Сурвалжлага: Уурын зуухнаасаа салаагүй сургуульд тэд хичээллэж байна

Сурвалжлага: Уурын зуухнаасаа салаагүй сургуульд тэд хичээллэж байна

Сурвалжлага: Уурын зуухнаасаа салаагүй сургуульд тэд хичээллэж байна

Гадаа 18 хэм хүйтэн байгаа талаар сууж явсан машины дэлгэцэнд зааж байна. Хүрз хүрзээр нь нүүрс хутгаж, хоёр дугуй бүхий түрдэг жижиг тэргээр уурын зуух руу зөөх 30 гаруй насны эр ажилдаа үл түүртэх аж. Саравчтай малгай дээрээ, цамцныхаа юүдэнг давхарлан өмссөн тэрбээр “Сайн байна уу” гэхэд сая л биднийг анзаарч хийж байсан үйлдлээ түр зогсоон, танихгүй хүмүүс гэнэт харсандаа бантан, хацар дээрх нүүрсний толбоо гараараа шудраад хийж байсан ажлаа түр зогсоов.

Мөнөөх залуу Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газрын харьяа Дулааны Дамбадаржаа дэд төвийн галчаар ажилладаг юм байна. Засгийн газрын шийдвэрээр 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Гэхдээ энэ шийдвэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаардаггүй. Өөрөөр хэлбэл, тус дэд төв бол түүхий нүүрс хэрэглэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж гэнэ. Тиймээс сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтэрснээс хойш нийслэлийн иргэдийн хэрэглээнээс хасагдсан түүхий нүүрс энд тонн тонноороо хураалттай, хүрз хүрзээр нь хутгаж буй нь энэ.

НОЙТОН, ХУУРАЙ ШҮҮГЧ СУУЛГАСАН НЬ ТЕХНОЛОГИЙН ХУВЬД ДЭВШИЛ

Уурын зуухны нөхцөл байдалтай танилцаж, сурвалжлага бэлтгэхээр ирсэн гэдгээ учирлаад дотогшоо орлоо. Уурын зуухны үүдээр ороод баруун гар талд байрлах өрөөнөөс зорьсон хүнээ олж чадав. Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газрын харьяа Дулааны Дамбадаржаа дэд төвийн механикч Л.Цогтоо хэлэхдээ, манайх 10 гаруй байгууллага, 70 гаруй айл өрхийг дулаанаар хангаж байна. Хүйтний эрч чангарч байгаа учраас ойрын өдрүүдэд хоногт 12-13 тонн нүүрс түлж байна. Гадаа хүйтний эрч суларвал хоногт түлх нүүрсний хэмжээ буурч 10 орчим тоннд хүрдэг гэв. Тус дэд төвийн хувьд одоогийн байдлаар 6-7 хоногийн нөөц бүрдүүлсэн байна. Тус төв найман галч, нэг засварчих, механикч гэсэн хүний нөөцтэй.  “Сард гарсан гараа, илүү ажилласан цагаасаа хамаараад цалин хөлс өөр өөр тооцуулдаг бөгөөд холбогдох шимтгэл, суутгалаа хасаад дунджаар гар дээрээ 900 гаруй мянган төгрөг авдаг. Цалин бол боломжийн сайн” гэв. Тус дэд төвөөс СБД-ийн 15 хороо, 58 дугаар сургууль, өрхийн эмнэлэг, цэцэрлэг, гал унтраах анги гэх мэт 10 гаруй байгууллага, аж ахуйн нэгжүүд 2019 оноос хойш дулаанаа авч байгаа боловч өнгөрсөн хугацаанд ус, дулаан доголдсон талаар нэг ч удаа гомдол ирж байгаагүй. Хэдийгээр агаарын бохирдлыг бууруулах нэрээр түүхий нүүрсийг хэрэглээнээс хассан ч дэд төвүүдийн хувьд түүхий нүүүрсээ хэрэглэхээс өөр арга байхгүй. Уурын зуух байрладаг газар агаарын бохирдол ихтэй гэж ойлгох нь өрөөсгөл.

Тус дэд төвийн хувьд бүх зуухандаа утаа баригч суурилуулахаас гадна нойтон, хуурай шүүгч суулгасан нь технологийн хувьд дэвшил гарч уурын зуухнаас гарах агаарын бохирдлын хувь хэмжээ буурсан гэдгийг тодотгож байна. Өдөрт нойтон шүүгчээс 10 гаруй тэрэг  хаягдал гардаг байна. Хэрэв уг технологийг нэвтрүүлээгүй бол тэр хэмжээний бохирдол агаарт дэгдэх байсан гэдгийг онцолж байна. Шүүлтүүргүй бол тас хар утаа гардаг бол шүүлтүүртэй учраас цагаан өнгийн утаа ялгаруулдаг гэв.

