өндөр түвшний хамгаалалт дунд өрнөж байгаа аж. Нетаньяху их танхимд Трамптай уулзах үеэрээ түүнийг хамгийн чадварлаг удирдагч гэж магтан, хоёр орны нөхөрлөл ямар ч сорилтыг давж чаддаг гэж сайшаасан байна. Трамп мөн адил Нетаньяхугийн засгийн газрын зорилгыг үнэлж буйгаа илэрхийлж, Газын зурвасын хүмүүнлэгийн журмаар сэргээн босгох ажилд туслах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Мөн тус хугацаанд палестинчуудыг өөр нутаг дэвсгэр лүү шилжүүлэх саналыг дахин тавьжээ. Тодруулбал, Газын зурвасыг сэргээн босгоход дор хаяж таван жил шаардлагатай гэж олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд үзэж байв.
Гэвч АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Вальц үүнийг үгүйсгэж хамгийн багадаа 10-15 жил зарцуулагдана гэж мэдэгдсэн юм.
Тиймээс эл хугацаанд палестинчуудыг нүүлгэн шилжүүлж, идэвхтэй тэсрэх бөмбөгийг устгах зэрэг цэвэрлэгээний ажлыг эхлүүлж Газын зурвасыг Ойрхи-Дорнодын Ривьера болгох саналыг Трампийн засаг захиргаа тавьж байжээ. Үүнийг тухайн үед Ойрхи-Дорнодын бусад улс орон эсэргүүцэж байсан бөгөөд дайнаас болж дүрвэсэн энгийн иргэд зөвхөн гэртээ харихыг хүсч байна зэргээр няцааж байлаа.
Трампийн уг саналыг Нетаньяху эергээр хүлээн авсан байна. Үүнээс гадна хоёр орны удирдагчид Ираны цөмийн хэлэлцээрийн талаар ярилцжээ. Тус улсын хувьд цөмийн зэвсгийг хараа хяналтгүй үйлдвэрлэснээс болж хориг арга хэмжээ хэд хэдэн удаа авхуулж байсан бөгөөд Израилийн мөнхийн дайсан юм. Трамп их танхим хэлсэн үгэндээ Иранд нэг ширхэг ч цөмийн зэвсэг байлгах ёсгүй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ түүний мэдэгдэл заналхийлсэн өнгө аястай байгаагүйг дурдах хэрэгтэй. Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ, "Би хориг арга хэмжээ авахыг үзэн яддаг. Надад маш олон Америк-Ираны иргэншилтэй найз байдаг учир тус улсыг амжилттай байгаасай гэж хүсч байна. Би Ираны ард түмэнтэй маш сайхан, бараг агуу гэж хэлж болохоор наймаа хийх боломжтой болмоор байна. Гэхдээ нэг асуудал нь гамшгийн нөхцөл байдал үүсгэх боломжтой заналхийлэл. Тэдэнд нэг ч цөмийн зэвсэг байж болохгүй.Хэрэв Тегеран ийм зэвсэгтэй болно гэж боддог бол маш харамсалтай хэрэг байх болно" гэжээ.
Нетаньяху эл үеэр Трампийн хэлсэн үг бүрийг анхааралтай сонсож байсан. Тэрбээр Трампийг үг хэлж дууссаны дараа түүнийг хайрцгаас гадуур сэтгэдэг хэмээн магтсан бөгөөд АНУ бол Израилийн хамгийн үнэнч, сайн анд нөхөр гэж магтсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, удирдагчид Газын зурвасын сэргээн босголтын талаар гол төлөв ярилцсан.
Тухайлбал, АНУ бүхэлдээ Газын зурвасыг түр хугацаанд мэдэлдээ авч, сэргээн босгох ажлыг эхлүүлэх сонирхолтой байгаа аж.
Трамп үүнийг Израиль-Палестины асуудал бус зөвхөн палестинчуудын ирээдүйг бодсон асуудал гэж тодорхойлж буй. Гэсэн хэдий ч НҮБ-д суугаа Израилийн төлөөлөгч Данни Данон уг төлөвлөгөө бүтэмжтэй байна гэдэгт эргэлзэж байна гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ, "Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн хоёрдугаар шат Катарын дэмжлэгтэйгээр энэ долоо хоногт эхэлнэ. Гэхдээ АНУ, Израиль хамтарч палестинчуудыг өөр бүс нутагт байршуулах төлөвлөгөө бүтэхгүй л болов уу. Учир нь Хамас одоо хүртэл Газад байрлаж байна. Тэд Газагийн эрхийг өөр улсад шилжүүлэхгүйн тулд дайныг дахин эхлүүлнэ. Израиль ч мөн ялгаагүй төлөвлөгөө нь бүтэхгүй бол дайрсан хэвээр байна" гэжээ. Түүнчлэн, АНУ-ын Ардчилсан намын эрх баригчид Газаг 10-15 жил мэдэлдээ авна гэх төлөвлөгөөг эсэргүүцэж байна.
