Грекийн Санторини аралд ойрхон зайтай 200 удаа газар хөдөлснийг бид саяхан мэдээлсэн. Тэгвэл сүүлийн 48 цагийн дотор бүс нутагт бүртгэгдсэн газар хөдлөлтийн тоо 300 давжээ. Мягмар гаригт л гэхэд 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн. Эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул Ням гаригаас хойш 9000 орчим хүн арлыг орхин дүрвээд байна.
Шинжээчдийн үзэж буйгаар газар хөдлөлтийн чичиргээ дахин долоо хоног үргэлжлэх магадлалтай.
Одоогоор томоохон хохирол учраагүй байгаа ч сургуулиудыг хаах, олон нийтийн цугларалтыг хориглох зэрэг арга хэмжээ авчээ. Иргэд хана, тааз нурах вий гэсэн айдастай байгаа тул машиндаа хоног төөрүүлж байна.
Санторини арал нь жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг газар боловч хоёрдугаар сар аялал жуулчлалын оргил улиралд тооцогддогүй. Тиймээс одоогоор арал дээр байгаа хүмүүсийн олонх нь нутгийн иргэд юм.
Мягмар гаригийн үүрээр олон 100 хүн гатлага онгоцонд сууж аюулгүй газрыг зорьжээ. Дүрвэгсдийн нэг нь ярихдаа “Бүх зүйл хаалттай. Арал бүхэлдээ хоосорсон” гэжээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр Ням гаригаас хойш 6000 орчим хүн гатлага онгоцоор арлаас явсан. Харин Даваа, Мягмар гаригт 2700 орчим хүн Афин руу онгоцоор нисчээ.
Хөрсний гулгалтын эрсдэл байгаа тул Аммоуди, Армени болон Хуучин Фира боомтуудыг орхин явахыг оршин суугчдад анхаарууллаа.
Холбоотой мэдээ