Өдөрт тонн тоноор нь нүүрс түлж, дулаан ялгаруулах аварга том зуух руу өөр нэгэн галч хүрз хүрзээр нь нүүрс хийнэ. Түүний хийсэн хүрз нүүрсний араас хэсэг хугацааны дараас зуухны амнаас оч маналзан төөнө нь. Ийм халуун төөнүүрийн өөдөөс амны хаалт, хамгаалалтын хувцасгүй байгаа 50 гаруй насны эрийн нүүрий арьс бага зэргийн түлэгдсэн харагдана. Эргэн  тойронд гял цал зүйл огт алга. Харин бид хэрэглэгчидээ найдартай дулаанаар хангахын тулд ажлаа сэтгэлээсээ хийнэ. Бид хором ч анхаарал, сэрэмж алдаж болохгүй хариуцлагагтай ажил хийдэг хүмүүс. Бид галаа нэмэхгүй хойш суувал тэнд эмнэлэгт үзүүлж байгаа нярай, энд эрдэм ном сурах гэж байгаа сурагчид хэцүүднэ биз дээ гэсээр нүүрсний тортогт будагдсан царайдаа, инээмсэглэл тодруулсаар тэд үлдэв.

УУРЫН ЗУУХ БАЙГААГҮЙ БОЛ ЯМАР ОРЧИНД ХИЧЭЭЛЛЭХ БАЙСНАА ХЭЛЖ МЭДЭХГҮЙ БАЙНА

Улаанбаатар хотын 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашиглаж байна. Жишээ нь, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газрын харьяа Дулааны Дамбадаржаа дэд төвийн үйлдвэрлэсэн дулаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд орших Нийслэлийн Ерөнхий боловсролын 58 дугаар сургууль хангагдаж байна.  Тус сургуулийн үүдээр 15:30 цагт ороход жижүүр багш угтаж авав. Сургуулийн байр үнэхээр дулаахан гэдэг нь шорт, подволктойгоо биеийн тамирын хичээлдээ орохоор заал руугаа гүйлдэх хүүхдүүдээс тодорхой харагдаж байв.

Цаашлаад бид 6 дугаар ангийн … бүлэгт хичээл орж байгаа багшаас зөвшөөрөл авснаар дотогш оров. Тус ангийнхан нэгэн зэрэг босч “Та сайн байна уу. Сайхан амарсан уу” гэж мэндлэх нь цовоо цолгиун. Ангийн сурагчид бүгд цагаан цамцаа дангаар нь өмсөж, амны хаалт зүүсэн байв. Хамгийн ард байрлах өлгүүрт гадуур хувцасаа өлгөжээ.  Анги болон сургууль нь хэр дулаахан байдаг талаар хүүхдүүдийн сэтгэгдлийг сонсохоор болов. “Би, би” гэж уралдан гараа өргөцгөөнө.

Манай анги болон сургууль маш дулаахан. Бид заримдаа цонхоо онгойлгодог. Биднийг тав тухтай байлгадаг уурын зуухын ах нартаа баярлалаа.

-Сургууль дээрээ ирэх маш гоё. Би гэртээ байхаас илүү сургууль дээрээ байх дуртай. Эрдэм ном сурна. Найзуудтайгаа тоглох нь гоё байдаг. Гэр сургууль хоёрынхоо хооронд алхаад ирдэг болохоор заримдаа жаахан даардаг. Улаанбаатар тэр чигтээ л утаатай санагддаг.  Уурын зуухаар халдаг сургуульд сурдагтаа ичдэг, дулаахан байдагт нь баярладаг. Хэрэв энэ уурын зуухгүй бол бид ямар орчинд хичээл хийх байснаа мэдэхгүй байна..

Тус ангид математикийн хичээл орж байсан  Ч.Батцэцэг багшийн хувьд энэ сургуульдаа 10 гаруй жил багшилсан байна. "Хүүхдүүдийн өссөн орчин, амьдарлын чанар өөр өөр байдаг. Харилцан адилгүй орчин нөхцөлөөс ирсэн ч сургууль дээрээ байх хугацаанд бүгд адил тэгш тав тухтай орчноор хангагддаг. Тав тухтай орчин хүүхдүүдийн анхаарал төвлөрөл, сурах идэвхид сайнаар нөлөөлдөг. Ер нь цаашид боломжтой бол бүхий л сургуулиа цахилгаан халаагуурт шилжүүлж, төвийн нэгдсэн системтэй болгох гэх мэт арга хэмжээ авах ёстой” гэхчилэн ам уралдан буу халцгаана.