Коннектикутын сенатор Крис Мерфи "X" дээр "Тэр /Трамп/ ухаанаа бүрэн алдсан юм байна. Тэгвэл надад хэлэх нэг мэдээ байна. Бид Газаг эзлэхгүй. Энэ мэт арга замаар хэвлэл мэдээллийг дэгсдүүлж, бодит асуудлаас иргэдийн анхаарлыг сарниулах гэж хичээж байгааг анзаарахгүй байна уу? Трамп хүн бүрийн анхаарлыг сарниулж, тэрбумтнууд жирийн иргэдийн халааснаас хулгай хийх боломжийг олгох гэж засгийн газрыг булаан авчээ" гэсэн байна. Мөн Калифорнийн конгрессын гишүүн Эрик Свалвелл "X" дээр "Хүлээгээрэй? АНУ Газыг эзлэх гэж байна уу? Бидэнд дахин эцэс төгсгөлгүй дайн хийхгүй гэж амласан. Гэхдээ миний тооцоолсноор бид Гринланд, Канад, Панамын суваг, одоо Газыг эзлэх болж байна уу?" гэжээ.
АНУ болон Израиль түншлэлээ магтан сайшааж, Трамп хэний ч санаанд оромгүй саналыг зарлаж байхад Сайдын Араб мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлд Палестины оролцоогүйгээр Израильтай харилцаа тогтоож, дэмжлэг үзүүлэхгүй болохоо албан ёсоор илэрхийлсэн байна.
Энэ байр суурь нь хатуу бөгөөд гуйвшгүй гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ дурдсан бөгөөд палестины тусгаар тогтнох хууль ёсны эрхийг олгохгүйгээр байнгын энх тайвныг бий болгох хэлэлцээр хэзээ ч бүтэхгүй гэжээ.
Трампийн анхны бүрэн эрхийн хугацаанд Израиль болон Арабын хэд хэдэн орны хооронд дипломат харилцаа тогтоосон Абрахамын хэлэлцээр бий болсон юм. Гэсэн хэдий ч Газын зурваст дайн гарч, уг хэлэлцээр цуцлагдсан билээ. Тиймдээ ч Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа хэлэлцээрийг дахин сэргээх найдлага тавьсан байв. Үүнээс гадна НҮБ-д суугаа Палестины элчин сайд Рияд Мансур АНУ Газын зурвасыг эзэлж, оршин суугчдыг нь нүүлгэх шилжүүлэх саналд хариулт өглөө.
Тэрбээр "Х" хуудаснаа, "Палестинчуудыг аз жаргалтай, сайхан газар илгээхийг хүсч байгаа хүмүүс тэгвэл анхны гэр орон байсан Израиль руу нь буцаана уу. Бидний эх орон бол бидний л эх орон. Тэд Газа, сургууль, эмнэлэг, дэд бүтцийг сэргээн босгохыг хүсч байна. Тэд өөрсдийн гэр орноо сэргээн босгоно. Тиймээс удирдагчид Палестины ард түмний хүслийг хүндэтгэнэ үү" гэв.
Энэ мэтчилэн Трамп, Нетаньяхугийн дээд хэмжээний уулзалтын эхний өдөр олон улсын үзэл бодлыг өдөөхүйц, тэмцэл үргэлжлэхүйц болж өнгөрлөө. Уг үйл ажиллагаа Нетаньяхуг хоёрдугаар сарын 8-нд нутаг буцах хүртэл үргэлжлэх аж. Тэр болтол хоёр орны удирдагч хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, түншлэлээ баталгаажуулах хэлэлцээрт гарын үсэг зурах төлөвтэй байна. Гэхдээ дотооддоо улс төрийн байр суурь нь ганхаж буй Нетаньяхуг Тель Авивын төв гудамжийг дүүргэх жагсагчид угтан авах бололтой.
Өбө 51 минутын өмнө 122.201.23.44
зөв. ядаргаа лалууд 100 аад жил израйлтай байлдлаа дандаа ялагдана
Нэргүй 1 цагийн өмнө 202.9.41.68
Галзуу зөнөг
иргэн 2 цагийн өмнө 103.212.117.76
палестинчууд хамасаас мөн израилыг устгана гэдэг үзлээсээ салах хэрэгтэй, энх тайвнаар израилтай зэрэгцэн оршиж амар амгалан улсаа цогцлоон бүтээх ёстой, тэгвэл дэлхий нийтээрээ дэмжиж сэргээн босгох ажил өрнөж 10 жилийн гайхалтай хөгжилтэй улс болж хувирна.
Зочин 2 цагийн өмнө 202.55.188.105
ЭНЭ ТРАМП, ПҮҮҮТЭН ГЭЖ ӨСӨХИЙН ӨЛӨН НЬ АРИЛААГҮЙ АМЬДААРАА ШУНАЛЫН ТУЛАМ, БИРД БОЛСОН УГААДСУУД БНА ӨӨ! К КК
Нэргүй 2 цагийн өмнө 210.148.94.144
Трамп л***р Путлерийг дуурайгаад уналаа
Хэлэлцээшүү 2 цагийн өмнө 66.181.177.16
ИСҮҮ сэтгүүлч хэлэлцээ, хэлэлцээрээ одоо болтол ялгаагүй байна уу? Газын асуудлаар албан ёсны ямар ч хэлэлцээр байгуулагдаагүй, Катарын зуучлалтай хэлэлцээ явагдаж байгаа шүү.