АЙМГААСАА ДОР ХӨГЖИЛТЭЙ БАЙГАА ХОРОО ДҮҮРГЭЭ ХӨГЖҮҮЛ

Хүүхдүүдийн хичээл тарах цаг нэгэнт  болжээ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуулиас нь авахаар ирж. Тэдний малгай, бээлий, ороолтыг сайтар баглаад гэрийн зүг явж байна. Иргэн Г-ийн бага насны хоёр хүүхэд нь тус сургуульд суралцдаг гэв.  "Харин цаашид хотын удирдлагууд хотын төвөө биш алслагдсан дүүрэг, хороогоо хөгжүүлэхэд анхаармаар байна. Энд ч бас хотын нэг хэсэг оршдог, амьдардаг. Үнэндээ 21 дүгээр зуунд Монгол Улсын нийслэл Улаанбаатарын хөгжлийг том зургаар нь харвал хотын төвдөө л хэдэн орон сууц, шилэн барилга шамбааралдуулаад барьчихсан байна. Хамгийн гол нь дэд бүтцийнхээ суурийг тэлээгүй учраас төв рүүгээ шаваад байгаа юм шүү дээ. Хотын захын бид хөгжлөөс хоцрогдсон, орхигдсон. Нүүрс түлдэг ч уурын зуухтай байгаа нь яамай. Гэтэл энд утаатай уурын зуухнаасаа салаагүй байхад тэнд метро барьж, дүүжин тээвэр байгуулах гэдэг амьдралаас тасарчихсан сонсогдож байна.  Бид ч бас амьдарч байгаа газартаа сайхан амьдармаар байна. Хананаасаа халуун ус гоожуулаад, нүүрсний хэрэглээнээс татгалзаж амьдармаар байна. Татвар төлөгчдийн мөнгийг зөвхөн хотын төвд зарцуулах биш зах руугаа тэлэх бодлого явуул. Аймгуудыг хөгжүүлнэ гээд гоё гоё юм ярих юм. Аймгаасаа дор хөгжилтэй байгаа хороо дүүргээ хөгжүүл. Хүүхдүүд уурын зуухаар халдаг биш утаа гаргадаггүй хаалаалтын системтэй, эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, амьдрах боломж байсан. Гэтэл уурын зуухаа боловсролын байгууллагатайгаа тулгаж барьчихаад дэлхийн хөгжил, дэлхийн боловсрол, шинжлэх ухааны хөгжил ярих нь гутамшиг" гэв.

Ямартай ч иргэд нь Засгийн газрын шийдвэрийн дагуу түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзсан ч түүхий нүүрснээс  татгалзах төрийн бодлого түүхий байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-05 202.131.234.123

муудсан юм л алга байна даг сүрчигнээд байх юм аа.

Avatar

засаг тарсан нь дээр 2025-02-05 66.181.161.84

энэ засаг тарсан нт дээр дээ . одоо хангалтттай

Avatar

Зочин 2025-02-05 103.212.118.21

уурын зуухнуудаа цөөлөөчээ хотын даргаа бид ер нь хэддүгээр зуунд амьдраад бнаа

Avatar

Нэргүй 2025-02-05 202.70.43.34

Хүн одоо цагтаа төвлөр гэж аугаа мэргэд айлдсан. Монгол улс Туулах ёстойгоо туулж байгаа нь энэ бхдооо………………

Avatar

Мананхүн 2025-02-05 202.9.47.45

тэр уурын зуухны галч гачгаар нь манай данхан толгойт ерөнкий сайд биш биз таминь

Avatar

Нэргүй 2025-02-05 103.57.95.23

уурын зуух гэж уур гаргах зориулалттай зуухыг хэлдэг юм. манайхан хар ярианд буруу нэрлэнэ. Тэрийг нь боловсролгүй сэтгүүлч нь шууд хэрэглэнэ. энэ бол усан халаалтын зуух юм. Бүр тодруулбал халаалтын хатуу түлшний зуух. гэхдээ зуунаас гадна бусад тоноглолууд байж байж хэвийн ажиллана. тэгэхээр зүгээр дулааны төв гэж нэрлэхэд болно. Манайд техник технологи үйлдвэрлэл хөгжөөгүй болохоор нарийн нэршил ялгааг мэддэггүй. Радиаторыг Паар дулаан солилцуурыг бойлуур гэж холион бантан хутгана

Avatar

Нэргүй 2025-02-05 43.242.243.133

good

Avatar

Уншигч 2025-02-05 66.181.185.97

бичсэн материалаа дахин уншиж хянадаггүй юмуу Дамбадаржаагаас Хан уул дүүргийн сургуулийг халааж бна ч гэх шиг солиотой хүний яриа шиг

Avatar

Нэргүй 2025-02-05 188.162.254.53

улныхан бол ойлгочих байх,учир нь хаана амьдарч байгаагаа мэдэх болохоороо. Харин бусад нь яадаг юм ?!

Avatar

Нэргүй 2025-02-05 66.181.181.187

хаха тийм байна. тэц4 цаашаа дулааны төв байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж